Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэврийн хяналтыг сайжруулна

ikon.mn
2015 оны 3 сарын 23
www.ikon.mn
Зураг зураг

Улсын Их хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн бие засах газар, гар угаалтуурын тоог нэмэгдүүлж, нөхцөлийн сайжруулах” зорилтыг тусгасан билээ. 

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги, бүлэг дүүргэлт өндөр байгаагаас нэг суултуур, угаалтуурт оногдох хүүхдийн тоо 1.5-2 дахин ихэссэн нь ариун цэврийн байгууламжийн нөхцөл, эрүүл ахуй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, гараа угаах боломж нөхцөл бүрдэхгүй байгаа нь бага насны хүүхдийн дундах халдварт өвчин буурахгүй байгаагийн нэг шалтгаан болж байна.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын хууль, дүрэм, журмуудыг үндэс болгон Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яам, Эрүүл мэнд, спортын яам, Барилга, Хот Байгуулалтын яам, ШУТИС, Францын ЭйСиЭФ ОУ-ын ТББ хамтран энэхүү баримт бичгийг боловсруулж, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд, Эрүүл Мэнд, Спортын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлаад байна.

Энэхүү норм, шаардлага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрыг ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах хамгийн наад захын шаардлагыг тогтоон, үндэсний хэмжээнд мөрдөх юм. Уг хамтарсан тушаалаар баталсан норм, шаардлагыг нийт аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёлын газрын дарга нарт танилцуулах, хэрэгжүүлэх арга замын талаар зөвлөлдөх сургалтыг 2015 оны гуравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. 

Цаашид хөдөөгийн сумдын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ундны болон ариун цэврийн усан хангамжийг сайжруулах, бие засах газар, халуун усны өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй дэвшилтэт технологийн дагуу сайн загварыг орон нутагт турших замаар энэхүү шаардлагыг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.