Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тамхи хамжааргагүй болж байна

Р.Саруул
2015 оны 6 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг

Дэлхий нийтээрээ “Цагаан тахал” гэж нэрлэдэг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг өдрөөс өдөрт газар авч байна. 

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 133 хэрэгт 480 гаруй хүн холбогдсон нь энэ төрлийн гэмт хэрэг 4,6 дахин өссөн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хүүхэд залуус хар тамхи хэрэглэх, борлуулах энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдах, шүүхээс ял шийтгүүлэх зэрэг тохиолдол гарсаар байгаа нь олон хүнийг айдаст автуулж эхлээд байна.

Үүний нотолгоо нь өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд хар тамхи борлуулсан, хадгалсан гэх 10 гаруй гэмт хэргийг илрүүлж, 20 гаруй хүнийг холбогдуулан шалгаж өдгөө цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.

Тэдгээр сэжигтнүүдийн дотор хар тамхи үйлдвэрлэж байсан этгээдүүд байгаа нь ч эхнээсээ илэрсэн гэнэ. 

Тэдгээр сэжигтнүүдийн дотор хар тамхи үйлдвэрлэж байсан этгээдүүд байгаа нь ч эхнээсээ илэрсэн гэнэ. 

Хар тамхи үйлдвэрлэгч этгээдүүд гадаадын иргэнтэй хамтран жижиг үйлдвэрийн цехдээ хар тамхины төрлийн гашиш болон каннабисын давирхайг ялган авч, нунтаглах аргаар боловсруулан баримлын шавар мэт болгон бэлддэг байж.

Хамгийн асуудалтай нь энэ гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, ихэнх тохиолдолд нуугдмал гэмт хэрэг байдаг учир илрүүлэлтийн хувийг ярих боломжгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна. 

Гэхдээ манай цагдаагийнхан энэхүү хэрэг дээр 2009 оноос уйгагүй ажилласны хүчинд олон хүнийг энэхүү аюулаас хамгаалж чадсан ч энэ төрлийн гэмт хэрэг улам лавширч, сүлжээ болон илрүүлэхэд нэн түвэгтэй болсон тухайг ч тэд онцлон тэмдэглэж байна. 

Товчхондоо Монгол Улсын хэмжээнд мэдэгдэж бүртгэгдсэнээр 400 гаруй хар тамхины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгч залуус байдаг гэнэ. Үүний цаана 40 орчим залуус нууц байдалтайгаар амьдарч байгааг ч судлаачид олж тогтоосон байна. Тиймээс арай ядан гурван сая даваад буй монголчууд бидний хувьд энэ асуудал хурцаар тавигдаж ээж, аавууд үр хүүхдээ хар тамхинд автчих вий гэх айдастай амьдардаг болоод байгаа. 

Хар тамхи хэрэглэгчдийн байр байдлыг судлаачид дүгнэхдээ, чинээлэг бололцоотой айлын хүүхдүүд, олны танил урлаг соёлын одод нэлээд хэсгийг нь эзэлж байгаа гэсэн.

Тодруулбал, өнгөрсөн сарын 27-ны өдөр "Ice top" хамтлагийн дуучин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэргээр ял ногдуулсан. Энэ мэтчилэнгээр олны танил эрхмүүдийн нэр ар, араасаа зурайтал бичигдсээр байна.

Өөрөөр хэлбэл, хар тамхи борлуулагчид хөрөнгө мөнгөтэй айлын хүүхдүүдийг овоо хараандаа авч тэднийг байнгын хэрэглэгчээ болгодог ажээ. Тухайлбал, нэг хар тамхичин жилдээ дунджаар 30-40 сая төгрөгийг хар тамхиндаа зарцуулдаг гэсэн баримт байдаг. Мэдээж энэ их мөнгөнийг жирийн нэг Дорж, Дулмаа нарын хүүхдүүд хүчрэхгүй нь ойлгомжтой.

