Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Унгар Улс Элчин сайдын яамаа Улаанбаатарт сэргээн нээнэ

ikon.mn
2015 оны 4 сарын 15
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой Улаанбаатарт хүрэлцэн ирсэн билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт өнөөдөр өглөө Чингисийн талбайд Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер, түүний гэргий Анита Херцег нарыг албан ёсоор хүндэтгэн угтаж авлаа. Угтах ёслолд хоёр талын албаны хүмүүс оролцов.

Хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар хүндэт харуул, угтан авсан хүмүүстэй мэндчилсэн юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа, Унгарын Ерөнхийлөгч Янош Адер, түүний гэргий Анита Херцег нар Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн Төрийн ордны “Баганат“ танхимд Унгарын Ерөнхийлөгч хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа хоёр орны Төрийн тэргүүн гэргий нарын хамт дурсгалын зураг татууллаа.

 

 

Албан ёсны угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  болон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар ганцаарчилсан уулзалт хийлээ.

Ганцаарчилсан уулзалтын үеэр хоёр орны харилцааны зарим асуудлыг хөндөн ярилцлаа. Хоёр улсын хооронд 1950 оны дөрөвдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрч байна. Унгар Улс Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа 2006 онд хаасан боловч энэ оны тавдугаар сард сэргээн нээхээр болжээ.

 

 

Унгарын Ерөнхийлөгч Янош Адерын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал нь 1994 онд Унгарын Ерөнхийлөгч асан Гөнц Арпадын Монголд хийсэн айлчлалаас хойш 21 жилийн дараа Төрийн тэргүүний түвшинд хийж буй гэдгээрээ онцлог юм. Унгарын Ерөнхийлөгч Янош Адер Азид айлчлахдаа Монголд заавал айлчилна гэсэн төлөвлөгөөтөй байснаа энэ үеэр дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны аравдугаар сард Унгарт хийсэн айлчлал амжилттай болсон талаар ганцаарчилсан уулзалтын үеэр тэмдэглэлээ.

Хоёр орны хооронд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаа бөгөөд Унгар Улс Европын холбооны гишүүний хувьд гуравдагч хөрш хэмээн харилцааны түвшинг тодорхойлж болох юм.