Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр хөгжилтэй орнууд саарал усны технологид хэдийнэ шилжсэн

Ч.Чулуунцэцэг
2015 оны 3 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

Усны нөөцийн нэгдсэн менежментийн сургалт, судалгааны төвийн захирал, тэргүүлэх профессор Д.Басандоржтой “Саарал ус”-ны ярилцлаа.

-Саарал ус гэж чухам юуг хэлээд байна вэ. Та тайлбарлаж өгөхгүй юу?

-Монгол Улсад Усан хангамж ариутгах тухай хууль гэж бий. Уг хуулийн тодорхойлолтыг дэлхийн сонгодог утгаар ойлгож “grey water” буюу саарал ус гэдэгтэй харьцуулаад үзэхээр буруу болчхож байгаа юм. Монголчууд саарал ус гэхээр цэвэрлэх байгууламжаас гарсан гэж ойлгодог. Wikipedia тольд зааснаар гал тогооны өрөөний угаалтуураас гарч байгаа, шүршүүрийн эсвэл  гар нүүрээ угаасан усыг л саарал ус гэж нэрлэж байгаа юм. 

Харин эдгээрийг тусад нь авч цэвэршүүлээд буцаагаад 00-д ашиглах технологийг саарал усны технологи гэнэ. Саарал усны менежмент арваадхан жилийн настай.

Ихэвчлэн усны нөөц багатай орнуудад хэрэгждэг. Саарал усыг зөвхөн уул уурхайн салбарт зам норгох төдийд  ашигладаг гэж хэлж болохгүй. 

Саарал усны чанарт тавигдах шаардлага гэж бий. 

Саарал усны чанарт тавигдах шаардлага гэж бий. Машин угаах, барилгын шавар зуурах, зүлэг ногоо услах, хөдөө аж ахуйд, хүнсний ногооны усалгаанд ашиглахдаа ч стандартыг нь мөрдөх ёстой.

Харамсалтай манай оронд одоогоор ямар ч стандарт энэ тэр алга.Тиймээс бусад орны жишигт тулгуурлан саарал усны стандартыг боловсруулах ажлын хэсэг  байгуулагдсан. Удахгүй саарал усны стандарттай болно. 

Таван толгойн ордод  олборлолт явуулж буй компани  цэвэрлэх байгууламжаас ирж буй усаа тоосжилт бууруулахад хэрэглэтэл Мэргэжлийн хяналтынхан ирээд “Бохир усыг ашиглаж байна, ийм стандарт байхгүй, хуулийн дагуу торгууль хүлээлгэнэ” гэсэн байгаа юм. Энэ нь стандарт байхгүй, эрхзүйн орчин төгс бүрдээгүйн улмаас үүссэн асуудал.  

Саарал, хар, шар ус гэж байдаг. Энэ нь усны менежменттэй холбогдож, боловсронгуй  болгосон зүйл. Хар ус гэдэг нь 00-н өтгөнийг татаж байгаа ус, шар  нь шээсийг татаж байгаа ус юм. 

Цэвэрлэх байгууламжаас гарч гол мөрөн рүү хаягдаж байгаа усыг цэвэршүүлсэн бохир ус буюу хаягдал бохир ус гэдэг. Эдгээрийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 

-Саарал усны тухай хууль байдаг уу? 

 Дэлхийн бусад улс оронд байдаг ч манайд бол үгүй. 

-Саарал усыг уул уурхайн салбарт ашиглах нь хамгийн тохиромжтой гэж ойлгож болох уу? 

-Манай улсын үйлдвэрлэлийн усны жилийн хэрэглээ 400-500 сая шоо метр. Ойрын жилүүдэд  энэ тоо 20-30 хувиар нэмэгдэх шинжтэй байна. Усны нийт хэрэглээний 84 хувийг үйлдвэрлэлд ашигладаг. Өөрөөр хэлбэл, эрчим хүч, уул уурхай, газар тариалан, барилга гэх мэтэд. Үүнээс хамгийн том хэрэглэгч нь уул уурхай, эрчим хүчний салбар.  

