Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан дэлийн агуйг төрийн хамгаалалтад авъя

Б.Солонго, Зууны мэдээ
2015 оны 3 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол орны хамгийн урт агуйгаар тогтоогдсон ч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд судлагдаагүй Цагаан дэлийн агуй Дорноговь аймгийн Айраг сумын нутагт бий. Уул уурхайн хар мөрийн цаана мартагдах дөхсөн тус агуй ямар гайхалтай нууцыг агуулж байгааг олж мэдэлгүй, байгалийн өвөрмөц тогтоцтой энэ газраа зөв ашиглан хамгаалж чадалгүй өнгөрсөн тоон дээр ярих цаг тун ойрхон иржээ.

“Зууны мэдээ” сонины сурвалжлах баг Дорноговь аймгийн Айраг сумын төвөөс баруун зүгт 25 орчим км зайд, тус сумын Нард багийн нутагт орших Цагаан дэлийн агуйгаас дараах сурвалжлагыг бэлтгэн уншигч танд хүргэж байна.

Агуйн нийт урт нь 1.2 км бөгөөд одоогоор Монгол Улсдаа хамгийн уртад тооцогдож буй тус агуйг нэг өдрийн өмнө ч болов улсын тусгай хамгаалалтад авч, судалгаа шинжилгээг дорвитой, далайцтайгаар эхлүүлэхийн тулд яг өнөөдөр газар дээр нь бодит байдал ямар байгааг мөн агуй доторхыг судалсан мэдээлэл зэргийг цуглуулан энэхүү сурвалжлагыг бэлтгэсэн юм. Дашрамд дурдахад Цагаан дэлийн агуйг сонирхон орж байсан, судалж, шинжилж байсан эрдэмтэд болон иргэдэд манай сонин нээлттэй байх болно.

АГУЙН АМ НЭЭГДСЭН ЦАГ ХУГАЦАА ЗӨРҮҮТЭЙ БАЙНА

Айраг сумын Баруун цагаан дэл хэмээх газар нь өнөөдрийн байдлаар хамгийн их ашиглалтын лиценз бүхий талбайтай. Цагаан дэлийн агуй байрладаг газарт очиход тэнд байгалийн дурсгалт газар байгаа гэсэн ямар ч шинж тэмдэг мэдэгдэхээргүй болжээ. Тэнд зөвхөн энд тэндгүй тэсэлж, дэлбэлсэн, ухагдсан, орхигдсон нүх, овоолсон шороо л харагдана.

Харин дунд нь торойн харагдах хамгаалалтын хашаа байх бөгөөд 2008 онд орон нутгийн удирдлагууд тухайн үед агуйн ам бүхий газарт лицензтэй байсан “Эжумэн” компанитай гэрээ хийж, хашаа хатган, агуйн ам руу орох бетонон шат зэргийг хийлгэн олборлолт хийхийг хоригложээ. Өөрөөр хэлбэл, 2008 оноос л Цагаан дэлийн агуйн ам орчмын хэсэгхэн газар тайван болсон байна.

Бүр анхнаас нь болсон явдлыг сийрүүлбэл, 1979 онд Айраг суманд байрлаж байсан Онцгой дэглэмтэй хорих ангийн н.Нанзан ахлагчтай хэсэг жонш олборлох зорилгоор тэсэлгээ хийхэд агуйн ам гарсан тухай орон нутгаас нь мэдээлж байгаа юм.

Цагаан дэлийн агуйг тойроод ашиглалтын лиценз бүхий 10 компани байна.

Улмаар 1990 онд Монголын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид, гадаадын судлаачидтай хамт ирж тус агуйд судалгаа хийхдээ бяруун толгойн чинээ араатны толгой, дундаа хуруу орохоор нэвт нүхтэй булууны яс зэргийг гаргаж судлахаар авч явсныг сумын уугуул иргэд баталдаг байна.

