Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ажлын үзүүлэлтээрээ сүүлийн жилүүдэд аймгийн Засаг дарга нарыг байнга өнгөлж яваа. Залуухан, зоригтой дарга Баруун-Урт сумыг гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбож, аймгийн төв дээр Улаанбаатарын тансаг хорооллоос дутахгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр ханцуй шамлан ажилдаа орж байсан цаг саяхан.Тэгвэл өнөөдөр Баруун-Уртын айл өрхүүд халуун, хүйтэн устай тохилог амины орон сууцанд амьдарч, Улаанбаатар хот руу засмал замаар сүнгэнүүлэн давхичихаад, оройдоо буцаж байгаа. Ж.Батсуурь даргын дараагийн зорилго бол Сүхбаатар аймгийг аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгох ажээ. Монголын эдийн засгийн чуулганд оролцоод нутаг буцах гэж байсан Ж.Батсуурь даргатай яг тэр чиглэлээр нь буюу аялал жуулчлалын бүс байгуулах талаар ярилцсанаа хүргэж байна.
-Сүхбаатар аймагт Шилийн богд, Талын агуй, Алтан-Овоо, Ганга нуур, хунгийн чуулган гээд үзэж харах, хийморио сэргээх онгон дагшин газар орон ихтэй, нэг ёсондоо аялал жуучлалын томоохон бүс болох боломжтой нутаг. Энэ талаар Засаг даргын хувьд юу бодож, ямар ажил амжуулж явна?
-Бүхэлд нь аваад үзвэл аялал жуучлалын салбарыг хоёр хувааж болох байх. Эхлээд Монгол Улсаа дэлхийд хэрхэн яаж, танилцуулж, жуулчдыг ямар байдлаар яаж татах вэ гэдэг нь нэг асуудал. Дараагийн асуудал нь тухайн орон нутгууд энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг. Үнэхээр манай Сүхбаатар аймаг бол хэд хэдэн онцлог, давуу талтай юм. Нэгдүгээрт БНХАУ-тай хиллэдэг, хилийн бүс нутаг.
Хоёрдугаарт байгалийн үзэсгэлэн бүрдсэн, эртний түүхийн дурсгалт газар олонтой нь дотоодын аялал жуулчлал энэ тэргүүнд ихээхэн үр ашигтай, томоохон газар орныг хамран хөгжих бүрэн боломжтой юм. Тэгэхээр энэ бүгдийг маш зөв хослуулан Сүхбаатар аймаг аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох асуудал босч ирж байгаа юм.
Гэхдээ аливаа ажлыг хийхдээ зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр ч юм уу, санаж бодсоныхоо дагуу шууд хэрэгжүүлээд явчихаж болдоггүй гэмтэй.
Онол, амьдрал дээрх бүх л хольцыг маш сайн тааруулж байж амжилтад хүрдэг.
Онол, амьдрал дээрх бүх л хольцыг маш сайн тааруулж байж амжилтад хүрдэг. Сүхбаатар аймаг өнгөрсөн гурван жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагуудаар байгаль орчны нарийвчилсан судалгаанууд хийлгэсний үндсэн дээр онол, практикаа хослуулах үндсэн хөрс сууриа бэлдлээ.
Эндээс бидэнд хил орчмын аялал жуулчлалыг онцгойлон хөгжүүлж болох бодит байдал ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл хуурай уур амьсгалтай, тэгш талын Монголчууд халуун оронд очих юмсан, далай үзэх юмсан гэж мөрөөддөг бол халуун оронд, далайн эрэг дээр амьдардаг хүмүүс хээр талд очих юмсан, уулан дээр гарах юмсан, ганц өдөр ч болтугай чив чимээгүй утас, интернет харилцаа холбоогүй газар очих юмсан гэж мөрөөддөг юм байна.
Тэгэхээр ийм хүмүүсийг урин дуудаж, энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Сүхбаатар аймаг өөрийн гэсэн Олон улсын байнгын ажиллагаатай боомттой болох шаардлагатай байна. Монгол Улсын далайд гарах хамгийн дөт зам бол манай аймагтай хиллэж байгаа БНХАУ-ын боомт л байгаа юм. Монголын экспорт, импортын тэнцлийг урдаасаа Тяньжинаас хийдэг бол манай цаана байгаа Дайлань, Жинжоугийн далайн гарам руу шууд холбох гарц бэлээхэн байж байна.
