“Монгол жинчин” экспортод чиглэсэн төслийг мэргэжлийн гадаад худалдааны Рояал Ресурс Монголиа ХХК хэрэгжүүлж буйгаа олон нийтэд зарлалаа.
Төслийн хүрээнд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүнүүдийг дэлхийн тавцанд гарган, таниулан сурталчлах, худалдаалан борлуулах ажлыг хэрэгжүүлэх юм.
Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс эхний удаад БНХАУ-ын зах зээлд зургаан салбар дэлгүүр нээх бөгөөд эхний дэлгүүр энэ оны долоодугаар сард Эрээн хотод нээгдэх юм байна.
“Монгол жинчин” төсөлтэй хамтран ажиллах хүсэлтэй жижиг дунд үйлдвэрлэгч, үйлдвэр, ААН-үүд энэхүү дэлгүүрт өөрийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах бүрэн боломжтой гэв.
Гэхдээ энэхүү төсөлтэй хамтран ажиллах үйлдвэрлэгчдийн тоо хязгаартай бөгөөд эхний ээлжинд шаардлага хангасан 100 ААН, иргэнтэй хамтран ажиллах юм байна.
Энэ тухай үйлдвэрлэл эрхлэгчид дөрөвдүгээр сарын 10-ны Баасан гарагийн 09.00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах ҮНДЭСТЭН ДАМНАСАН ҮНДЭСНИЙ БРЭНД ФОРУМ-д оролцож, мэдээлэл авч, хамтран ажиллах боломжтой ажээ.
Чуулга уулзалтад томоохон үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй бүхий л иргэд ирэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаагаа мэдэгдлээ.
“Монгол жинчин” төслийн зөвлөх, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Л.Оюун “Жижиг дунд үйлдвэрлэлийг гадаад зах зээлд гаргах бодит төсөл хэрэгжиж байгаад ач холбогдол өгч байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийн борлуулалтыг дэмжих нь ЖДҮ эрхлэгчдэд үнэхээр тус болно. Мөн валют орж ирэх хамгийн гол суваг нь экспорт. Экспортыг дэмжсэнээр төгрөг чангарахад нэмэр болно.
Би Баасан гарагт зохион байгуулагдах форумд ХАМТДАА ХӨГЖЬЕ хэмээх илтгэл танилцуулна” гэдгийг онцоллоо.
“Монгол Жинчин” төслийн удирдагч, Рояал Ресурс Монголиа ХХК-ийн захирал С.Ариунболд
-Төслийн эдийн засгийн үр ашиг ямар байх вэ?
-Төслийн хүрээнд бид эхний жилдээ 38 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулж, улсад 466 сая төгрөгийн татвар бүрдүүлж өгнө.
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, ялангуяа уул уурхайн бус үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар давуу тал, боломж бий болж байгаа вэ?
-Их олон жил яригдсан асуудал. Бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах юмсан гэсэн хүсэл бүх үйлдвэрлэл эрхлэгчдэд байдаг гэж бодож байгаа. Гэхдээ зохион байгуулалттайгаар гарсан тохиолдол цөөхөн байх. Манай компанийн хувьд монгол үйлдвэрлэлээ зохион байгуулалтад оруулж, дэлхийн зах зээлд гаргаж байгаа.
-Ямар төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулагдах вэ?
-Ноос ноолуур, сүлжмэл эдлэл, хүнс, гар урлал, арьс шир гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулна гэсэн зорилттой.
-Төсөлд хамрагдаад бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулах хүсэлтэй тухайн аж ахуйн нэгжээс ямар нэгэн төлбөр авах уу?
-Мэдээж хэрэг бид хамтарч ажиллаж байна. Зөвхөн энэ төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа байгууллагаас гадна үндэсний үйлдвэрүүд, төр засаг, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудтай хамтраад бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх болно.
Хамтран ажиллах боломжийн тухай дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд болох чуулга уулзалтаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!