Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны ээлжит бус Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр Төв аймаг дахь шигшээ багийн бэлтгэлийн баазад болсон юм.
Гүйцэтгэх зөвлөлийн хуралд холбооны тэргүүн М.Болд, Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн А.Ганбаатар тэргүүтэй хүмүүс оролцсон байна. Энэ үеэр зарим нэг шийдвэрийг гаргасны нэг нь МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадоржийг ажлаас халсан байна.
Мөн Дэд нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, Санхүүгийн албаны даргаар С.Монголжингоо өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм.
Ойрын үед цахим орчноор Төв аймаг дахь шигшээ багийн бэлтгэлийн баазыг барьцаанд тавьсан асуудал сөхөгдөх болсон юм. Тодруулбал https://egazar.gov.mn/ цахим хуудсаар 4109056340 нэгж талбарын дугаараар хайж үзэхэд бэлтгэлийн баазын барьцааны төлөв нь барьцаалсан болохыг харж болно.
Тэгвэл уг бэлтгэлийн баазыг Голомт банканд ₮500 сая төгрөгөөр барьцаалсан нь үнэн болохыг Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр гишүүд нь хүлээн зөвшөөрчээ.
Уг нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ноос хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг барьцаалахыг хориглосон заалт байдаг аж.
FIFA Forward Development Programme (Forward 3.0) журам
8-р бүлэг. Гишүүн холбоод болон тивийн холбоодын үүрэг
Forward хөтөлбөрийн сангаас хөрөнгө авсан аливаа гишүүн холбоо эсвэл тивийн холбоо нь дараах үүргийг хүлээнэ:
m. Forward хөтөлбөрийн хөрөнгөөр бий болгосон эд хөрөнгийг санхүүгийн байгууллага буюу бусад этгээд/хүний өмнө зээлийн баталгаа болгон барьцаалах, эсвэл Forward хөтөлбөрийн хөрөнгийг санхүүгийн байгууллага болон бусад этгээд/хүний олгосон зээлийн төлбөрт ашиглахаас татгалзах. Энэхүү үүрэг нь FIFA-гаас олгогдсон эсвэл FIFA-гаар баталгаажуулсан зээлд хамаарахгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!