Энэ мэт мөнгөтэй айлын хүүхдүүдийг урхиндаа оруулж, тэдний ойр тойрны дотны найз нөхдийг нь ч энэхүү гэмт хэргийн золиос болгосоор байгаа нь харамсалтай. 

Хар тамхи борлуулагчид хөрөнгө мөнгөтэй айлын хүүхдүүдийг овоо хараандаа авч тэднийг байнгын хэрэглэгчээ болгодог.

Уг нь 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хар тамхины хэргээр шүүхээс ял сонссон этгээдэд Монгол Улсын төрөөс өршөөл үзүүлэхгүй. Хөрөнгө мөнгөтэй, ядуу гуйлгачин, дуучин, жүжигчин, мэргэлдэг, настай, залуу хэн ч байсан хар тамхины хэрэгт орооцолдсон бол өршөөл байхгүй.

Цаашид бид Эрүүгийн хуульд өршөөлд хамрагддаггүй заалт оруулна. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар нэг ч уучлал үзүүлэхгүй. Яг хүн алсан хүнтэй адилхан жигшиж, ялыг нь дуустал эдлүүлнэ. Энэ тухай ял эдлүүлдэг манай шүүх прокурорын байгууллага энэ талаар чиглэл авч байна гэж ойлгоорой.

Хар тамхитай орооцолдсон бол ямар нэгэн энэрэл байхгүй. Чиний зөөвөрлөн авч ирсэн, өөрийн чинь тараасан хар тамхины цаана хэдэн арван гэр бүл сүйрч байгаа. Ийм байдал руу бид оруулахгүй. Бид ийм бодлого барина. Хар тамхинаас ашиг олдог гэсэн эндүүрэл байдаг. 

Ашиг гэдэг бол нийгмийн сайн сайхныг бүтээдэг зүйл. Байшин барьж байгаа, хувцас оёж байгаа, цагаан идээ үйлдвэрлэж байгаа бол нийгмийн сайн сайхны төлөө бизнес хийж буй ашиг. Гэтэл хүний зовлонгоор ашиг олно гэж байж болохгүй зүйл шүү дээ. Хар тамхиар ашиг хийж байгаа хүн заавал баригдана. Зовлон нь хар мөртэй учраас тэр.

Хар тамхинаас болоод хүн үхэж, гэмт хэрэгт орсон бол түүгээр дамжаад нөгөөх эзэн нь заавал баригддаг. Ихэнх нь энэ гэмт хэргийг баригдахгүй гэж бодож “ашиг” гэж олж хардаг байх. “Нэг удаа оролцоод би мөнгө хийсэн одоо намайг олохгүй” гэж бодож байгаа бол битгий эндүүрээрэй. Тийм учраас хар тамхинаас ашиг олох тухай ойлголт байхгүй. Хүний зовлонгоор амьдралыг нь сүйрүүлж хүний эрүүл мэндийг сүйрүүлж “ашиг хийнэ” гэдэг ойлголт байхгүй.

Хар тамхины гэмт хэрэгтэн заавал баригдана. Өөрийн чинь мөрийг өөр хүн гаргаад явж байгаа. Чи бол үхэл тээсэн мөртэй явж байгаа этгээд. Тийм учраас энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, орооцолдсон этгээдийг бид олох л болно, чамтай заавал хариуцлага тооцно. Нэг өдөр өөрийн чинь дээр хуулийн заазуур ирэх болно” хэмээж байсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн хэлсэн энэ үг өнөө хэр нь биеллээ олж чадаагүй нь харамсалтай. 

Уг нь бид энэ төрлийн гэмт хэргийн Эрүүгийн хуулийн заалтаа чангатгах юм бол хар тамхи хэрэглэсэн, хэрэглэхийг завдсан этгээдүүд хуулийн гадна үлдэж чадахгүй байх дүр зураг харагдаж байгаа юм. Тэгэхээр залуусаа, хар тамхи гээч аюул таны удмын санд муугаар нөлөөлж, үр удмыг чинь устгаж байна гэдгийг ухаарах цаг болжээ.

Зураг