-Тээшиндээ эмнэлгийн тоног төхөөрөмжөө багтаасан. Жуулчны визтэй Солонгосчууд бүсгүйчүүдийн гоо сайхнаар тоглодог уу-
“Мөнгөө төлөөд эмнэлгийн цэвэрлэгчээр тариа хийлгэ” гэвэл хэдэн хүн хийлгэх бол. Мэдээж эмч биш, яаж чадах юм гэх мэтээр бөөн асуудал үүсгэх нь тодорхой. Тэгвэл манайхан өөрийгөө эмч гэж хэлсэн гадаад нөхөр дээр очиж, эд эрхтэн, эрүүл мэндээрээ мөнгө төлж тоглуулаад байгаа нь үнэхээр “гайхалтай”.
Өөрийгөө л тэр эмнэлгийн тийм эмч гэж хэлж байгаагаас биш түүнийг эмч гэдгийг батлах ямар ч баримт бичиг байхгүй байхад амь нас эрүүл мэндээ түүний гарт атгуулж байх жишээтэй. Гадаад эмч гэхээр л ид шидийн гартан мэт итгэх иргэд тэдэнд гомдоохооргүй орлого оруулсаар. Тийм болохоор энэ мэт эмч нэртэй луйварчдын цуваа тасрахгүй байгаа хэрэг.
Хэдхэн хоногийн өмнө Солонгос эмч залуухан бүсгүйн эрүүл мэнд, гоо сайхнаар “наадчихсан” гэх нэгэн мэдээлэл цахим ертөнцөд цацагдлаа.
Ам дамжсан яриа болон хямд үнийг бодож мэргэжлийн бус зөвшөөрөлгүй газруудаар хагалгаа хийлгэснээс болж гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь харамсалтай.
Тухайлбал, өнгөрсөн Баасан гарагт нэгэн эмэгтэй өөрийн цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүддээ хэрхэн хохирсон талаараа сэрэмжлүүлэг хүргэсэн юм. Тэрбээр “Өглөөний мэнд, та нартай сэтгэлд байгаа зүйлээ хуваалцмаар байна. Учир нь ганц өөрийгөө бодоод чимээгүй тэвчээд, болж буй үйл явдлыг дараад өнгөрүүлэхийг хүссэнгүй ээ.
Би жил дөрвөн сарын өмнө алтан утас хийлгээд маш гоё ямар ч үрчлээгүй, хөгширдөггүй гэсэн мэдээллийг уншаад, энэ талаар хийлгэсэн гэх олны танил эмэгтэйгээс сонирхон асуутал миний сонссон мэдээллийг батлан ярьсан.
Тэр ч бүү хэл нүд бүлтийнэ, хамар өндөр болно, уруул дөрвөн талаасаа татагдаж томорно, үрчийхгүй, дух наашаа товойно гэх мэт маш гоё үр дүнг амласан.
Тэгэхээр нь эргээд тухайн эмнэлэгт хандахад хүлээж аваагүйгээр барахгүй надад алтан утас тавьсан эмч байхгүй, Солонгос руугаа явсан бид мэдэхгүй гээд маш муухай харьцсан. Би яг үнэндээ ямар эмчилгээ хийлгэхээ ч мэдэхгүй маш хүнд байдалд орсон. Арга буюу анх танилцуулж мэдээлэл өгсөн эмэгтэйд хандахад мөн л эмнэлгийн ажилчидтай яг адилхан харьцсан.
Ингээд яах учраа олохгүй Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт хандахад, Монгол Улсад стандартаар батлагдаагүй сөрөг нөлөө ихтэй хэзээ ч хайлдаггүй металл гэдэг хариу авсан. Уг нь бол хайлдаг алтан утас хийж байгаа юм билээ. Хамгийн аймаар нь арьсан доороос буцааж авч болохгүй тэр бүү хэл арьсны хорт хавдар үүсэж магадгүй гэсэн хариу аваад байна.
Та нар минь миний энэ явдлаас сургамж авч, хэн нэгний үгэнд итгэж амьдарлаа, гоо сайхнаа битгий үрээрэй. Би харамсаад ч барахгүй байна. Доорх зураг саяхан арьсан доороос цухуйж гарч ирсэн байдал. Сэрэмжлүүлэг болгох үүднээс бичлээ.
