Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэлсэн байна.
Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг үр ашгийн хувьд эрэмбэлсэн жагсаалтыг дэмжээд уг эрэмбийг баримтлан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг холбогдох албаныханд даалгав.
Мөн мега төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл, техникийн зураг төсөл болон төсөвт магадлал хийх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Эрэмбэлсэн мега төслүүдийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан 14 мега төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх аж.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!