Индэр    
2025 оны 4 сарын 8
Зураг
Эдийн засагч, шинжээч

Дүрэмгүй дэлхий

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн 10 гаруй жил үргэлжилсэн худалдааны дайн оргил цэг дээрээ ирж байна. Боксоор бол сүүлийн раунд дээр луу, бүргэд хоёр бие, биендээ хүчтэй цохилт өглөө. Харин бусад улс энэ цохилтын салхинд өртсөн төдий. Юу болохыг тааварлах аргагүй үзэгчид (хөрөнгө оруулагчид, компаниуд) хүлээлтийн байдалтай. Гэвч энэ хүлээлт өндөр өртөгтэй байлаа. Дэлхийн хөрөнгийн захаас 10 их наяд ам.доллар арчигдлаа. Цаашид юу болохыг бас л таашгүй.

Тодорхой дүрэмтэй. Тэр дүрмийн дагуу тохиролцож тоглодог байсан дэлхий. Худалдаа хурдтай. Чөлөөт худалдааны онолд тулгуурлан хөгжиж байсан дэлхий. Үүнийг тунхаглагч АНУ өөрөө зог тусав. Чөлөөт худалдаан дээр А.Смитын туйлын давуу талын онол, Д.Рикардо-н харьцангуй давуу талын онол голлох нөлөөг үзүүлдэг. Эдгээр нь улс бүхэн чадах чадахаа л хийе. Чадахгүй бол бусад улсаасаа авчихъя гэдэг агуулга дээр суурилдаг.

Трампын тарифын бодлого нь улс хоорондын худалдаан дээр үүссэн алдагдлыг бууруулах зорилготой гэж байгаа. Энэ нь 17-18-р зууны үед Европт хүчтэй дэлгэрч байсан Меркантилизмын онолыг дахин сэргээв. Тус онолд:

  • Экспортыг дэмжих бодлого барих
  • Импортыг хязгаарлах
  • Худалдаан дээр ашигтай байхын тулд төрөөс татвар, хураамж, хязгаарлалт тавих

Орчин үед энэхүү онол нь Неомеркантилизм болтлоо хөгжсөн. Тус онолыг гадаад худалдаан дээр баримтлагч улс нь Хятад юм. Тус онолд:

  • Экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар экспортоо өсгөх
  • Импортыг татвараар хязгаарлах
  • Дотоодын бизнесүүдийг хамгаалах
  • Валютын бодлого дээр үндэсний валютыг тогтвортой барих замаар худалдаан дээр ашиг хийх

Тэгэхээр дэлхийн 2 том гүрэн чөлөөт худалдаа бус неомеркантилизмыг баримтлагч болж эхэллээ. Дэлхий өөр чигт хөдөллөө. Хүссэн, хүсээгүй улс орнууд тэдний дүрмээр тоглоно. Харин жижиг улсууд энэ нөхцөл байдлаас том олз хүртэж хөгжих тохиолдол бий. Сингапур, Солонгос, Вьетнамаас эхлээд олон жишээг дурдаж болох юм. Эсрэгээрээ том өөрчлөлтийн золиос болох нь ч бий.

Харин бид хоцрогдсон бодлого, хоцрогдсон үзэл баримтлалаасаа салаагүй төдийгүй дотроо тогоо, шанаганы хэрүүлээ хийсээр... Бидэнд хөгжлийн шинэ загвар хэрэгтэй. Алсын хараа бус ойрын хараа л хэрэгтэй байна.