Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Б" Төлөвлөгөө

С.Туул
2015 оны 5 сарын 7
ӨНӨӨДӨР
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Таван Толгойн ордыг тойрсон тал бүрийн байр суурь, түмэн маргаан өрнөж байна. Фракцгүй ажиллахаа мэдэгдсэн АН энэ асуудал дээр харин ч утгаар нь талцаад, тохиролцож дийлэхгүй гацаав.

Улс оронд үүнээс өөр шийдэх юм байхгүй мэт ганц энэ сэдвээр л “амьсгалж” байна. Олон талын байр суурь, учир нь олдохгүй улстөржилт дундаас нэг л зүйл тодорхой харагдаж буй юм.

‘"Таван Толгойн төсөл мөд явахгүй нь". УИХ-ын дарга З.Энхболд анх Засгийн газрын түвшинд шийдэх гэж байсан уг асуудалд “саад” тавьж, парламент руу авчрах үед Ерөнхий сайд “14 хоногийн хугацаанд шийдээд өгөөрэй” хэмээн хүсэж байв.

Фракцгүй ажиллахаа мэдэгдсэн АН энэ асуудал дээр харин ч утгаар нь талцаад, тохиролцож дийлэхгүй гацаав. 

Гэвч энэ нь зүгээр л гэнэн хүсэлт байсныг ойрын үед өрнөж буй улс төр батална. Таван Толгойг тойрсон тал бүрийн ашиг сонирхлыг улс төрийн хүрээнд илэрхийлж буй гурван гол дүр нь Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар.

Тэд, тэдний арын “багийнхан” яриа хэлэлцээ, хяналт шалгалтаа дуусгаж, тохиролцоонд хүртэл хэдий хугацаа авч, төрийн үндсэн ажлыг гацаахыг бид таашгүй.

Я.БАТСУУРИЙГ БУЦААХ УУ?

“Эрдэнэс Таван Толгой” компанийн гүйцэтгэх захирал асан энэ эрхмийг Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнгийн “ Говь повер” компанийн асуудалтай холбогдуулан эдүгээ гадуур шалгаж буй. Уг компанийнхан Таван Толгойн тендерт ялж, нүүрс олборлох гэрээ хийсэн байсныг нь цуцалсны дараа шүүхэд хандсан.

Шүүхээс “Нөхөн олговор олго” гэсэн шийдвэр гаргасныг дээрх компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь биелүүлээд л буруутан болчихсон.

Тэр УИХ дахь намын бүлгийн гишүүддээ захидал бичиж байж арай гэж батлан даалтад гараад байгаа. Бас гарсных нь дараа АН-ын бүлэг дээр “дуудаж” мэдээлэл авсан юмдаг. Үүний дараа “Эрдэнэс Таван Толгой” компанийн шинэхэн гүйцэтгэх захирал Ч.Сайнбилэг гэнэт ажлаа өгчихлөө. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэр “Я.Батсуурь батлан даалтад гараад ирлээ.

Ер нь энэ том гэрээ хийх гэж буй үед ажлаа мэддэг хүн компанийг тэргүүлсэн нь дээр юм байна” гэжээ. Ингээд л Я.Батсуурийг “Эрдэнэс Таван Толгой” компанийн гүйцэтгэх захирлаар буцаан томилох нь гэдэг мэдээлэл нисэж эхэлсэн.

Я.Батсуурьт АТГ хэрэг үүсгэн шалгаж байгаа, эцсийн шийд гараагүй. Тэгэхээр тэр энэ албанд очих боломжтой юу гэсэн асуулт гарна. Гэвч хэн нэгнийг буруутгах, тэгснээ “цагаатгах” нь зүгээр л гар хөлийн үзүүр дохих төдий болчихсон бололтой юм, манай улсад.