Тиймээс уул уурхайн салбарт усыг дахин ашиглах боломж ямар байна вэ гэдэг асуудлаар технологийн судалгааг бид хийж байна.  Ус хамгийн ихээр ашигладаг энэ салбарт  төр,засаг анхаарлаа хандуулж, ус бага хэрэглэх технологид нэн даруй шилж гэдэг шаардлагыг тавих цаг болсон.

Нөгөөтэйгүүр ийм технологид шилжих аваас компанийн эдийн засагт  хэмнэлт үүсэхээс гадна байгаль экологид ч хэрэгтэй юм. Зөвхөн уул уурхай гэхээр л бүгдийг нь хараар будаад байж болохгүй. 

Манай улсын үйлдвэрлэлийн усны жилийн хэрэглээ 400-500 сая шоо метр.

Төмөртийн овооны Цайрт минералын орд, уулын баяжуулах “Эрдэнэт”  үйлдвэр, Шинь шиний Улаан мухрын орд, Ухаа худгийн нүүрсний үйлдвэр зэрэг томоохон орд бүхий аж ахуйн нэгжүүдийн хэрэглэсэн усаа дахин ашиглаж буй технологид хийсэн судалгааг үндэслэн  уул уурхайн усны менежментийн зураглалыг ерөнхийд нь гаргаж  байгаа. 

Уул уурхайнхны  ашиглаж буй  усны үнийг нэмсэн. Иймд аж ахуйн нэгжүүд ашигласан усаа дахин ашиглах технологид шилжих аваас бага мөнгө төлнө.  Уулын баяжуулах “Эрдэнэт”  үйлдвэр гэхэд хэрэглэсэн усныхаа 90 хувийг усыг дахин  ашигладаг болсон. Бусад үйлдвэр, уурхай ч ийм маягаар усаа дахин ашиглах бололцоотой. Ингэснээр маш их ус хэмнэнэ. Тиймээс аж ахуйн нэгж гэлтгүй айл өрх бүр  усны менежментийг сайжруулах чиглэл рүү анхаарлаа хандуулах ёстой.

-Та одоо ямар туршилт, судалгаан дээр ажиллаж  байна вэ? 

-Нано технологиор ус цэвэршүүлэх чиглэлийн төсөл дээр ажиллаж байна. Төслийн үр дүнд Туул голын бохирдсон усыг Нано технологиор цэвэршүүлэх юм. Мөн усны менежментийн  судалгаан дээр  ажиллаж байна. Саарал усыг зөв хэрэглээсэй гэж боддог.

Энэ үүднээс саарал усыг 00, угаалтуур зэрэгт хэрхэн ашиглах талаар сургалт маягийн туршилтуудыг хийсэн. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх  шинэ технологийг Монгол хүн нээж, туршиж үзчихээд байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд удахгүй танилцуулна.

Хамгийн гол нь Монголын хүйтэн өвлийг даах чадвартай л байх хэрэгтэй. 

-Дэлхийн бусад улс орон саарал усыг ахуйн хэрэглээндээ ашигладаг уу?

-Хөгжилтэй орнууд саарал усны технологид хэдийнэ шилжсэн. Энэхүү технологийг  нэвтрүүлэхэд юун түрүүнд  гал тогоо, ариун цэврийн өрөөндөө тус тусад нь  бохирын хоолойг хийж өгөх хэрэгтэй. 

Үүний үр дүнд гал тогоо, шүршүүрийн усыг цэвэршүүлээд, буцаагаад 00 руу өгч болох юм. Манайд томоохон усан сан байгуулах ажил маш чухал. Монгол Улс усны нөөцийг одоо болон ирээдүйд арвижуулах бодлого байх хэрэгтэй. Усны аюулгүй орон байх ёстой. Мэдээж үүнд хөрөнгө мөнгө их шаардагдана. 

-Бид саяхныг хүртэл усыг үнэ цэнэтэй баялаг гэж үздэггүй, тоодоггүй шахам урсч л байдаг зүйл гэж боддог байлаа. Гэтэл тэр үнэт баялаг маань хэмжээтэй байж? 

-Хамгийн сайн арга бол гацаах, хатаах арга л байна даа (инээв). Ерөнхийлөгч нэгэнтээ усгүйгээр нэг өдөр амьдарч үзье гэх санаачилгыг  гаргаж байсан. Энэ нь маш зөв. Яагаад гэвэл төр,засгийн өндөрлөгт заларсан эрхмүүд усны  үнэ цэнийг  мэдэрч  эхэлнэ гэдэг нь хонгилын үзүүрт гэрэл асаж  байгаатай адил. Ер нь усны боловсролыг олгох цаг болжээ. 