Мөн дотоодын аялал жуулчлалаар урьд нь Алтан-Овоо, Шилийн богд руу аялаад сурсан хүмүүсийн урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуучлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, үйлдвэрлэл хөгжүүлэх, шинэ санаа олж амьдралд хэрэгжүүлэх нь Сүхбаатарчууд бидний үүрэг болоод байна.
Энэ хоёр чиглэлийн аялал жуулчлалын солбилцоог их зөв үр дүнтэй болгох механизмаа л бид аль болох хурдан боловсруулах, бэлтгэл ажлаа түргэвчлэн хангах шаардлагатай байгаа юм. Энэ талаар ч сая болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр ярилцаж, мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг сонслоо.
-Давын өмнө ямар асуудлыг шийдэх, гарцыг олохоор ярилцав?
-Мэдээж аялал жуулчлалыг ямар ч дэд бүтэц, зам харгуй байхгүй хөдөө хөгжүүлнэ гэдэг их хэцүү л дээ. Шилийн богд гэхэд л ус муутай. Дээр нь зөвхөн аялал жуулчлалд зориулан цахилгааны шугам татна гэвэл зардал мөнгөнөөс эхлээд дийлэхгүй. Гэхдээ өнөөдөр Сүхбаатар аймаг Архангай, Өвөрхангайгаас аялал жуучлалын салбар ихээхэн хоцорч хөгжиж эхэлж байгаа нь бас давуу тал болно. Бид анхнаас нь Талын агуй, Шилийн богд, хилийн боомтод байгуулах томоохон цэнгээний газрууд, рестораныхаа нэгдсэн зураг төсвийг хийгээд эхнээс нь маш дэс дараатай хөгжүүлээд явчихвал онол практик хоёр амьдрал дээр зэрэгцэн оршиж, төдий чинээ амьдрах чадвартай болох юм.
Жишээлбэл нэг жуулчлын бааз нь морь унуулж холын аялал хийлгэдэг бол нөгөөх нь зөвхөн унадаг дугуйгаар ойр орчмын түүхэн дурсгалт газруудаар аялуулдаг ч гэдэг юм уу маш зохион байгуулалттай эхлэх боломжийг бидэнд өгч байна. Эхнээс нь маш тодорхой томоор харж зөв эхлээд явбал алсдаа Сүхбаатар аймаг жинхэнэ талын аяллын өлгий нутаг болох бүрэн боломжтой.
Харин эхнээс нь ямар ч нэгдсэн зохион байгуулалтгүй энд тэнд нэг хэдэн гэр бариад, шороо тоос бужигнуулаад байх юм бол нэг талаасаа хөгжиж байгаа мэт боловч нөгөө талаасаа аялал жуулчлалын салбарт дорвитой тэсрэлт хийж яагаад ч чадахгүй.
Одоо аль нь эхлээд босох юм, хөрөнгө оруулалт нь хаанаас хийгдэх юм гээд асуудлаа дэс дараатай шийдээд явахаар төлөвлөж байна. Бидний хувьд гадны хөрөнгө оруулалтыг маш сайн дэмжиж, орж ирсэн хөрөнгө оруулалтыг нь түшиглэн аялал жуулчлалын үндэсний ажиллах хүчнээ бэхжүүлж авахыг давын өмнө чухалчилж байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд хөрөнгө оруулалт нь гадных ч гэлээ нэмүү өртөгийг нь Сүхбаатар аймаг авч үлдэх бодлого бидэнд их үр дүнтэй гэж тооцоолж байна.
-Эхнээсээ санал болгож, нааштай хариу сонссон зүйл байгаа юу?
-Байлгүй яахав. Санал болгоод эхнээсээ туршиж байгаа. Жишээлбэл Баруун-Урт Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдчихлоо.
Одоо Баруун Европыг Номхон далайтай холбохын тулд Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл 277 км засмал зам тавих нь эхний зорилт болоод байна. Дараа нь төмөр зам яригдаж байгаа.
Баруун Европыг Номхон далайтай холбохын тулд Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл 277 км засмал зам тавих нь эхний зорилт болоод байна.
