-Өнөөдөр бидэнд эв нэгдэл, ойлголцол, зөвшилцөл юу юунаас чухал байна-
Монголын улс төрийн өнөөдрийн халуун сэдэв Таван Толгой болоод байна. Амтай бүхэн геополитик ярьж, сүүлийн дөрвөн жил мартагдах шахаад байсан Таван Толгойн хувьцааны асуудал хөрөнгө оруулалтын гэрээний сургаар яригдаж эхэллээ. Төрийн тэргүүнээсээ эхлээд Монгол Улсын сайд, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь энэ асуудлаар ойлголцлыг биш зөрчил маргааныг уриалж, хэвлэлээр мэдэгдэл шидэлцэх, эс бөгөөс ярилцлага өгч “хэрэлддэг” байдал газар авлаа.
Тэр дэлгэсэн гэрээг нь засч залруулаад бид урагшаа явахаас өөр аргагүй юм. Дэлхий биднийг хүлээхгүй гэдгийг л манай улстөрчид юу юунаас илүүтэй ойлгох цаг болсон баймаарсан. Хэвлэлээр мэдэгдэл шидэлцэж хэрэлдсэнээсээ болж намын бүлэг дээрээ ч ойлголцож чадахгүйд хүрсэн гэх яриа өчигдөр чих дэлсэв.
Таван Толгойн төслийг хоёр сая хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг тусгаагүй гэх шалтгаанаар буцаасан УИХ-ын дарга З.Энхболд, түүхий, хариуцлагагүй төсөл бэлтгэсэн гэх “хэрэгт” ороод буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өнгөрөгч мягмар гарагт хуралдсан намын бүлгийн ээлжит хуралдааны үеэр “чи, би”-дээ хүрч, бараг л зодолдсон гэх бор шувуу Төрийн ордноос нисч, мэдээллийн сайтууд өдөржин л онцоллоо.
Дэлхий биднийг хүлээхгүй гэдгийг л манай улстөрчид юу юунаас илүүтэй ойлгох цаг болсон баймаарсан.
УИХ-ын дарга З.Энхболдын чуулганы индэр дээрээс гэрээ байгуулсан сайдуудын суудалтай нь ярина шүү гэх “сүрдүүлэг” М.Энхсайханыг бус Ч.Сайханбилэгийг чиглэх болсныг учир мэдэх нэгэн ярьж байгаа юм.
УИХ-ын дарга “Ч.Сайханбилэгээ чиний суудалтай чинь ярина шүү” гэх утгатай хатуухан үгийг ч намынхаа бүлгийн хурал дээр хэлээд, УИХ төслийг хүлээж авахгүй гэдгийг хатуухан сануулсан сурагтай. ҮАБЗ-д багтаж байгаа Ерөнхийлөгч нэг өөр бодолтой, намын дүрмээр зүтгүүлсээр байгаад энэ суудалд суулгасан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэйгээ, УИХ-ын дарга З.Энхболд нь таарч тохирохгүй байгаа учраас төрийн гурван өндөрлөг эв түнжин хагарлаа, энэ улсад юу тохиолдох бол, ийм эв түнжингүй улс руу хөрөнгө оруулагчид орж ирэх үү гэсэн яриа ч эрчээ авч байна.
Гадны хөрөнгө оруулагчид улс төрийн энэ мэт хэрүүлээс залхаж хаврын сар дуусах дөхөж байхад уул уурхайн ажил олигтой эхэлсэн юмгүй, бахь байдгаараа л доллар олж ирэх тухай хэрүүлээ хийсээр. Хойд хөршийн төрийн тэргүүн жил бүр уламжлал болгон иргэдтэйгээ шууд нэвтрүүлгээр уулздаг. 13 дахь жилдээ өнгөрөгч долоо хоногт уулзаж иргэдээс ирсэн 81 асуултад хариулсан юм.
Өнөөдрийн ийм таагүй уур амьсгалтай, эв түнжин хагарчихсан нөхцөлд бидэнд хэн ч сайхан хандахгүй. Дэлхий биднийг өнөөдөр өдөр тутам муухайгаар бичиж, сурталчилж байна.
Дотоод улс төрийн эв нэгдэл, харилцан ойлголцол ямар ч том сорилтыг даваад гарах их хүч болдог гэдгийг Путины хэлсэн энэ хэдхэн үгнээс ойлгож болохоор. Хэзээ мөдгүй дайтахад бэлэн байгаа энэ улсын төрийн бодлого нэг цэг дээр байдаг, тэнд суугаа улстөрчид нь эв нэгдэлтэй байж чадсанаар учирч болох ямар ч эрсдэлийг давж чадна хэмээн бат итгэлтэйгээр Путин хэлчихлээ.
Энэ хэдхэн өгүүлбэр хэзээ мөдгүй дайтах нь уу гэсэн айдастай байсан ард түмэнд том итгэл өгч байгаа. Хурцадмал байдал ч намжиж, мөргөлдөөн, үндсэрхэг үзэлтнүүдийн өдөөн хатгалагт автах¬гүй байх итгэлийг тэд төрийн тэр¬гүүнээсээ олж авч чадлаа. Бидэнд өнөөдөр яг ийм л үг ус агаар шиг хэрэгтэй байна.