Ус өөрөө амьдрал учраас боловсролын тогтолцоонд нэмж оруулбал хүүхдүүд багаасаа мэдлэг мэдээлэлтэй болох төдийгүй  усыг яаж бага, зөв зарцуулах вэ гэдгийг ойлгодог, мэддэг болно. Ийм маягаар амьдралын боловсролыг олгох хэрэгтэй. Манай говийнхон усыг маш их хүндэлдэг. Ховор зүйл, үнэт баялаг учраас тэр.  

Зөвхөн усны салбарынхан л ярьж  иргэд нь энэ талын мэдлэггүй, боловсролгүй бол  шүлс хаях дайны үнэ цэнэгүй ажил болно. Иймд  төр, засаг усны  боловсролын асуудалд чухал ач холбогдол өгөх хэрэгтэй. Ус хүнийг гоё сайхан харагдуулж, амьдруулж бас үхүүлж ч чадна. Тийм шидтэй эд. 

Голландчууд далайн далангийн такс гэж төлдөг юм билээ. Усны түвшин ихсэх тусам таны цалингаас авах мөнгө нэмэгдэх жишээтэй. Энэ бол усны менежмент сайн хөгжсөнийх. Одоо шинэ ус буюу new water гэдэг ойлголт дэлгэрээд байна.

Сингапур, Малайзад борооны усыг тосож, бохир усаа цэвэрлэж дахин ашигладаг. Гэтэл Монголчууд цэвэр усаар машинаа угааж, барилгын шавар зуурч, мод,зүлгээ усалдаг. Үүнийг саарал усаар шийдэх ёстой. Дэлхий нийтэд усыг дахин цэвэршүүлдэг технологи  эрчимтэй  хөгжиж байна. 

-Саарал усыг ахуйн хэрэг­цээнд ашиглаж болох уу?

-Жишээ дурдвал, гадаадын ямар ч буудалд буудаллахад саарал усанд л орно. “Don"t use, don’t drink” гэсэн бичиг хаалганд нь өлгөөстэй байдаг шүү дээ.  Уух ус нь тусдаа. Энэ нь саарал усыг ахуйн хэрэгцээнд ашиглаж буйн тод жишээ. Ахуйн хэрэгцээнд ашиглахад заавал уух усны хэмжээнд хүртэл цэвэрлэх шаардлагагүй. Ундны ус өөр стандарттай.

-Танд уншигчдад маань санал болгож хэлэх зүйл байвал. 

-Ус өөрөө эрчим хүч гаргана, ухаантай, увдистай. Тиймээс ус хөгжлийг дууддаг. Өмнөд Солонгос, Япон эрчимтэй хөгжөөд байгаагийн нууц нь усны менежментээ маш сайн хөгжүүлснийх. Усны аялал жуулчлал, загасны аж ахуйг хөгжүүлж байна, ер нь устай бол юуг ч хийж, бүтээж болно. Бид ядаж л Туул голдоо усан сан барьчих ёстой. 

Монголчуудын тал хувь нь амьдардаг том айл болох нийслэлийн усан хангамжийн асуудлыг шийдчихвэл наад зах нь нов ногоон хот болох боломжтой. Говьд томоохон усан сан барьчихвал баялгаа байгаль экологид халгүй байдлаар ашиглах бололцоо бүрдэнэ. Ахин хэлэхэд, усан объектуудыг барих асуудал маш чухал. Олсон орлогоо хүмүүст бага багаар тарааж байхын оронд байгалиас заяасан Хөвсгөл, Увс, Хяргас, Хар ус гэх томоохон гол нууруудаа түшиглэн Монгол орны нийт ард түмний төлөө юм  ийгээсэй.
 
Хятадад гэхэд сансраас хүртэл  харагддаг  маш их  хуримтлагдсан устай “Гурван хагацлын усан цахилгаан станц” гэж бий. Үүнээсээ эрчим хүч гаргаж  хэрэглээгээ хангаж байна. Энэ бүхнээс мөнхийн баялаг гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.

Зураг