УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.22/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Төсвийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилохоор заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30.1.1 дэх заалтад “... Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, ... гишүүний албан тушаалд томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол;”-ыг санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол явуулахаар заасныг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129-133 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30, 31 дүгээр зүйл, Нийтийн сонсголын тухай хуульд заасан үндэслэл, журам, дэгийг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг Төсвийн байнгын хороо дараах үе шаттайгаар зохион байгуулсан гэлээ.
Төсвийн байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвших хүсэлтийг Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, загварын дагуу ирүүлэхээр мэдээллийн хэрэгслүүдээр нээлттэй мэдээлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 26-30-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд цахимаар болон бичгээр хүлээн авсан. Энэ хугацаанд хуульд заасан шаардлагын дагуу дөрвөн нэр дэвшигч хүсэлт, материалаа ирүүлж бүртгүүлсэн. Байнгын хорооны 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар иргэн Ц.Бархасыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжжээ.
Нэр дэвшигч Цолмонгийн Бархас нь нэр дэвших хүсэлтдээ санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, зах зээлд оролцогчдод тэгш боломж олгох замаар санхүүгийн зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэх, санхүүгийн инновац, технологийг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлэх талаар тусгасан байна.
СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу мөн өдрийн 12:00 цагт сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргажээ.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, З.Мэндсайхан, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Г.Ганбаатар, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс нэр дэвшигчид хандан тус албан тушаалд томилогдон ажиллахаар болсон нөхцөлд цахим тоглоомын үйл ажиллагааг цэгцлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх мэдээллийн давуу байдлаа ашиглан шийдвэр гаргахгүйгээр ил тод, засаглалыг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарч ажиллахыг захиж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар уг албан тушаалд нэр дэвших хүсэлтийн талаарх зарыг хэчнээн байгууллагын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн талаар, нэг байгууллага руу Байнгын хороо бүрээс хүмүүс нэр дэвшүүлж буй нь эцэстээ хуулийн зөрчил үүсгэх эсэх, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан ашиг сонирхлын зөрчлийн талаар болон цахим зээлийн үйлчилгээний талаар ямар байр суурь баримталдаг талаар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нэр дэвшигч эл албан тушаалд томилогдон ажиллаж буй хугацаандаа эл салбарын үйл ажиллагаанд оролцож орлого олохгүй гэж ойлгох нь зөв эсэх, койнтой холбоотойгоор бодлого, зохицуулалт хийхээр төлөвлөсөн зүйл байгаа эсэхийг лавлаж байлаа.
Эцэст нь нэр дэвшигч Ц.Бархасыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд томилохыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Гэхдээ байнгын хороогоор хэлэлцсэн уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, эцэслэн санал хураалт явуулах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!