Ингээд бид одоо эхнээс нь жуулчны баазуудаа бодлогын хувьд босгоод явахгүй бол нэг газар хэдэн гэр шовойлгосноор Сүхбаатар аймагт аялал жуулчлал жинхэнэ ёсоор хөгжихгүй.
Энэ байдлаа өмнөх алдаатай туршлагаас харж мэдэрч байгаа нь бидний давуу тал юм.
-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хууль эрхзүйн хувьд тушаа, чөдөр болж байгаа зүйл бий юу?
-Одоохондоо тийм ч нээлттэй болоогүй байгаа. Бидэнд тушаа болох зүйлүүдийг бага багаар таньж, ойлгож эхлээд байна. Төр засгийн зүгээс богино хугацаанд олон зүйлийг шийдэж өгч байгааг хэлэх ёстой. Жишээлбэл аялал жуулчлалын визийг шууд хил дээр олгодог болж эхэллээ. Цаанаас шууд ирээд л хил дээрээс визээ аваад ороод ирэх нөхцөл бүрдсэн гэсэн үг. Дээр нь хавсралтаар хил орчмын иргэд нааш, цаашаа чөлөөтэй зорчих боломжтой болсон.
Хуучин Монгол Улс зөвхөн Замын-Үүд, Алтанбулаг хоёр боомтдоо ач холбогдол өгч, маш их цаг хугацаа, боломж алдсан. Одоо энэ байдлыг яаралтай засах нөхцөл бүрдэж эхэлж байгаа нь яах аргагүй ололт, дэвшил мөн. Яг энэ асуудалд Сүхбаатар аймаг ихээхэн ач холбогдол өгч хил орчмын болон талын аяллыг хөгжүүлэх бодлогоо боловсруулсан. Одоо зөвхөн зоригтой ажил хэрэг болгох, бизнесийн олон шинэ санаа, сэдэл, хөрөнгө оруулалт даллан дуудах их ажил биднийг хүлээж байна.
-Хил орчмын аялал жуулчлалд тодорхой ихээхэн хөрөнгө оруулалт шаардагдана. Үүнийг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байна?
-Сая Монголын эдийн засгийн чуулган “Итгэлцэл” уриан дор болж өнгөрлөө. Товчхондоо итгэлцэл бол зөвхөн уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбарт төдийгүй аялал жуулчлалын салбарт ч маш их хэрэгцээтэй, дутагдаж байгаа зүйл мөн. Ялангуяа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд харилцан итгэлцэл, бизнесийн тогтвортой найдвартай түнш, хууль эрх зүйн орчин, аюулгүй байдлын баталгаа хамгийн чухал. Энэ талаар бодитой сургамжтай жишээ ч байна.
Жишээлбэл манай Баян хайлаастай гэдэг газар нэг сая орчим ам.доллараар эхний кемпээ барьчихаад байтал мэргэжлийн хяналтын байгууллага дааж давахын аргагүй шаардлага тавьж, нутгийн иргэд, бас янз бүрийн ТББ-ууд очиж хөөж туусан байгаа юм. Ингэнгүүт л нөгөө хөрөнгө оруулагчид чинь “За болъё. Бушуухан буцъя” гээд хамаг юмаа хураагаад эхэлж байгаа юм. Тэгэхээр энэ шинэ салбарт итгэлцэл, аюулгүй байдлын баталгаа хамгийн чухал болоод байна.
Энэ бүхнийг нэг аймгийн Засаг дарга ч шийдчихдэг юм биш. Үүнийг улс орны хэмжээний асуудал болгож, төр засгийн зүгээс шийдэх ёстой юм. Бизнесийн аюулгүй орчин, хууль эрхзүйн орчны найдвартай баталгааг хөрөнгө оруулагчдын өмнө нэн яаралтай бүрдүүлэх нь энэ салбар ганцхан Сүхбаатар аймаг гэлтгүй Монгол орны өнцөг булан бүрт цэцэглэн хөгжих үндэс суурь нь болох юм. Тэр үед аяндаа энэ салбарт хөрөнгөө оруулъя, хамтраад ажиллая гэсэн хүмүүс захаас аваад байгаа юм. Эхнээсээ саналаа ч өгцгөөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|