Индэр    
1 цаг 39 минутын өмнө
Зураг
Эдийн засагч, шинжээч

2025 онд орлогоо өсгөх боломж

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дүгнэлтээрээ эхэлчихье.

  • Бүтээмжээ өсгөх, өөрийнхөө чиглэлдээ мэргэших нь орлогоо огцом өсгөх арга юм.
  • Түрээс багахан хувь нь энэ орлогыг ашигладаг
  • Халтуур (Hustle) богинодоо хэрэгтэй ч уртдаа сөрөг
  • Бондын өгөөжөөс орох орлого
  • Хувьцааны ногдол ашгийн орлого
  • Бизнесийн орлого

Яагаад гэдгийг дэлгэрүүлж уншаарай.

Бүтээмжээ өсгөх замаар орлогоо нэмэх

Бүтээмж гэхээр өдөр, шөнөгүй ажиллах тухай бодож болохгүй. Богино хугацаанд юмыг чанартай хийх чадвар л юм. Бүтээмж өсгөх аргыг тэртээ 1776 онд Адам Смит хэлсэн байдаг. Нэг зүйлээрээ л мэргэших, төрөлжих хэрэгтэй гээд ... Таныг хэн ч орлож чадахгүй чадвартай болох нь чухал. Харин Монголчууд их ерөнхий юм мэддэг боловч яг детайл руу, яг төлөвлөгөөний дагуу явах дээр маш тааруу байдаг.

Компани бол багийн ажиллагааны л үр дүн. Та арслангийн баг бол үхэр агнах ёстой. Багтаа ямар нэг үүрэг гүйцэтгэж гэмээнэ таныг тэр баг үнэлнэ. Эргээд үхрийн гуя танд хуваарилах болно. Хэрвээ тийм биш бол тэр багт та хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэж бодох хэрэгтэй. Та магадгүй чонын сүрэг ч юм бил үү.

Нэмэлт орлоготой болох нь

Энэ замаар олон хүн яваад алддаг. Онох нь цөөн. Зарим нь хохирогч болоод үлдэж байна. Орлого төрөлжүүлэх дээр богино хугацаанд их мөнгөтэй болох, мөнгийг огцом өсгөх боломж огт байхгүй. Дэлхий дээр тийм бүтээгдэхүүн гэж үгүй. Тиймээс тийм залиланд бүү өрт. Ер нь нийтлэг хэд хэдэн л аргууд байдаг даа.

Түрээс: Ер нь өрхүүдийн бага хэсэг нь ашигладаг нэмэлт орлогын эх үүсвэр бол түрээс юм. Нэмэлт нэг үл хөдлөх авч, түүнийгээ түрээслэх замаар хоёр байрны моргейж төлөх нь бий. Эргээд зээл дуусмагц үл хөдлөх хөрөнгөтэй үлддэг. Улмаар түрээсийн орлого нь өөрийнх нь нэмэлт орлого болж явдаг.

Халтуур гэж монголчууд их ярьдаг. Үндсэн ажлаас гадуур их цаг зарцуулна. Монголд хөдөлмөрийн хөлс бага учир тийм ч өндөр үнэлгээтэй байдаггүй. Тодорхой хэмжээнд орлогын эх үүсвэрийг нэмдэг. Гэвч энэ нь үндсэн ажилд зарцуулах цаг, үндсэн ажлын бүтээмжийг унагадаг учир тийм ч зөв сонголт бас биш юм. Уртдаа ер нь үндсэн ажилдаа мэргэших, карьер хөөх замаар орлогыг огцом өсгөхөд сөргөөр нөлөөлдөг.

Хөрөнгө оруулалтын орлого буюу бонд: Цөөхөн гэр бүл хөрөнгө оруулалт хийх замаар орлогоо олдог. Хэрвээ та 10 саяас дээш мөнгөн хөрөнгөтэй бол хадгаламжаас өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын боломжуудыг сонирхож үзэх хэрэгтэй. Яг нэмэлт орлого талдаа бодвол дор хаяж 100 саяас дээш хөрөнгө оруулалт хийж байж, нэмэлт орлого танд болно.

Жишээ нь, жилийн 20 хувьтай бондод хийхэд 20 сая төгрөг. 110 сая төгрөгийг нэмж хөрөнгө оруулах, үлдсэн 10 саяыг нь хэрэглээндээ зарцуулах гэх мэтээр төлөвлөж болно. Хүүгийн орлогоо бүгдийг нь идэх нь үндсэн мөнгө тань инфляцад идэгдэх аюултай.

Хөрөнгө оруулалтын орлого буюу хувьцаа: Монголд хувьцааны үнэ ямар байхаас үл хамаарч ногдол ашиг тогтвортой өгөх боломжтой хэд хэдэн хувьцаа бий. Тиймээс хувьцааг уртаа бодож аваад жил бүр ногдол ашгаас нь өгөөжөө хүртэх замаар явж болно. Жишээ нь, Хаан, АПУ, Эрдэнэс Тавантолгой гэх гурван компанийн хувьцаатай байхад багадаа жилд нэг удаа ногдол ашгийн орлого, тус гурван компаниас орж ирнэ. Хувьцааг ямар ч дүнгээр авах боломжтой нь том давуу тал юм.

Бизнесийн орлоготой болох нь: Монголчууд хүний дор ажиллах тун дургүй. Аль болох л хувийн юм хийгээд явчихъя гэсэн бодолтой байдаг. Буруутгах аргагүй. Монголд хөдөлмөрийн хөлс бага шүү дээ. Бизнесийн зам бол дардан биш, байнгын стресс, асуудалд дунд л явдаг. Тодорхой эхлэлийн хөрөнгөтэй бол та ядаж тухайн бизнесээр 20 хувиас илүү маржин, өгөөж хийж чадах уу гэдгийг бодож үзээрэй. Өөрөөр хэлбэл түүнээс бага өгөөж хийх гэж өөрийгөө стресс-д оруулж байснаас бонд руу хөрөнгө оруулалт хийгээд стресс-гүй явсан нь дээр.