Гэхдээ тухайн үед авч явсан яснуудын талаар эргээд ямар нэг мэдээлэл байхгүй гэж байв. Судлаачидтай хамт агуй руу орж гарч байсан иргэд одоо ч сумандаа амьдарч байгаа бөгөөд бид дараагийн нийтлэлдээ тэдний сонирхолтой яриаг оруулах болно.

Харин агуй нээгдсэн цаг хугацааны тухайд агуй судлаач, доктор Э.Авирмэдийн 2008 онд хэвлүүлсэн “Монгол орны агуй” номонд бичсэнээр 1968 онд хайлуур жонш авч байсан 27 дугаар сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор нурж, агуйн ам нээгдсэн гэжээ.

Анх орсон хүмүүс агуй дотор ус, мөс, бүтнээрээ шахам байсан нохой шиг толгойтой том амьтан, өөр бусад амьтны яс маш их байсныг үзэж Шинжлэх Ухааны Академид захиа бичин судалж үзэхийг хүсч байсан тухай өгүүлжээ. Агуйн ам нээгдсэн цаг хугацаа ийнхүү зөрүүтэй тэмдэглэгдэн үлдсэн байна.

2000 оны эхээр Айраг сумын газар нутгийн 90 хувь нь уул уурхайн лицензэд эзлэгдсэн. Өнгөрсөн хугацаанд ихэнх лицензийг цуцалж, одоо 14 хувьд хүргэж чадсан. Цагаан дэлийн агуйг тойроод ашиглалтын лиценз бүхий 10 компани байна. Олборлолт нь дууссаны дараа нөхөн сэргээлтээ хийлгэж авах нь л бидний хувьд чухал байгаа юм. Анх лицензүүд нь бүгд хувь хүний нэр дээр гарсан байдаг. Тухайн хүмүүс лицензээ аж ахуй нэгжид шилжүүлж зарсан байдаг хэмээн Айраг сумын Байгаль орчны мэргэжилтэн Т.Бямбацогт ярьж байлаа.

2002-2006 ОНД ХАМО ИРГЭДИЙН ГАРТ АГУЙН АМ СҮЙТГЭГДЖЭЭ

Агуйн ам эвдэрч, чулуун нуранги үүссэн байдалтай дүр зураг биднийг угтсан. Сайн мэдэхгүй, энгийн хүний нүдээр гаднаас нь харахад уул уурхайн олборлолтын нүх гэж андуурмаар. Гэхдээ агуйн ам эвдэрсэн ч хоёр ам нь бүрэн таглагдчихаагүй, дотор нь орох боломжтой байсан юм.

Гэвч ойр орчимд нь үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудын тэсэлгээ нөлөөлж, чулуу нурах эрсдэлтэй тул жирийн хүмүүсийн хувьд дотогш орох нь аюултайг хамт явсан мэргэжилтнүүд сануулав. Агуйн ам орчмын нурсан чулуутай хэсгүүд ч ирэх болгонд нэмж унасан, өөрчлөгдсөн байдалтай харагдаад байгааг тэд хэлж байлаа. Гэхдээ Цагаан дэлийн агуйн амыг дөнгөж өчигдөр, уржигдархан ингээд нураачихсан хэрэг биш.

Уг газрыг 2002-2006 оны хооронд хувиараа ашигт малтмал олборлогч буюу бидний нэрлэж заншсан нинжа нар гар аргаар жонш олборлох явцдаа ухаж, тэслэн агуйн орчмыг сүйтгэжээ. Учир нь агуйн ам орчмоос маш сайн чанарын жонш гардаг байж. Сумын төв дээр агуйн жонш гэхээр өндөр үнэтэй худалдаж авдаг байсан гэнэ. Аймаг бүрээс ирсэн иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, ихэвчлэн шөнийн цагаар хулгайгаар агуйн ам руу орж жонш олборлодог байж. Агуйн амны ойролцоо жонш авахаар улайрч байхдаа шороонд дарагдан 10 гаруй хүн амиа алдсан харамсалтай түүхтэй газар гэнэ.

