ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Английн Их Хаан III Ричардын гунигт түүхийн ялгуусан төгсгөл

Зууны мэдээ
2015 оны 3 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

Урвалт, хуйвалдааны золиос болсон Английн хаан III Ричардын хэдэн зууны турш сураггүй байсан шарилыг 2012 онд олжээ. Судалж шинжилж, мөн болохыг нь тогтоосны эцэст амь үрэгдсэнээс нь хойш 530 жилийн дараа буюу энэ оны гуравдугаар сарын 26-нд тус улсын Лейстер хотын цогчин дуганд төрийн ёслол хүндэтгэлтэйгээр дахин оршуулах гэж байна.

Дундад зууны үе гэхэд түүх сударт хаадын намтар түүхийг бичиж үлдээх соёл нэлээд хөгжсөн байдаг. Тиймээс тэр үеийн хамгийн өндөр хөгжилтэй улсын нэг Английн хаадын түүх бараг л алдаа мадаггүй бичигдэж ирсэн гэдэг. Гэсэн ч III Ричард хааны түүх ихээхэн бүдэг бадаг үлдсэнээр барахгүй, хойч үе түүнд өс хонзонгийн улмаас ихээхэн харлуулж, гутаан үлдээсэн байдаг. Гэвч энэхүү гунигт түүхийн учир олдох цаг өнөө бидний үед ирж, Их хааны нэр төрийг албан ёсоор сэргээх ихээхэн сэтгэл хөдөлгөсөн сайхан үйл явдал болж байна.

Энэхүү түүхийг миний бие 2012 оны намар хүртэл дуулаагүй байсан. Миний хүү СУИС-д суралцаж байхдаа төгсөлтийн дипломын ажилдаа Английн жүжгийн нэрт зохиолч У.Шекспирийн  “III Ричард хаан” жүжгийг найруулан туршихаар шийджээ. Тэгтэл энэ жүжгийн зохиол өмнө нь Монгол хэл дээр орчуулагдсан байж.

Гэхдээ дэлгэрсэн ном гараагүй, зөвхөн дунд л цөөн хувь байснаас хагас дутуу хэдэн хуудас олж авсан байна. Жүжгийн орчуулга англиас биш, орос хэл дээр хөрвүүлсэн орчуулгыг Монгол болгосон. Чанарын хувьд тааруу, ойлгоход төвөгтэй байв. Энэ тухай надад хэлэхэд нь би хүүдээ зориулж шинээр англи эхээс нь хөрвүүлж өгөхөөр шийдсэн юм.

Тэгтэл орчуулж эхлэх явцтай зэрэгцээд III Ричард хааныг оршуулсан байж болзошгүй газар олдсон юм. Тэндээс залуу эрэгтэй хүний араг яс гарсан байх ба тэрхүү үлдэгдлийг хааных мөн эсэхийг тогтоох ажил явагдаж байв. Ингэж шарил нь олдох хүртэл хааныг хаана оршуулсан нь тодорхойгүй байжээ. Тухайн үед албан ёсны төрийн оршуулгын ёслол хийгээгүй өнөөг хүртэл мартуулан хаясан байж. Шарилыг нь Лейстер дахь Грейфрайерсийн сүмд булсан, Сор голд хаясан зэрэг цуурхал үлдсэн байна.

Дээр дурдсан У.Шекспирийн зохиол нь түүний бичсэн хамгийн сайн сонгодог зохиол болон өнөөг хүртэл дэлхийн театруудад тоглогдож байдаг хосгүй бүтээл болсон. Уг зохиолд Ричард хааныг үзэшгүй муухай царайтай, бөгтөр нуруутай, доголон, маш хорон санаатай хүн болгон харуулснаар уран зохиол дахь бүх цаг үеийн хамгийн сонгодог эсрэг дүр болгон гаргаж иржээ. Энэхүү жүжиг гарсан цагаас эхлэн энэ нь III Ричард хааны бодит намтар мэт ойлгож хэдэн зуун дамжин бүр бидний үед хүрч ирсэн байна.

У.Шекспир ийнхүү хааны намтрыг харлуулан бичсэн нь хаан ширээнд залгамжлан гарч ирсэн Тюдорынхны захиалгаар хийгдсэн улс төрийн зорилготой бохир ажил болох нь цаг үе улирах тусам тодорхой болжээ.

