• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ядамсүрэн: Түүхийрсэн түүхийг болгох талаас нь харахыг хүсдэг

Д.Цэрэннадмид
2015 оны 6 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг

Архангай аймгийн Цэцэрлэг хотын оршин суугч, өндөр настан Т.Ядамсүрэн гуайтай уулзлаа. Энэ хүн түүх, судар сонирхон уншиж судалгаа хийдэг төдийгүй ардын эмнэлгийн талаар олон талын мэдлэгтэй хүн юм билээ. Түүнээс үг дуулах, дуулснаасаа сурах юм их ажээ.

-Таныг аймгийнхаа түүхийг шинэчилж бичихээр зорилго тавьсан хүн гэдгийг дуулсан юм. Тэгээд л зорьж ирлээ?

-Намайг нэг л юм зовоогоод байдаг байлаа. Энэ нь аймаг орны маань эрт үеийн түүхийн буруудал л даа. Улсын төв архив, Тагнуулын газрынх гээд архив бүрт суулаа ах нь.

Тэгснээр түүхийг Манжийн үеэс эхлээд үзлээ. Тодруулбал, Долнуурын чуулган гэж байх тэр цагаас юм. Тэр дотор манай Архангай аймаг чинь Далай Чойнхор вангийн хошуу гэж байх тэр цагт эхлээд оршин тогтносон юм билээ шүү дээ.

Тухайн үед ЭрдэнэЗаябандид гэгээний шавь хошууны хурал, тамгын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан байгаа юм. Тэгэхлээр Цэцэрлэг  Мандалын аймаг гэдэг чинь аль эрт байгуулагджээ дээ. Аймгийн түүхийг эндээс л авч үзэх учиртай гэж би хэлээд байдаг хүн. Гэтэл огт буруу юм түүх гэж бичигдсэн байгаа.

Мажигсүрэн, Балжинням нарын бичсэн түүх арай дөнгүүр. Гэхдээ судалгааг  нь дориухан хийсэн мөртлөө бичсэн юм нь буруу. Сүүлийн үеийн гаргасан аймгийн түүх гээч бүр хөгийн юм бий. Нэг л олон хэрэгтэй, хэрэггүй зургийн цуглуулга орчихсон. Тиймийн учир аймгийн түүх гэж бичигдсэн зүйлд залруулга болгож шинээр жинхэнэ түүхийн үнэнд тулгуурласан юм хийж үлдээх санаатай байгаа юм даа миний хувьд. 

Ер нь тэгээд Монголын төр хэзээ бий болсон юм бэ гэдгийг авч үзвэл өөр хэрэг. Харин аймгийн түүхийг бол хошууны хурал бий болсноос эхлэх нь зөв санагддаг.

Үүнийг би зүгээр нэг төсөөлж хэлж байгаа юм биш. Эрдэнэзуу бандид гэгээний шавь хошууны хурал хэдийд байгуулагдаж ямар бүтэцтэй ажиллаж байсан тухай архивын баримтууд энэ байна /Нимгэн цаасан дээр уйгаржин бичгээр үйлдэж үлдээсэн бичгүүд дэлгэж харуулав. Бүгд улаан тамгатай архиваас авсан хуулбарууд/ гэж үзүүллээ.

-Тэр хошуу бай­гуу­лагдах үеийн тухай жаахан тодруулж ярина уу?

-Хошуу байгуулагдах үеийн дүрмүүд хүртэл одоо миний гарт байна. Архиваас авснаараа тэр дүрмээр арван гэр хуралдаад багийн хуралд очих төлөөлөгчөө сонгодог.

Энэ мэтээр багаас сумын хуралд, сумаас хошууны хуралд суух төлөөлөгчөө сонгох жишээтэй. Тэгвэл хэн хэн хуралд суув, хэн хурлыг даргалав гэдэг нь хүртэл архивт байж л байна.

Архиваас авснаараа тэр дүрмээр арван гэр хуралдаад багийн хуралд очих төлөөлөгчөө сонгодог.

Ингээд үзэхлээр энэ Цэцэрлэг Мандалын айм­гийн төлөөлөгчид чинь хошуудын хур­лаас сонгогдож байж. Тэд хуралдаад аймгаа байгуулж даргаа сонгодог байжээ. Тэр нь ардчилалтай гэж юүхэв. Энэ бүхнийг үзээд байхаар бас зарим сум аймгаасаа өмнө байгуулагдсан баримт  харагдаж байгаа юм.

-Та аймаг, сумууд 80, 90 жилийн ойгоо сая л тэмдэглэж л байна. Үүнийг буруу гэж хэлэх нь ээ дээ?

-Буруу байлгүй яахав. Үүнийг залруулаа­ч ээ гэхэд өнөөгийнхөн тоохгүй юм. Тоохгүй байгааг ч буруутгаад нэмэргүй юм шиг. Яагаад гэхээр социализмын үед түүхийг дэндүү ангич, намч чанартай бичээд түүгээр өнөө үеийнхнийг сургачихсанд учир байна аа.

