Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэх байгууламж аэротенк болон анхдагч тунгаагуурын бетон хийцэд цууралт, элэгдэл үүссэний улмаас аваарын нөхцөлд ажиллаж байгаа билээ.
Үүнтэй холбоотой Ус Сувгийн Удирдах Газраас тус байгууламжийн засварыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй гэсэн хүсэлтийг Нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн.
Тэгвэл Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Төв цэвэрлэх байгууламжийг засварыг энэ сарын дундуур хийх шийдвэр гаргасан байна.
Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадрал өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Энэ сонголтыг хэр зэрэг биелүүлэх нь ард иргэд, аж ахуй нэгжүүдээс шалтгаална. Ерөнхийдөө бид энэ засварыг хийж л таарна. Туул гол руу их хэмжээний бохир ус асгах гээд байгаа юм биш. Болж өгвөл усны хязгаарлалтыг бага зэрэг хийнэ” гэв.
Төв цэвэрлэх байгууламжийн энэ удаагийн засварын өртөг нь 40-50 сая төгрөг болох бөгөөд төсөв нь УСУГ-аас гарна, мөн цаашид урсгал засвар гэлтгүй ерөнхийд нь шинэчлэх шаардлагатай болсон гэдгийг тус байгууламжийн удирдлагууд мэдэгдэж байсан юм.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороо, Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал жуулчлалын яам хамтран “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд 900 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг холбогдох албаныхан хэлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!