Арьсан доороос буцааж авч болохгүй тэр бүү хэл арьсны хорт хавдар үүсэж магадгүй гэсэн хариу аваад байна.
Зөвөөр ойлгоно байх гэж найдаж байна. /Алтан утас гээд зүү хийсэн байсан надад/” гэжээ Энэхүү мэдээллийн дагуу хохирогч бүсгүйтэй холбогдон тус эмнэлгийн талаар сурвалжлага бэлтгэхийг хүссэн ч тэрбээр “миний өмгөөлөгчтэй холбогдоорой” гэсэн хариу өгсөн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч бүсгүй “Алтан зүү” гэх уламжлал эмнэлэгт хагалгаа хийлгэсэн байна.
Тэгвэл тухайн эмнэлэг өнгөрсөн оны хоёрдугаар сард “Инсанг Самсунг” гэх эмнэлгийн эмч нар ямар ч зөвшөөрөлгүй үзлэг оношилгоо хийж байсан нь МХЕГ болон Гадаадын Иргэн Харьяатын Газрын хамтарсан шалгалтаар тогтоогдож тухайн үед үйл ажиллагааг нь зогсоож байсан аж.
Жуулчны визээр оруулж ирсэн Солонгосчуудаар үзлэг, оношилгоо хийлгэж байсан байдаг. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар гаднаа “Алтан зүү” дорно дахины уламжлалт эмнэлэг гэх хаяг зүүсэн ч дотроо гоо сайхны мэс ажилбар явуулдаг байсан гэнэ.
Тус эмнэлгийг одоо ажиллаж байгаа эсэхийг утсаар тодруулахад “Би орчуулагч нь байна. Эмч нь нутаг буцсан байгаа. Тиймээс эмнэлгийн үйл ажиллагаа зогссон” гэсэн хариу өгсөн юм. Харин хохирогч бүсгүйн асуудлыг шалгаж байсан МХЕГ-ын улсын байцаагч хөдөө томилолттой учир холбогдож чадсангүй.
Хүзүү нүүрнээс авхуулаад бүх биеэр алтан утас гүйлгэж тавьдаг.
Ер нь гоо сайхны хагалгаа хийх зөвшөөрөлгүй газарт хагалгаа хийлгээд хохирсон гэх иргэд ихэссэн гэнэ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ төрлийн бизнесийг ямар ч зөвшөөрөлгүй, тээшиндээ эмнэлгийн тоног төхөөрөмжөө багтаасан, жуулчны визтэй Солонгосчууд ирээд, явуулын эмнэлэг ажиллуулаад хийдэг болсон гэдгийг хэлж байсан юм.
Уг нь бол хуулийн дагуу эхлээд Эрүүл мэндийн яам эмчлэх тусгай лиценз авсныг үндэслэн Гадаадын Иргэн Харьяатын Газраас хөдөлмөрлөх эрхлэх, оршин суух зөвшөөрлийг олгох ёстой байдаг.
Энэ мэт албан ёсны бичиг баримт нь гүйцэт болсны дараа л эмчилгээ оношилгоо, үйлчилгээгээ монголчуудад хуулийн дагуу үзүүлэх ёстой. Гэтэл явуулын буюу ямар ч зөвшөөрөлгүй газарт эмчилгээ, хагалгаа хийлгэж буй “гэнэн хонгор” бүсгүйчүүдийн хамаг мөнгийг халааслаад нутаг буцна.
Харин буух эзэнгүй, буцах хаяггүй газарт очиж эрүүл мэнд, гоо сайхнаараа тоглуулсан бүсгүйчүүд нүдэндээ нулимстай, хэнд хандаж, хэрхэн эмчлүүлэхээ ч мэдэхгүй үлдэж байгаа нь харамсалтай.
Тиймээс ямар ч зөвшөөрөлгүйгээр манай улсад эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн гадаадын иргэнд тооцох хариуцлагын тогтолцоог чангатгах нь зайлшгүй шаардлагатай байна. Харин “ухааны хоосролд орсон” хямдхан зүйлд нүдээ ухаж өгөхөд бэлэн иргэд хэчнээн хүн хохирсны дараа ухаан суух вэ гэдгийг хэлж чадахгүй нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!