-Ер нь Монголын түүх тэр ангич, намч хандлагаас болоод бүхэлдээ түүхийрсэн нь нэг үнэн биз дээ?

-Тийм л дээ. Гэхдээ түүхийн тэр түүхийрлийг болгоох талаас нь харах хэрэгтэй юм. Түүний төлөө би ная илүү насыг насласан хөгшин хүн гэлгүй зүтгэж, архивын шарласан хуудас эргүүлж, олон баримт үзэж цуглуулж яваа юм. Би жинхэнэ түүх хэлье л дээ.

Тухайн үеийн аймаг, хошууны засаг захиргаа байгуулагдах үед удирдаж байсан хүмүүс нь лам, тайж язгууртнууд байв. Тиймээс ангич, намч  гэдэг социализмын үеийн “заазуур”-аар феодлын үеийн гээд түүхээс хасчихсан. Тухайлбал Эрдэнэбулган уулын хошууны нэг хурал нь Заяын хүрээний лам нараас бүрдсэн байжээ. Лам нар төрийн ажлыг хийдэг байсан юм билээ шүү дээ. Дулаанханы хошуу гэж байхад олон сум байгуулагдсан. Тэгвэл тэр сумд өнөөдөр 80, 90 жилийн ой гэж тэмдэглэж байх учиргүй юм. Буруу байна.

Архангай аймгийн түүх ч гэсэн Заяын хүрээнд аймгийн засаг захиргаа байгуулагдаж мөн лам нар удирдлагаар  нь ажиллаж байсан үеэс эхтэй гэж болно.

Эрдэнэшанзавын яаманд Тамгын газар байгуулагдаж, мөн тэнд ажилладаг лам нараас намын их хуралд төлөөлөгч сонгож байж.  Тэгэхээр лам нар намын гишүүн болчихож байсан сонин түүх бас байна. Тэгэхээр Монголд нам 1921 онд байгуулагдсан гээд байдгийг ч эргэж хармаар байгаа юм.

-Ер нь аймгуудын түүх бичвэрийг харахад нэг л хэвийн төрх харагддаг. Эхлэл нь гэвэл Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Архангай аймаг 19.. онд тэнд сууршьжээ гээд л...?

-Яг тийм. Дараа нь тийм хэмжээний газар нутаг, төдөн малтай, төдөн сумтай гэх. Энэ л түүх юм шиг харагддаг. Тэгвэл манай Архангайн түүхэнд гэхэд баруунтан, зүүнтний үе, хоршоо, комууны асуудал, өмч хөрөнгө хураасан үйл явдал, лам нарын бослого, хөдөлгөөн гээд олон зүйлийг орхигдуулдаг.

Хошуу  байгуулагдаж байх үед эдийн засгийг хөтөлж, удирдаж байсан сайн арга барил ч их байж. 

Хошуу  байгуулагдаж байх үед эдийн засгийг хөтөлж, удирдаж байсан сайн арга барил ч их байж. Өр зээл бараг байсангүй. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд аймгийн засаг захиргаа, Тамгын газар Заяын хүрээнд анх бий болж байснаас үзэхэд Архангай анхдагч аймаг байх үндэслэл бий юм. Тэр хошууд чинь 1600-гаад оны сүүлч 1700-гаад оны эхээр байгуулагдсан юм билээ шүү дээ.

Тийм болохоор миний бодлоор аймгууд 90-хэн биш “өндөр настай” гэж л хэлэх гээд байгаа юм. Аймаг гурав, дөрвөн жилийн өмнө 90 жилээ гэж тэмдэглэв. Тэгсэн түүнээс хоёр жилийн  дараа Батцэнгэл, Хайрхан сум ерэн жил гээд наадамлав даа. Архивын баримтаас үзэхэд тэдгээр сумд аймгаас өмнө бий болсон харагддаг юм.

-Одоогийн аймгийн төв байгаа энэ газар Заяын хүрээ гэж асар том байгууламж байсан юм гэдэг?

-Тэгэлгүй яахав. Заяын хүрээ гэж 30-40 сайхан сүм, дуган байжээ. Одоо  юу ч алга. Манайхан түүхийг арчиж хаядаг шигээ бодитойгоор байгааг хүртэл нурааж устгахдаа гарамгай юм. Заяын хүрээний тухайн үеийн зураг тагнуулын архивт байна. Нэгэн үед нууцын зэрэглэлтэй байсан шиг юм билээ. Би ер нь энэ бүхнийг хүний ам дамжсан яриа, хэн нэгний бичсэн зүйлээс авч яриагүй шүү. Дан архивын баримт материалаас үндэслээд хэллээ.

-Одоо хоёул сэдвээ өөрчилж танд тохиолдсон элэгний хавдар өвчин яагаад эдгэрсэн тухай сонирхъё гэж бодлоо?

