Уншиж байна ...

"2013-2017 оны үед Франц компани Монголын төрийн албан тушаалтнуудад нөлөөлж, лиценз авсан гэх асуудлыг Францын тал шийдчихсэн. Монголын тал ажлаа хийх байх"

М.Батчимэг, ikon.mn
21 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байх үеэр 2013-2017 оны үед Францын компани Монголын төрийн албан тушаалтнуудад авлига өгч лиценз авсан байж болзошгүй гэх асуудлын талаар Оронагийн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг ахалж буй Н.Учрал дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Энэ үйл явдал 2013-2017 онд болсон. Тэр үед энэ мэдээлэл Европийн маш олон хэвлэл мэдээлэл дээр нээлттэй тавигдсан. 2018 оноос эхлээд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хангалттай ярьж байсан. 

2013-2017 оны хооронд Франц компани үйл ажиллагаагаа явуулахдаа зуучлагч компаниар дамжуулан гүйлгээ хийж, ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг авахад Монгол Улсын төрийн албан тушаалтнуудад нөлөөлсөн гэх асуудал үүссэн. Үүнийг Францын Санхүүгийн прокурорын газраас шалгасан. Үүний дараа 2019 оноос Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Францын Санхүүгийн прокурорын газар хамтарч ажиллан хэрэг нь шалгагдаж явсаар 2024 оны арванхоёрдугаар сард тухайн компанид ажиллаж байсан хоёр албан тушаалтан монголын төрийн албан тушаалтнуудад авлига өгч лиценз авсан байж болзошгүй гэх асуудлын хүрээнд тус компанийг 4.8 сая еврогоор торгоод хэргийг нь хаачихсан. 

Энэ хэрэг бол ил тод асуудал. Нууц зүйл байхгүй. Тухайн үед Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн хамтраад ашигт малтмалын гурван тусгай зөвшөөрлийг олгосон. Үүнд нь Францын хоёр албан тушаалтан зуучлагч компаниар дамжуулан авлига өгсөн байж болзошгүй. Монголын хууль шүүхийн байгууллага ажлаа хийх ёстой байх. Францын шүүх бол энэ хэргийг эцэслэчихсэн. 

2012-2016 оны үед хэний Засгийн Газар ажиллаж байсан юм бэ гэдэг нь асар ойлгомжтой зүйл шүү дээ. Хэн нэгнийг гүтгэсэн зүйл байхгүй. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа асуудал юм. 

Бид сая хийсэн Оранагийн хөрөнгө оруулалтын гэрээнд авлигатай тэмцэх тухай бүлэг оруулсан. Урамшуулал, бэлэг авах, зуучлах, давуу байдал үүсгэх зэргийг бүгдийг нь хориглосон. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2015 онд энэ гэрээний төсөл дээр ажиллаж байсан ажлын хэсгийн нэг ч хүнийг оролцуулаагүй. Яг энэ асуудлаас болж энэ төсөл 10 жил гацсан" гэв.