Цагаан дэлийн агуй байгаа талбайд 2000 онд Ашигт малтмалын газраас “Таван баатар” компанид хайгуулын лиценз олгожээ. Улмаар 2007 онд “Эрдэс плазм” компанид, 2008 онд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эжумэн” компанид лиценз нь шилжиж, тэр ондоо ашиглалтынх болжээ.

Ямартаа ч орон нутгийн удирдлагууд 2008 оны аравдугаар сард тус компанитай гэрээ хийж, агуйн амны эргэн тойронд 100м2 газарт олборлолт хийхийг хориглон, агуйн ам руу орох бетонон шатыг хийлгэж, хашаа хатгасан байна.

Улмаар 2010 онд “Эжумэн” компанийн талбайд хүн амины хэрэг гарч, лицензийг нь цуцалснаас хойш тухайн талбайд дахин тусгай зөвшөөрөл олгогдоогүй. 2010 онд Цагаан дэлийн агуйг сумын байгалийн дурсгалт газар болгон, 2011 онд аймгийн тусгай хамгаалалтад агуйн амыг тойрсон 3.63 га газрыг, 2013 онд 116 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. “Эжумэн” компани нь тухайн үед ашиглалтын хоёр лицензтэй байсан бөгөөд нэгийг нь “Мөнхийн болор хүрээ” компанид шилжүүлсэн.

Одоо “Мөнхийн болор хүрээ” компанийн гэрээт хамгаалалтын “Сор” компанийн ажилчид агуйн ам орчмыг хамгаалж байна. “Мөнхийн болор хүрээ” компани нь тусгай хамгаалалтад авсан 116 га газрын гадна талд кэмпээ нүүлгэж байгаа бөгөөд хэрэв энэ ажил нь дуусвал агуйг хамгаалж байгаа хамгаалалтын ажилтнууд компаниа дагаад нүүнэ.

Энэ тохиолдолд улсаас хөрөнгө мөнгө гаргаж агуйн амыг хамгаалахгүй бол өмнөх хамгаалалтгүй үе шигээ орхигдон үлдэхийг сумын удирдлагууд хэлж байв.

ДОТРОО ЖИЖИГХЭН НУУРТАЙ, МӨСӨН УНЖЛАГАТАЙ

Цагаан дэлийн агуй байрлаж байгаа бөгөөд эргэн тойронд нь жоншны олборлолт явагдаж байна. Агуйн ойролцоо ашиглалтын лиценз бүхий 10 компанийн талбай бий.

Цагаан дэлийн агуй хоёр амтай. Нэг нь эгц доошоо дүүжингээр ордог, нөгөө нь 2-3 метр орчим гүн, таван ханатай гэрийн буйрын хэмжээтэй нүх байсныг орж үзсэн нутгийн иргэд ярьдаг гэнэ. Түүнчлэн дотор нь ороход сэрүү татсан, агуйн гүнд зарим газраа улаан хондтой, цэнхэр туяатай мөс байсныг баталж байна.

Харин судлаачдын тэмдэглэж үлдээсэн мэдээллүүдээс хамгийн дэлгэрэнгүй нь агуй судлаач, доктор Э.Авирмэдийн “Монгол орны агуй ном” юм.

Тус номонд дурдсанаар уг агуй нь дотор талын үзэмж гайхалтай бөгөөд агуйн доторх кварцит болон талст бүрдэл, нуурын цэнгэг ус, мөсөн танхимын уруу унжуу багана, хана бүрхсэн олон мөсөн талст, эртний амьтны ясны цуглуулгыг хамгаалах шаардлагатай гэжээ. Гэхдээ түүний хийсэн судалгаа 2008 оноос өмнөх үед хамаарах билээ.

Үргэлжлэл бий...

Зураг