Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ХБНГУ-ын Ханновер хотод 40 орчим Монгол иргэн амьдардаг

open.parliament.mn
2015 оны 3 сарын 16
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шостокийг хүлээн авч уулзав.

ХБНГУ-ын Ханновер Хотын дарга Ш.Шосток уулзалтын эхэнд “Эрхэмсэг ноён З.Энхболд та манай улсад албан ёсны айлчлал хийж буйд баяртай байна. Манай хоёр орны харилцаа бүхий л салбарт хөгжиж байна.

Эдүгээ Ханновер хотод Монгол Улсын 40 орчим иргэн амьдарч байна. Бид өнөөдөр техникийн эрин зуунд амьдарч байгаа боловч биечлэн уулзалт хийхийн ач холбогдол туйлын их билээ. Иймээс тантай уулзах завшаан олдсонд байртай байна гээд УИХ-ын даргыг Ханновер хотын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурахыг урьсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд Ханновер хотын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа үг хэллээ.

Тэрбээр, ХБНГУ-ын Доод Саксон мужийн нийслэл Ханновер хотоос айлчлалаа эхлүүлж байгаадаа баяртай байна.  ХБНГУ нь манай улсын Европ дахь гол түнш орны нэг. “Себит” Олон улсын мэдээллийн технологийн томоохон үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд оролцоно. Олон улсын болон дотоодын олон арван үзэсгэлэнг зохион байгуулдаг гол төвийн нэг болох Ханновер хотод зочилж буйдаа баяртай байна.

Монгол Улс саяхан Берлин хотод болсон “ITB-2015” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор оролцсон. Цаашид хоёр орны олон талт харилцаа тэр дундаа аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоо их буйг онцлов.  

Монгол Улсын зарим аймаг, хотууд ХБНГУ-ын Баваар, Хэссэн муж улсуудтай хамтран ажиллах тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Цаашдаа орон нутаг хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлж,  Доод Саксон муж Улсын Ханновер хоттой хамтын ажиллагааны эхлэлийг тавих нь чухал болохыг онцлон тэмдэглэв.

Монгол Улсад зохиогддог олон төрлийн үзэсгэлэн, яармагт Ханновер хотын удирдлага, хувийн хэвшлийн төлөөлөгчдийг урьж оролцуулах зэргээр хамтын ажиллагааг  эхлүүлэх хэрэгтэй гэлээ.