Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путины ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Москвад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины жил бүр оролцдог телевизийн марафон 13 дахь удаагаа болж өнгөрлөө.

Оросын удирдагч энэ удаа дөрвөн цаг орчим үзэгчидтэй ярилцсан нь дээд амжилтаасаа 50 минут богино байв.

Түүний хэлсэн үгнээс зарим эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

 

Оросын эсрэг хориг арга хэмжээ:

“Оросыг ийм аргаар дарамтлах нь утгагүй, ашиггүй үйлдэл. Манай түншүүд удахгүй байдлыг ойлгож, өөрсдийн зөв гэж байгаа үзлийг тулгахаа зогсоож, ойлголцолд хүрэх арга замыг эрэлхийлэх байх гэж найдаж байна”

 

Хямралын оргил үе өнгөрсөн тухай:

“Газрын тосны үнэ бага зэрэг өссөн ч энэ нь Оросын эдийн засгийн сэргэлттэй шууд хамааралгүй гэдгийг мэргэжилтнүүд харж байгаа. Рублийн ханшын өсөлт ч үүнтэй холбоогүй, өөр хүчин зүйлүүд нөлөөлж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бид хямралын хамгийн хэцүү үеийг гадаад өрөө төлж, өөрийн банкны салбар, бодит бизнесийн салбаруудын оролцоотойгоор даван туулаад байна. Бид рублийн ханшыг тогтворжуулсан, бүх зүйл хэвийн явдагдаж байна”

 

 

АНУ-аас хараат байдлын тухай:

“Өөрийгөө хэт дээгүүрт тавьж, дэлхийн хүчний цорын ганц гол цэг гэж бодсон их гүрэнд холбоотон хэрэггүй, харин дагалдагчид хэрэгтэй байдаг. Би АНУ-ын тухай ярьж байна. Орос улс ийм харилцаатай системд байж чадахгүй”

 

АНУ ЗХУ-ын алдааг давтаж байгаа тухай:

“Дэлхийн Хоёрдугаар Дайны дараа бид Зүүн Европын олон орныг өөрийн хөгжлийн загварт хүчээр оруулах гэж оролдож байв. Бид үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнд сайн зүйл огт байгаагүй, одоо ч бидэнд нөлөөлсөөр байна….Америкчууд үүнтэй адил зүйлийг хийж, дэлхий нийтийг өөрийн загварт оруулахыг оролдож байгаа. Тэд ч бас алдах нь тодорхой”

 

Оросын Эзэнт гүрний амбицын тухай:

“Бид тэдний шүүмжилж байгаа шиг эзэнт гүрэн байгуулах санаагүй байна. Бидэнд тийм амбиц байхгүй. Гэвч бидэнтэй ойр улсуудад байгаа Орос хүмүүс болон бусад хүмүүст сайхан амьдрах боломж олгох замаар хамтдаа хөгжих боломжтой. Манай улсын болон тэдгээр улсуудад байгаа Орос хүмүүс  өөр хоорондоо чөлөөтэй зорчиж, амьдрах орчин нь сайжирч, хүний эрх нь хангагдаж, үнэ цэнээ мэдэрч, хэн ч тэднийг төрөлх хэлээрээ ярихыг нь хориглохгүй байхыг бид хүсч байгаа юм”

 

 

Украйны ерөнхийлөгч Путинд Донбассыг өгөхийг санал болгосон тухай цуурхалд:

“Ямар ч тийм зүйл болоогүй. Бид Донбассын эдийн засаг, нийгмийг сэргээх асуудлуудаар хэлэлцсэн. Тэнд асуудал их бий.”

 

 

Украйнтай хийж болзошгүй дайны тухай:

“Би боломжгүй зүйл гэж бодож байна. Битгий санаа зов”

 

Украйн дахь улс төрийн аллагын тухай:

“Ардчилсан улс болохыг эрмэлзэж байгаа, Европын Холбоонд нэгдэхийг хүсдэг Украйнд эдгээр хэргийг нарийвчлан шалгахгүй байгаа. Эдгээр хүмүүсийг алсан алуурчид нь хаана байна? Алуурчин ч, захиалагч ч хэн ч байхгүй байна. Европ, Америкчууд энэ талаар мэдээгүй мэт царайлж байх шиг”

 

Путиныг хувилсан эсвэл хувилах боломжийн тухай:

“Үгүй”

 

Эх сурвалж: Russia Today