Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

30 мянган орон сууцыг хэрхэн борлуулах вэ?

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2013 оны зургадугаар сарын 14-нөөс олгож эхэлсэн. Өмнө нь өндөр хүүтэй авсан орон сууцны зээлийг ч мөн найман хувь руу шилжүүлсэн  билээ.  

2013 оны зургадугаар сарын байдлаар 33,028 иргэн орон сууцны зээлтэй байсан бөгөөд жил хагасын хугацаанд буюу 2015 оны нэгдүгээр сар гэхэд  67,233-т хүрч даруй хоёр дахин нэмэгдэж банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2.9 тэрбум төгрөгт хүрчээ.

Нэгдүгээр сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 30.9 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.1 хувиар буурсан  байна. Үүнийг эдийн засгийн байдал хүндэрсэн, орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлөх хуримтлалтай иргэдийн нөөц дууссан гэх шалтгаануудаар тайлбарлаж байгаа. 

2014 онд 25 мянган орон сууц ашиглалтад орж 7 мянга орчим нь борлогдолгүй үйлдээд байгаа

Гэтэл 2014 онд 25 мянган орон сууц ашиглалтад орж долоон мянга орчим нь борлогдолгүй үлдээд байгаа талаар Барилга Хот Байгуулалтын яамнаас мэдээлсэн. Энэ жил өнгөрсөн жилийн борлогдоогүй үлдсэн орон сууцтай нийлээд 30 мянга орчим орон сууц иргэдэд очиход бэлэн болох аж. 

 

Бэлэн болсон орон сууцнуудаа худалдах, эргэлтэд оруулах шаардлага тулгарч байгаа учир төрийн болон төрийн бус байгууллагууд дараах санаачилгуудыг гарган хэрэгжүүлж байна.

 

Орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийг бууруулах

Барилга, Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар "Ипотекийн зээлд жилд 480 тэрбум төвлөрдөг бөгөөд эргэн төлөлт сайтай зээлд багтдаг. 

Орон сууцны найман хувийн зээл үргэлжилнэ

Орон сууцны найман хувийн зээл үргэлжилнэ. Ингэхдээ зарим өөрчлөлт хийнэ. Зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувьд Засгийн газрын зүгээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлж, баталгаа гаргана. 

Мөн найман хувийн зээлд хамрагдахад орон сууцны талбайд 80 ам.метр гэж босго тавьсныг чөлөөлж, нээлттэй болгохоор төлөвлөж байна" гэсэн юм.

Ипотекийн зээлийг олгож эхлэх үед урьдчилгааг 10-30 хувь байлгах талаар яригдаж Монгол банк, арилжааны банкуудтай зөвшилцөж байгаад урьдчилгааг 30 хувь байхаар тогтож байжээ.Тиймээс БХБЯ-ны зүгээс урьдчилгааг 10-20 хувь болгох боломжтой гэсэн шийдлийг гаргаж ирсэн бөгөөд одоогийн байдлаар урьдчилгааг 10 хувь болгох эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байна.

Урьдчилгаа 30 хувийг төлөх боломжтой хуримтлалтай иргэдийн нөөц нэгэнт шавхагдсан тохиолдолд барилгын салбараа уналтад оруулахгүйн тулд төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай хэдий ч урьдчилгааг 10 хувь болгох нь арилжааны банкуудын хувьд эрсдэлтэй юм. 

 

Хоёр их наяд төгрөгийн хөрөнгөтэй орон сууцны зээлийн сан байгуулах /санал/

Барилга Хот Байгуулалтын яамнаас гарч буй зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувьд Засгийн газрын зүгээс эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэг үзүүлэхтэй төстэй бас нэгэн саналыг Монголын Залуучуудын Холбооноос гаргаад байгаа юм.

Монголын Залуучуудын Холбооны Тавдугаар их хурал гуравдугаар сарын 28-нд болсон бөгөөд тус хурлаас гаргасан тогтоолд хоёр их наяд төгрөгийн хөрөнгөтэй орон сууцны зээлийн сан байгуулах саналыг Засгийн газар, Монгол банкинд хүргүүлнэ гэжээ. 

Энэ сангаас ипотекийн зээлд хамрагдах эрмэлзэлтэй хүн бүрт урьдчилгаа төлбөр гаргах, зээл олгох зарчмаар дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.

Уг сан байгуулагдвал орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй хэдий ч урьдчилгаа төлбөргүй төр, хувийн хэвшилд ажилладаг хэн ч санхүүгийн дэмжлэг авах боломжтой болох аж. Гэхдээ нэг асуудал гарч ирнэ. Банкны зээлээ төлөхийн хажуугаар сангаас авсан зээлээ хэрхэн, хэзээ, ямар хэмжээтэйгээр эргэн төлөх вэ.

Банкинд, санд гээд авсан цалин, олсон мөнгөө төлөөд шинэхэн орон сууцандаа хоосон хонох уу?

 

Төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Улаанбаатар хотын орон сууцны сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах зарчмын тухай” асуудлыг хэлэлцэж баталсан.

 "Улаанбаатар орон сууц" нэртэй сан байгуулагдаж, нийт 15 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр эхэлж байгаа.

Үүний хүрээнд  "Улаанбаатар орон сууц" нэртэй сан байгуулагдаж, нийт 15 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа эхэлж байгаа. Уг сангийн хөрөнгөөр 26,000 төрийн албан хаагчийн орон байрны асуудлыг шийднэ гэдгийг Нийслэлийн Засаг Даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хэлж байсан.

Төсөлд тусгагдсанаар Нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж буй албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувиар дэмжлэг үзүүлэх бөгөөд худалдан авах гэж буй орон сууц нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан, метр квадратын үнэ нь 1.5-1.75 сая төгрөг байх шаардлагыг тавьж байгаа.

Барилгын компаниудын зүгээс нийслэлийн энэ шийдвэрт талархалтай хандаж байгаа бөгөөд ингэж дэмжихгүй бол орон сууц худалдан авагчдын тоо цөөрсөөр байгааг хэлж байгаа.

Орон сууц худалдан авагч нь төрийн албанд гурваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан, анх удаа орон сууц худалдан авч байгаа хүмүүс байх ажээ. Уг шалгуурыг хангаж байгаа нийслэлийн харьяаны төрийн албан хаагчдын хувьд шалгуурт нийцэх үнэ, байршил бүхий орон сууцаа олох л үлдлээ.

Харин хувийн хэвшилд ажилладаг иргэдийн зүгээс төр үргэлж төрийн албан хаагчдаа л дэмжиж, тусалдаг хэмээн шүүмжилж байгаа.


 

Нийслэл хотод сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 4,000, 40,000, 100,000 айлын  орон сууц зэрэг олон төсөл  хөтөлбөр хэрэгжиж барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. 

Дээрх хөтөлбөрүүд нь дан ганц барилгын салбарыг хөгжүүлээд зогсохгүй иргэдээ орон сууцанд оруулах, нийслэл хотын агаарын бохирдлыг багасгах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өсгөх гээд олон эерэг үр дүнд дагуулах ёстой. Тиймээс барилгын салбараа уналтад оруулалгүй, банкуудаа эрсдлээс хамгаалсан шийдлээр иргэдээ орон сууцтай болгох хэрэгтэй байна.

Энэ жилийн хувьд 30 мянган орон сууц зах зээлд бэлэн болж байгаа, худалдан авагч цөөрсөн гэдэг шалтгаанаар орон сууцны үнэ буурна гэх таамаг байгаа. Тиймээс орон сууцны үнэ буурч байгаа эсэх, үнэ буурах нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар дараагийн сурвалжлагаараа хүргэх болно.