9,230 иргэн торгуулиа буцаан нэхэмжлэх эрхтэй боллоо

ШӨХТГ-аас зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотой шийдвэрүүд хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар НИТХ-аас 2013 оны наймдугаар сард гаргасан “Зориулалтын автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ыг хууль бус байсныг тогтоожээ.
Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам батлах нь Цагдаагийн Ерөнхий Газрын даргын бүрэн эрхэд хамаардаг асуудал учир НИТХ-ын гишүүдэд захиргааны арга хэмжээ авч тус бүрийг 960,000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан "Цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг 55,000 төгрөг байхаар тогтоосон Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны тушаал дээрх зөрчлийг арилгасан гэж үзлээ.
Тиймээс 2013 оны наймдугаар сарын 29-нөөс 2014 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл автомашинаа журамлуулж 70,000-80,000 төгрөгийн торгууль төлсөн 9,230 иргэн торгуулиа буцаан нэхэмжлэх эрх үүсч байгаа юм" гэлээ.
Мөн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу зөрчил гаргасан жолоочийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагчийн шийдвэрээр тусгай хашаа /талбай/-нд зөөж шилжүүлнэ”, “шийдвэр гаргасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагч тухайн тээврийн хэрэгслийн гадна талд үзлэг хийнэ” гэж тус тус заасан байна.
Дээрх эрх зүйн зохицуулалтаас үзэхэд тээврийн хэрэгслийг шилжүүлэх бүрэн эрхийг гагцхүү хяналтын улсын байцаагч эдлэх бөгөөд улсын байцаагчийн эзгүйд аж ахуйн нэгж байгууллагын ажилтан зөөх эрхгүй байна.
Цагдаагийн Ерөнхий Газар нь аж ахуйн нэгжүүдэд замын хөдөлгөөний хяналтын улсын байцаагчийн шийдвэргүйгээр бусдын тээврийн хэрэгслийг шилжүүлэх, хууль бусаар үйлчилгээний хураамж авах эрх олгосон нь хууль бус үйлдэл ажээ. Тиймээс Цагдаагийн Ерөнхий Газарт хууль бус үйлдлээ таслан зогсоох шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлсэн байна.
Түүнчлэн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор“Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” батлан мөрдүүлсэн нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хуулиар олгогдоогүй байна гэж үзсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