Тэр тусмаа Төрийн өндөрлөгт суугаа гурван хүн эв нэгдлээ эрхэмлэх юу юунаас ч илүү чухал болоод байна. Нэг ордоо явуулах гэхээр шийдвэр гаргах гурван хүн нь хэрэлдэж зодолдоод, суудал сандалтайгаа яриад суучихдаг, хэвлэл мэдээллээр талцаж хуваагдаж бие биенээ популист, мэдлэгтэй мэдлэггүйгээр нь дуудаж суугаа энэ байдал яавч сайн зүйлд биднийг дуудахгүй. Монголчууд эв нэгдэлтэй байхдаа бүгдийг хийж чаддаг, бүхнийг байлдан дагуулж ирсэн түүхтэй ард түмэн. Харин эвдрэлцэхдээ юунд хүрдэг вэ гэдгийг долдугаар сарын 1-ны хар өдрийн түүх бэлхнээ харуулж байгаа.
Тэр их бараан сүүдэр, айдас дарамтыг анхны Олимпийн аварга төрснөөр арилгаж, Төрийн гурван өндөр¬лөг маань тэврэлдэн зогсоод дуулж байсан тэр өдрүүдийг яг одоо эргэн санацгаая, улстөрчдөө. Нийгэм өнөөдөр Таван Толгойтой, толгойгүй бухимдалтай байгаа. Эдийн засгийн дарамт, үнийн өсөлт, замын түгжрэл, агаарын бохирдол гээд бухимдах зүйл бишгүй олон болчихлоо.
Ерөнхий сайдын сайхан мэдээг түгээх сарын аяны хүрээнд л гэхэд өдөр өнжихгүй хар бараан мэдээлэл цацагдаж, хүчирхийлэл, аллага, дээрэм, тонуулын хэрэг гарлаа.
Эгэл жирийн иргэдэд эвдрэлцэл, хэрүүл биш эв нэгдэл юу юунаас чухал байна.
Эх орны минь үржил шимт хөрс өдөр болгон хэдэн зуун км-ээр шатаж, буянт мал сүрэг маань амьдаараа “боодог” болохыг харж сууна. Эх орончид хэмээн цээжээ дэлдэхээс өөр хийх зүйлгүй хийрхсэн хөөрхсөн залуус хэтэрхий олон болчихлоо, энэ улсад.
Энэ бүхнийг эвлүүлж, нийгмээ айдас хүйдсээс салгаж, эв түнжинтэй, улс шиг улсад хүн шиг амьдруулах учиртай Төрийн гурван өндөрлөг, парламентын гишүүд нь бие биенээ эрлийз хурлийзаар нь дуудаж, бүлгийн хурал дээрээ зодоон цохион болж, хэвлэлээр хэрэлдээд байгаа нь үнэхээр таалагдахгүй байгааг онцлон хэлье.
Тэрбээр, өөрийн “нүүр ном”ондоо “Манай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл гурван гишүүнтэй. Эдгээр хүмүүс аливаа асуудлыг зөвшилцөн шаардлагатай бол зөвлөмж гаргадаг. Одоогоор гурвуулаа АН-ын гишүүд байгаа. Гэтэл хооронд нь үл итгэлцэл, өрсөлдөөний ангал байгаа бололтой.
Зөвхөн эдгээр хүмүүсийн гадаад айлчлалыг хөндлөнгөөс харахад л нөгөө хоёроо Япон, Европ айлчлаад тайлагнаж амжаагүй байхад л З.Энхболд мөрөөр нь мордсон. Арай өчигдрийнх шиг юм хийгээгүй л байгаасай. Уг нь ҮАБЗ-ийн гишүүдийн гадаад айлчлалыг аль болох давхцуулахгүй байхыг л эрмэлздэг байсан санагдах юм. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн хувьд санал болгож томилуулснаараа З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр гар нийлэн ажиллах учиртай.
Гэтэл өчигдрийн Сайханбилэгийн араас Энхболдын шидсэн чулуун дотроос хамгийн жинтэй нь нөгөө л алдарт 247 км төмөр зам байна. Энэ төмөр зам баригдаж байж л Таван Толгой орд болно гэдгийг ямарч хүн ойлгоно. УИХ дээр эх орончид энэ гэрээг унагаана гэдгийг З.Энхболд сайн ойлгох хүн. Ийм ч учраас хөрөнгө оруулагчид нь буцчих шиг боллоо.
Одоо гадаадад олох итгэл ч өнгөрч, ядаж намынхаа ҮЗХ болон Их хурал энэ тэрээ хуралдуулж нам дотроо итгэлцэл бий болгох л шаардлага үлдэж дээ” хэмээн бичжээ. Тэнэг л хүмүүс биш бол ард түмэн юу бодож, ямар өнцгөөс тэднийг харж байгааг харж, уншина гэж найдъя.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!