-Би элэгний хорт хавдар гэдэг өвчин тусаад хэвтэрт орж үзлээ. Хоол, ундаасаа гараад үхэх тухай л боддог байлаа нэг үе. Миний анх авахуулсан элэгний маань зураг энэ байна. Есөн см шахам хавдартай гэж байгаа.

Хавдрын төвд очлоо. Хагалгаа хийж болохгүй. Судсыг нь бөглөхөөс өөр эмчилгээгүй гэлээ. Сонгодо билүү тэр эмнэлэгт очсон чинь хавдрыг өсгөхгүй хориглож болно. Бас хавдрыг тараана гэх мэт хэдэн хачин онош хэлэв. Яалтгүй их хавдартай юм аа. Гэхдээ би тэр эмчилгээг алийг нь ч хийлгээгүй дээ.

-Тэгээд яаж эдгэсэн юм бэ?

-Би бодлоо. Өөрөө юуны төлөө монгол эм тан барих олон судар цуглууллаа, үзэж дуулсан юм ч их байна. Үүндээ эрдээд 4-5 төрлийн тан өөрөө бүтээлээ. Хүдрийн заартай тангаа өөрөө ууж туршсан. Ердөө хоёр хоног уугаад л хор нь гадагшилж байсан нь тэр болов уу пад хар юм гараад эхэлсэн. Тэгээд маргааш нөгөөдрөөс нь яах аргагүй өлссөн.

Удалгүй хоол, ундаа иддэг, уудаг болов. Үнэн байна аа. Бас нэг хятад эмчээс тариа авч хэрэглэлээ. Ингэж үзэлцсээр байтал саяхан элэгнийхээ зургийг авахуулсан чинь хавдар нь нойль болсон байдаг юм. Товчхон хэлэхэд тэр хорт хавдар гэдэг өвчнийг ингэж ялсан даа. Одоо тэгээд би хорвоог орхих болоогүй юм байна гэж бодоод судар бичиг, үүх түүхийн номуудаа эргүүлж тойруулж сууна.

-Та тан барих арга зүйг зөвхөн ном судраас л сурсан хэрэг үү?

-Удмын жаахан юм байж уу дээ гэж боддог. Миний авга ах Баатар гэж том маарамба хүн байсан. Түүний эмийн судар надад уламжилж ирсэн юм. Бас түвд, хятад эм, тангийн жорын ном олон бий. Монгол бичгийг ч тэр ахаасаа сурсан.

-Өөрөө ямар сургууль, ном дүүргэсэн хүн бэ?

-Офицерийн сургуульд байлаа. Хожим нь удирдах ажилтны институтэд суралцсан. Ер нь шинжлэх ухааны онол, эх зохиол мэтийг бие дааж л үзлээ. Нам, төрийн ажилд л насаараа зүтгэсэн. Харин юм бичих арга дүйг зохиолч Ц.Уламбаяр, Д.Мягмар нарын удирдаж байсан дугуйланд явж байж олж авсан. Зохиолч болоогүй ч бичих, боловсруулах талын их юм сурсан тэр том хүмүүсээс.

-Та нэг Хятад эмчээс тариа авч хэрэглэсэн гэлээ. Тэр хүний тухай ярина уу?

-Тэр Хятад эмч бол эмчлэх эрх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүн юм байна. Даанч манайхан эмнэлгийг нь татан буулгачихсан байдаг. Тэгээгүй бол түмэнд тустай байхгүй юу.

-Яагаад татан буулгасан юм бол...?

-Манайхан хойно доо. Тамын тогооны үлгэрийг үзүүлж байхгүй юу. Сайн муу эмч нар бүгд хувийн эмнэлэгтэй шүү дээ. Гэтэл нөгөө хятад эмчийн эмнэлэг өөрсдийнхөөс нь илүү байхгүй юу. Тэгэхээр хуйвалдаад худал үнэн ярьж байгаад эмнэлгийг нь хаалгасан хэрэг. Өөрийнх нь эмчилж чадахгүй өвчнийг тэр эмч эмчлээд байсан хэрэг. Муухай л юм даа.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.87.31] 2017/9/26
ЭНЭ ХҮНТЭЙ МАШ ЯАРАЛТАЙ ХОЛБОГДМООР БАЙНА. ЯАЖ ХОЛБОГДОХ ВЭ?
17 | 0 Хариулах
Шаравсамбуу.Б [202.9.42.2] 2016/4/30
Өөрийгөө төгс ялж гэгээрсэн агуу хүн. Ийм хүн өнөө цагт ховорджээ. Байгаа ганц нэгнийг төр засгаас ивээлдээ авч зориуд харж үзэж эрдэм мэдлэгийг нь авч үлдэх ёстой. Зөвхөн хавдартай элгээ эдгээсэн тэр хэдэн тан гэхэд л гайхамшигтай ...... Эрүүл байж урт наслахыг ерөөе
0 | 0 Хариулах
Зочин [220.244.15.55] 2015/6/28
Saihan zuil hiij bgaa yum bna. Amjilt husie tand!
0 | 0 Хариулах