Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Унгар Улсын тухай

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер гэргийн хамт өчигдөр манай улсад хүрэлцэн ирсэн билээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа нь энэхүү айлчлалын нэгэн онцлог юм. 

Унгар Улстай бид эртнээс сайн харилцаатай хэдий ч тус улсын талаар мэдэхэд илүүдэхгүй гэдэг үүднээс Унгар орны түүх болон төрийн тэргүүнийх нь товч намтрыг хүргэж байна. 

Түүх

Мажарууд өөрсдийгөө түүхийн хувьд Азиас гаралтай гэж үздэг. Тэд манай эриний 8-9 дүгээр зууны үед Альп, Карпат, Татра уулсын хөндий Панонийн их талд нүүдэллэн очиж суурьшжээ. Мажар үндэстэн IX зуунд бүрэн төлөвшиж, бие даасан үндэстэн болж бүрэлдсэн ба 1001 оноос төрт ёс тогтсон гэж үздэг. Мажарууд түүхийн туршид Ромын эзэнт гүрэн, Монголчуудын довтолгоон, Турк, Хабсбургийн эзэмшил, ноёрхолд өртөж байсан бөгөөд хожим 17 дугаар зуунд Австри-Унгарын эзэнт улс болон тогтсон. Дэлхийн I дайны дараахан Австри-Унгарын Эзэнт улс задарч, 1918 онд Унгар бие даасан улс болсон.

Дэлхийн II дайны дараа Унгарт коммунист дэглэм тогтсон. Унгар Улс 1956 онд Варшавын гэрээнээс гарч, олон намын тогтолцоо бүхий ардчилал, зах зээлийн эдийн засгийн замд шилжих оролдлого хийсэн боловч түүнийг ЗХУ-ын оролцоотойгоор цэрэг, зэвсгийн хүчээр нухчин дарсан.

1990 оны эхээр Социалист систем задарснаар Унгар Улсад ардчилал, шинэчлэлийн үйл явц тайван замаар өрнөж, ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэн. 1999 онд НАТО-д, 2004 онд Европын Холбоонд тус тус элссэн ба 2007 оны 12 дугаар сард Шенгений гэрээнд нэгдэн орсон.

Үндсэн хууль 

1949, 1972, 1989, 1997 онд нэмэлт өөрчлөлт хийсэн ба одоогийн эрх баригчид Шинэ үндсэн хууль боловсруулан 2011 оны дөрөвдүгээр сарын 25-нд баталж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Шинэ үндсэн хуулианд 5 удаа өөрчлөлт оруулаад байна.

Хууль эрх зүйн систем нь Герман маягийн загвартай.

Засаглал

Парламентын засаглалтай, ардчилсан улс. Ерөнхийлөгч Янош Адер (ФИДЕС) 2012 оны тавдугаар сард сонгогдсон. Ерөнхийлөгч 5 жилийн хугацаатайгаар Парламентаас сонгогддог.

Ерөнхий сайд Орбан Виктор (ФИДЕС) 2010 оны тавдугаар сарын 29-нөөс томилогдон ажиллаж байна. Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Хурал томилдог. Засгийн газрын танхимын гишүүдийг эрх баригч нам болон Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дагуу Улсын Хурал батална.

2014 оны тавдугаар сарын 10-нд шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулсан. 8 яам, 11 засгийн газрын гишүүнтэй. Засгийн газар Ерөнхий сайдын нэг орлогчтой ба ЗГХЭГ-ын дарга нь Засгийн газрын гишүүн, төрийн сайдын эрх мэдэл хэрэгжүүлдэг.

Хууль тогтоох дээд байгууллага

Урсагдьюлеш буюу Улсын Хурал 199 суудалтай. Улсын Хурлын суудлын 106-г намуудаас нэр дэвшүүлэн, тойргийн сонгогчдын саналаар, 4 жилийн хугацаатай шууд сонгож, үлдсэн 93 суудлыг намуудын авсан саналын хувиар бүрдүүлдэг холимог системтэй. Улсын Хурлыг сонгох сонгууль 2013 оны дөрөвдүгээр сарын 6-нд явагдсан.

Улсын хурлын дарга ноён Көвер Ласло (ФИДЕС). Улсын Хурал нь парламент дахь намуудыг төлөөлсөн 5 орлогч даргатай. Улсын Хурлын дараагийн ээлжит сонгууль 2018 оны хавар болно.

УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯНОШ АДЕРИЙН ТОВЧ НАМТАР

 

Төрсөн газар, он: 

Унгарын Чорна хотод 1959 оны тавдугаар сарын 9-нд төржээ. 

Боловсрол: 

1978 Гёр хотын Миклош Ревай-н нэрэмжит ахлах сургууль төгссөн
1983 Өтвөш Лорандын нэрэмжит Их сургуулийн Хууль, улс төрийн шинжлэх ухааны тэнхимийг хуулийн чиглэлээр төгссөн

Ажилласан байдал:

1986 – 1990 Унгарын шинжлэх ухааны академид судлаач
1990 – 2009 Унгар Улсын Парламентын гишүүн
1998 – 2002 Унгар Улсын Парламентын дарга
2002 – 2003 ФИДЕС намын дарга
2002 – 2006 Унгар Улсын Парламент дахь ФИДЕС намын бүлгийн дарга
2009 – 2012 Европын Парламентын гишүүн
2009 – 2012 Европын Парламентын Байгаль орчин, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын хорооны гишүүн, дэд дарга
2012.05.10-наас Унгар Улсын Ерөнхийлөгч

Гэр бүлийн байдал: 

Эхнэр, 3 охин 1 хүүтэй