Юутай ч хөшигний ард зарим “адал явдал” өрнөсөн сурагтай. Ч.Сайнбилэг “Эрдэнэс Таван Толгой”-д томилогдож очоод “Би Ерөнхийлөгчийн байр суурийг төлөөлж энд ажиллана” хэмээсэн гэдэг. Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга болохынхоо өмнө тэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга байсан. Төрийн тэргүүний хүн атлаа Я.Батсуурийг гараад ирмэгц л суудлаа найр тавиад өгчихнө гэж баймгүй.

Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд түүнийг шахсан гэх. “Я.Батсуурьт ажлыг нь буцаагаад өгчихвөл Засгийн газрын ХЭГ-ын дэд даргын албанд чинь буцаагаа оруулаад өгнө” гэх мэтээр “яриа хэлэлцээ” хийжээ. Өнөөх нь “номер нэг”-тэйгээ ч зөвлөсөн юмгүйгээр өнгөрсөн баасан гаригт шууд л өргөдлөө өгч орхисон юм байна. Тэгмэгц Я.Батсуурийг буцаан томилуулах “хүсэлт”-ээ УИХ-ын дарга Ерөнхий сайдад тавьжээ.

Харин нөгөөх нь “Тийм боломжгүй” гэж л дээ. Ингээд л арай гэж ажилтай болсон нэг хүн “золиос”-нд нь явж, “Эрдэнэс Таван Толгой” дахиад захиралгүй хоцорч буй юм. Я.Батсуурийг буцаагаад томилчихвол Х.Баттулга, З.Энхболд тэргүүтэй хэтэвч нэг багийнхны Таван Толгойн талцалд ялах боломж нэмэгдэнэ. Тиймээс л хуулийн байгууллага шалгаж буйг нь үл тоон зүтгүүлээд байгаа болов уу. Энэ ашиг сонирхлынх нь дагуу ажиллавал Я.Батсуурийг шалгаж буй хэргээс нь цэвэрлээд өгөх тохироо хийсэн байхыг ч үгүйсгэхгүй.

Нөгөө талаас өөрийнх нь хүнийг “шахчихсан” байхад Төрийн тэргүүн дуугүй байхгүй нь мэдээж. Энэ өдрүүдэд ОХУ-д ажиллаж буй Ерөнхийлөгч удахгүй ирээд ямар нэг хариу үйлдэл үзүүлбэл гайхах хэрэггүй болох нь.

ТАВАН ТОЛГОЙН ТӨСЛӨӨС ӨӨР ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА 

Хямарлаа, хэцүүдлээ гээд байгаа эдийн засгаа өөд татахын тулд томоохон ордоо эргэлтэд оруулах нь мэдээж чухал. Тиймээс л үүнийг А төлөвлөгөө болгон ярьж байна. Гэвч энэ том орд улстөрчдийн хэтэвчний синдромыг хөдөлгөж, улмаар гацаанд орчихлоо.

Улстөржилт, талцлаа түр хойш тавиад үндсэн ажлаа хийхэд УИХ давхар санаа зовмоор байна.

Одоо эдийн засгаа өөд татах бусад хууль тогтоомжоо хэлэлцье. Б төлөвлөгөөндөө оръё. Тэгэхгүй бол их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэр болж мэдэх нь.

Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэсэн тодорхой зорилготой Засгийн газраас УИХ-д ганцхан Таван Толгойн төслийг л өргөн барьчихсан юм биш. Тэд УИХ-д 20 гаруй хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр оруулсан. Эдийн засгийн ил тод байдлын, Эдийн засгийн өршөөлийн тухай зэрэг үүрэг, ач холбогдолтой арван ч хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдээгүй яваа.

Мөн Төрөөс шинжлэх ухаан, технологийн болон аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслүүд, Худалдааны тухай хууль, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг хэлэлцье гэчихээд л мартчихлаа.

Улстөржилт, талцлаа түр хойш тавиад үндсэн ажлаа хийхэд УИХ давхар санаа зовмоор байна. Хэрэлдээд, талцаад, улс орны хөгжлийг гацаагаад бай гэж биш, хэлэлцээд шийдээд урагшлуулаад бай гэж л та нарыг бид сонгосон шүү.

Зураг