Уншиж байна ...

Н.Учрал: Бахрейн улсын сайн туршлагад үндэслэн "Business friendly" хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн даатгал, татварын орчныг шинэчилнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бизнес эрхлэх орчныг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гарчээ.

Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Н.Учрал танилцуулав.

Тэрбээр "Ерөнхий сайд Арабын Нэгдсэн Эмират Улс болон Арабын улсуудад айлчилсантай холбогдуулж, Бахрейн улсын сайн жишиг туршлагад үндэслэсэн "Business friendly" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлуудаа эхлүүллээ.

Энэ хүрээнд нийгмийн даатгалын болон татварын шинэчлэлийг хийнэ, хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн мэдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоно. Төрийн хүнд суртлыг бууруулан бүртгэл, батламж, эрх олгох гэхчлэн найман янзаар тайлбарлагдсан зөвшөөрөл нэртэй бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулна. 

УИХ-аар батлагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу 360 зөвшөөрөл хуульчлагдсан. Үүнээс хойш УИХ-д өргөн мэдүүлэгдсэн хуулиудыг дагалдуулаад зөвшөөрлийн тоо нэмэгдсээр 400 гарсан байна. Түүнчлэн зөвшөөрөл гэсэн нэргүй ч бүртгэнэ гэдэг. Бүртгэхгүй бол үйл ажиллагаа эхлэхгүй гэсэн үг.

Иймд УИХ-ын гишүүд Казахстанд сайн туршлага судалсны үндсэн дээр Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд зарим бизнесийн үйл ажиллагаанд нэхэгддэг зөвшөөрлүүдийг цуцална. Ингэснээр зөвхөн мэдэгдэж, мэдэгдсэнийхээ дараа үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлнэ. 360 зөвшөөрлийн энгийн зөвшөөрлүүдийг шат дараатайгаар мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг зохион байгуулна. 

"Business friendly" буюу Монгол Улсад бизнес эрхлэх таатай, гадаад, дотоод хөрөнгө оруулагчдад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэхээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс бизнесийнхэнд тулгарч буй асуудлыг долоо хоног бүр шат дараатайгаар шийдвэрлэнэ" гэлээ.