Йоркууд ялалт байгуулснаар Глостэрийн гүн Ричардын ax IV Эдвард 1461 онд хаан болов.

Английн төрийг барьж байсан Плантагенет удмынхны залгамжлагчид болох Йорк болон Ланкастер гэх хоёр омгийн хооронд өрнөж олон жил үргэлжилсэн төрийн эрхийн төлөөх ширүүн тэмцлийг түүхэнд Офнайн дайн гэх болсон нь Йоркууд сүлдэн дээрээ цагаан сарнайтай, Ланкастерүүд улаан сарнайтай байсантай холбоотой юм. Энэ урт удаан, хатуу ширүүн тэмцэлд Йоркууд ялалт байгуулснаар Глостэрийн гүн Ричардын ax IV Эдвард 1461 онд хаан болов.

Сүүлд хаан ах нь өөд болоход эх нь IV Эдвардыг эцгээс нь өөр хүнээс төрүүлсэн гэж баталснаар залгамжлагч болох ёстой ханхүү ч хууль бус гэж тооцогдсон тул гүн Ричард хаан ширээнд өргөмжлөгдөж Английн түүхэнд III Ричард хаан нэрээр гарч ирсэн юм.

Тэрээр дөнгөж хоёрхон жил засаг барьсан ч хууль цааз, татварын бодлогыг эрс шинэчлэн сайжруулсан байна. Анх удаа бүх хуулийг хүмүүст ойлгомжтой болгохын тулд Латин, Франц хэлнээс Англи хэл рүү хөрвүүлж, хуулийн хараат бус байдал, гэм буруутай нь тогтоогдоогүй бол хүнийг буруутай гэж үзэж болохгүй, батлан даалтаар гаргах гэх мэтийн чухал зарчмуудыг нэвтрүүлжээ.

Мөн тэрээр хаанд өргөмжлөгдөхдөө Англи хэлээр тангаргаа өргөсөн Английн анхны хаан болсон байна. Бас импортын барааны татварыг өсгөж өөрийн орны үйлдвэрлэгчид,худалдаачдыг дэмжиж байсан ба ном унших, хөгжим сонсох дуртай байснаас ордонд номын сан, хөгжмийн хамтлаг байгуулж байжээ.

Ричард авхаалжтай, эрэмгий зоригтой залуу байсныг хаан ахыг нь түлхэн унагасан Уорвикийнхонтой дахин байлдахад ахтайгаа хамт тэмцэж ялалт байгуулж байснаас харж болно. Мөн тэрээр умард нутгийн захирагч байхдаа Ланкаггерууд болон Шотландуудын довтолгоог няцааж, чухал тулаануудад ялалт байгуулан нутгаа хэдэн арван жилийн турш амар амгалан байх нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Мөн тулалдаанд өөрийн биеэр оролцож амь үрэгдсэн Английн сүүлчийн хаан болсон юм.

Гэвч түүхэнд харлан үлдсэн хааны хэлмэгдсэн хувь заяаг залруулж нэр төрийг нь сэргээх зорилгоор 1924онд Англид “III Ричардын нийгэмлэг” гэж байгуулагдсан байна. Нийгэмлэг өнгөрсөн бүх хугацаанд чамгүй их ажил хийсний үр дүн 2012 онд гарах нь тэр. Тус нийгэмлэгийн гишүүн зохиолч, нийтлэлч, жинхэнэ Рикардиан болох Филиппа Англи судалгаа хийж хайсаар байгаад Лейстер хотод Грейфрайерсын сүмийн туурь байсан газрыг олж  улмаар хаана малтах ёстойг ч барагцаалан гаргав.

Малтлага хийх газар нь машины зогсоол болон хувирсан байлаа. Зохих зөвшөөрөл олж авах, санхүүжилт босгох зэргээр хэсэг хугацаа өнгөрсний эцэст Лейстерийн их сургуулийн археологийн тэнхим оролцож малтлага эхлэв. Удалгүй араг яс олсноор Их хааных мөн эсэхийг тогтоох нөр их ажил өрнөлөө.

Хамгийн орчин үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглан криминалистик, ясны шинжилгээ, цацраг идэвхт нүүрстөрөгчөөр хугацааг тодорхойлох, удам зүйн судалгаа, ДНХ-ийн шинжилгээ гэх мэт судалгааны ажлын үр дүнд эндээс олдсон араг яс нь сүүлчийн Плантагенет буюу их Хаан III Ричардынх мөн болох нь 99.999 хувьтайгаар тогтоогдож гайхалтай сайхан үр дүнд хүрлээ.

