"Эрдэнэс Таван Толгой" хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ч.Сайнбилэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэл гаргасантай холбогдуулан түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хэзээ хүлээж авсан бэ?
-Я.Батсуурь захирал “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн захирлаар томилогдохдоо “Чалько” компанийн өрийг төлөх, иргэдийн гар дээр байгаа 1,072 хувьцааг амилуулах, цаашдаа “Эрдэнэс Таван Толгой” компанийг ашигтай ажиллуулах үүрэг даалгавартай байсан. Гэтэл Я.Батсуурь маань АТГ-т шалгагдаад түүний ажлыг санхүү хариуцсан орлогч захирал Энхбат гэдэг хүн гүйцэтгэж байсан юм. Харин Энхбат саяхан буюу дөрөвдүгээр сарын эхээр “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга ажилтай надад өргөдлөө өгсөн.
Ингээд “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн ТУЗ-ийг хуралдуулахын өмнө тус компанийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар учраас Ерөнхий сайдаас чиглэл авах бодолтой энэ асуудлыг танилцуулахад “Эрдэнэс Таван Толгой” компанийн захирлаар намайг томилох тухай яригдаж эхэлсэн.
Хятадын зах зээлд гол нүүрс нийлүүлэгч компаниуд нь Австралийнх юм байна.
Би эхэндээ жаахан гайхсан. Тухайн үед “Эрдэнэс Таван Толгой” компанийг өр зээлдээ баригдаад, дампуурч байгаа мэт сурталчлаад байсан, мөн үйл ажиллагааг нь хэвийн явуулах шаардлага байсан учраас энэ компанийн захирал Я.Батсуурийг иртэл нь энэ ажлыг хийх ёстой юм байна гэж үзээд саналыг хүлээн авсан.
-Гүйцэтгэх захирлын ажлыг хүлээж аваад нэг их удалгүй ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан гэсэн. Асуудал нь юу байв. Ямар учраас ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргах болов гэдэг нь анхаарал татсан асуудал болоод байна?
-Миний хувьд 2013 оны наймдугаар сараас “Эрдэнэс Таван Толгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж эхэлсэн. Намайг ТУЗ-ийн дарга болоход тус компанийн гүйцэтгэх удирдлагаас “Эрдэнэс Таван Толгой” компани нүүрсийг говийн гүний усаар угааж, цэвэрлэсэн нүүрсийг гадаад зах зээлд гаргах асуудлыг ярьсан юм. Чалькогийн өрнөөс жаахан бага өр төлөөд ийм үйлдвэр баривал яасан юм бэ, ашигтай юм биш үү гэсэн асуудал оруулсан.
Ингээд ТУЗ-өөс нэлээд том хэмжээний судалгааг хийж үзсэн. Тэгтэл Хятадын зах зээлд гол нүүрс нийлүүлэгч компаниуд нь Австралийнх юм байна.
2015 оны нэгдүгээр улиралд Монголын нийт гаргаж байгаа нүүрсний 57 хувийг гаргасан.
Манайх тэнд өрсөлдлөө гэхэд 30 сая орчим тонн нүүрс нийлүүлэх боломжтой юм байна. Гурван сая тонн юм бол 10 сая тонныг угаасан хэлбэрээр өгч болох юм байна. 15 сая тонныг түүхий хэлбэрээр л авах юм байна тооцоо гарсан.
Бид гүйцэтгэх удирдлагын оруулж ирж танилцуулсан зүйлийг үзээд нэгдүгээрт “Эрдэнэс Таван Толгой” компанийн дэргэд ТаванТолгойн орд дээр “Энержи ресурс” компани нүүрс угаах үйлдвэртэй юм байна. Та хоёр хоорондоо өрсөлдөөд ашигтай биш юм. Монгол Улсад ашиггүй хэн нэгнийхээ ажлыг л цохино гэсэн үг. Тийм учраас угаасан нүүрсээ “Энержи ресурс” гаргана биз. Бид тэр 15 сая тонн бохир нүүрс гаргах боломж байгаа юм бол тэр зах зээлд нь өрсөлдөж үзье гэдэг л асуудал ярьсан.
Ер нь говийн гүний усаар нүүрс угаана гэдэг бол байгальд ч эрсдэлтэй учраас нүүрсийг өөрөөр бохирдлоос салгах ямар арга байна гэдгийг судалж нэвтрүүлье, одоохондоо нүүрсийг түүхийгээр нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаад байгаа юм бол түүнд гаргадаг зардлыг бууруулах арга хэмжээ ав гэдэг ийм л үүрэг чиглэлийг бид өгсөн юм. Энэ хугацаанд энэ компанийнхан Японы технологиор хуурай аргаар нүүрс боловсруулах, угаах аргыг судалсан. Энэ ажиллагааг манай компанийнхан хийж байгаа.
Манайхаас очсон нүүрсийг Цагаан хадан дээр буулгадаг зардлаа зогсоогоод гүний гааль дээр уурхайн амнаас шууд зөөн гаргадаг болсон. Ингэж “Эрдэнэс Таван Толгой” компанитай ажилладаг олон компани хүний хүчээр нүүрс гаргах зардлыг бууруулсан.
Энэ олон компанийн хамтарсан ажлын ач буянаар бид 2014 он гэхэд 5,7 сая тонн нүүрс олборлосон. Энэ бол Монголын нийт олборлосон нүүрсний 30 хувьтай тэнцээд байгаа. Ингээд 400 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 2013 онтойгоо харьцуулж үзвэл 2,9 дахин их нүүрс буюу 243,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байгаа юм.
2015 оны нэгдүгээр улиралд Монголын нийт гаргаж байгаа нүүрсний 57 хувийг гаргасан. Муугүй ажиллаж байгаа энэ компанийг гүйцэтгэх захирлыг нь байхгүй үед би гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээний энэ хариуцлагатай үед ажлыг анх хүлээн авч, үр дүнтэй ажлыг хийж байсан Я.Батсуурь өөрийн биеэр байх ёстой учраас би гүйцэтгэх захирлын ажлыг өгье гэж байгаа юм.
-Та “Эрдэнэс Таван Толгой” компанийн гүйцэтгэх захирлын ажлаа өгчихөөр өөрөө ажилгүй болчих юм биш үү?
-Би тэгж бодохгүй байна. Миний бие төрийн албанд 30 гаруй жил ажиллаж байна. Төрийн захиргааны албанхаагчдыг чөлөөлөх тохиолдол бий. Тэгэхээр би компанийн захирлаас чөлөөлөгдөөд эргэн албандаа очиж байгаа нь энд хамаагүй асуудал. Гэхдээ одоогийн залуу дарга нар хууль зүйн хувьд сайн ойлголтгүй байна.
Иймээс төрийн албан хаагчийн хувьд төрийн захиргаанд яаж чөлөөлөгдсөн болон Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдөж байгаа учраас Засгийн газрын тогтоол хуульд хэр зэрэг нийцэж байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд өгөх асуудал, мөн Захиргааны хэргийн шүүхэд өгөх хэмжээний тодорхой материалуудыг бэлдсэн байгаа.
Энэ нь харамсалтай нь хуулийн хүрээнд 30 хоногийн хугацаанд өгөх ёстой байдаг. Тэгэхээр тавдугаар сарын 06-наас өмнө асуудлыг шийдэх байх гэж найдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!