Шинжилгээгээр хэрхэн амь үрэгдсэнийг нь ч тогтоов. Төрсөн хүү нь багадаа нас барснаас удам залгах хүүхэдгүй байсан ч төрсөн эгч Анна Невилийнх нь шууд удмын үрс буюу Ричардын 17, 19 дэх үеэл Майкл Ибсен, Венди Дулдиг нарыг олж тогтоосноор ДНХ-ийн шинжилгээ хийн харьцуулж үзэх боломжтой болсон юм.

Ийнхүү Их хааны шарил олдож мөн эсэхийг нь лавтай тогтоохтой зэрэгцэн Йорк муж Лейстэр хотынхны дунд хэн нь нутагтаа дахин оршуулах ёслолыг авах талаар ширүүн маргаан өрнөж эцэстээ дээд шүүхээр шийдвэр гартал үргэлжлэв. Шүүхийн шийдвэрээр Йоркод аваачих гэсэн Йоркийн удмынхан ялагдаж шарил Лейстэрт үлдэхээр болсон ба одоо төрийн оршуулгын ёслолд бэлдсэн ажил ид өрнөж байна.

Энэ ер бусын үйл явдлын үеэр болсон зарим сонирхолтой зүйлийг дурдвал, аль 1924 оноос нийгэмлэгийн зорьж байсан ажил амжилтад хүрсэн явдал юм. Бас Англи “..Энэ хавьд малтах ёстой” гээд бодсон газартаа ирэхэд нь зогсоолын талбайн яг тэр хэсэгт, өөр машин тавьж болохгүй, (Reserved) эзэнтэй гэж бичсэн англи үгийн эхний “R” үсэг байж байхыг хараад ихээхэн баярлаж балмагдсан явдал.

Малтлага 2012 оны наймдугаар сарын 22-нд эхэлсэн нь яг 527 жилийн өмнө Босвортын тад болсон тулаанд III Ричардын амь үрэгдсэн өдөр байсан ба бас л яг Грейфрайерсийн сүмд оршуулсан өдөр болох наймдугаар сарын 25-ны өдөр шарил олдов.

Ричардыг дэмжигчид нь түүнийг дэмжигч, үнэн мөнийг тогтоох санааг анх гаргагч Дэвид Рикардо (1772-1823) -ийн нэрээр өөрсдийгөө нэрлэн Рикардиан гэж нэрлэх болсон нь бас хааны нэртэй ойролцоо байна.

III Ричардын тухай судалсан, бичсэн, орчуулсан, ажилласан бүгд л хийж байгаадаа бүрэн татагдаж автдаг ажээ. Филиппа Ланглиг хүмүүс “Чи Ричардад дурлачихсан юм уу?” гэж байсан гэдэг. Миний бие ч уг орчуулга дээр ажиллаж байхдаа бас ихэд сонирхон хоол цайгүй сууж, малтлага шинжилгээний тухай, ер нь хааны тухай хамаг л материалыг сонирхон, өрнөж буй үйл явдлыг ажиглаж байлаа.

ДНХ-ийн шинжилгээнийх нь хариу тун удахгүй гарах гэж байсан 2013 оны цагаан сараар Хэнтий аймгийн Дадал суманд суугаа аав, ээждээ золгохоор очоод байхдаа ч шинжилгээ юу болж байгаа бол гэж хүлээж ядаж байж билээ.

Өөр нэг зүйл гэвэл энэхүү ДНХ-ийн шинжилгээгээр одоогийн Хатан хааны өвөг дээдэс жинхэнэ албан ёсны хаан ширээ залгамжлагчид мөн эсэх талаар эргэлзээ гарч ирсэн явдал дэлхийг шуугиулж байна. Гэхдээ энэ нь тусдаа судалгааны том сэдэв юм.

Миний орчуулгаар хүү Амар маань “III Ричард хаан” жүжгийг Ардын жүжигчин Б. Мөнхдорж багшийнхаа удирдлага дор найруулан тавьсан нь шалгалтын комиссоос өндөр үнэлэлт авч, дипломоо амжилттай хамгаалсан билээ.

Б.Эрдэнэбилэг / Орчуулагч, хэл шинжлэлийн ухааны магистр /

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг