Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Путингүй Орос оронд учирч болох гурван үйл явц

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Арван тав орчим жилийн турш Владимир Путин ямар ч өрсөлдөгчгүйгээр хаалттай, босоо тогтоцтой, хувь хүний тоглолттой улс төрийн системийн оройд суусаар ирлээ.

Үүний ч үр дүнд Оросын олон нийтийн судалгаагаар Путинээс өөр сонголт байхгүй гэсэн үзүүлэлт тогтмол харагддаг.

Тэгвэл Путин гэнэт улс төрийн тавцангаас буувал Орост юу болох вэ?

Сүүлийн хэд хоног тарж байгаа зарим цуурхлаас үүдэн ийм айдас дэлхий нийтэд бий болоод байна.

Хэрвээ Путин Оросын тогтвортой байдлын баталгаа юм бол Путингүй улс төр Оросыг тогтворгүй байдал, тэр тусмаа цус урсгасан тогтворгүй байдалд шилжүүлэх юм биш биз ?

 

Үндсэн хуулийн өрнөл

Албан ёсоор Оросын үндсэн хуульд ерөнхийлөгчийн эрх мэдлийг шилжүүлэхийг мэдээж заасан байгаа.

Оросын үндсэн хуулийн 92 дугаар зүйлд хэрвээ ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэх чадваргүй болвол ерөнхий сайд нь түр орлож, ерөнхийлөгчийн сонгууль гурван сарын дотор зохион байгуулагдах ёстой.

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчид Думыг тараах, референдум зарлах, үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй.

Сонгуулийн хуулиар Төрийн Думд суудалтай намууд болох Нэгдсэн Орос нам, Коммунист нам, Либерал Ардчилсан нам, Зөвхөн Орос нам нь хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй.

Бусад намууд 100,000 хүний гарын үсэг цуглуулж Сонгуулийн Төв Хороогоор баталгаажуулснаар нэр дэвшигч гаргаж ирж болно.

Тиймээс Путин гэнэт огцорч, үндсэн хуулиа дагавал ерөнхий сайд Дмитрий Медведев Кремльд буцан ирж, гурван сарын дотор сонгууль болно.

 

Зөвшилцлийн өрнөл

Ийм тайван, хууль ёсны эрх мэдэл шилжилт Орост болох магадлал бага.

Зөвлөлтийн үед ч коммунист эрх мэдлийг гартаа авахын тулд хөшигний ард хүнд жингийнхний тулаан өрнөдөг байсан гэдэг.

Сүүлд гэхэд ерөнхийлөгч Борис Ельцин тэтгэвэртээ гарах болоход улс төрийн гол тоглогчид дотор зөвшилцөл явагдан хэний ч төсөөлж байгаагүй Владимир Путиныг гаргаж ирсэн.

Тэгээд тэд өөрсдийн санхүүгийн, захиргааны, мэдээллийн бүх нөөцөө ашиглаж байж Путиныг сонгуульд ялуулсан билээ.

Ельциний дотоод хүрээлэлд байдаг олигархиудад энэ нь ашигтай байсан хэрэг.

1996 оны ерөнхийлөгчийн сонгуулиар мөн ийм зөвшилцөлд хүрч, гол олигарх зөвшөөрснөөр хэдийгээр өвчинд баригдаж, нэр хүнд нь унаад байсан ч Борис Ельцинийг дахин сонгосон билээ.

 

Сөргөлдөөний өрнөл

Хэрвээ зөвшилцөлд хүрэхгүй бол юу болох вэ?

Путины засаглал дор ерөнхийлөгчийн хувийн тоглолт, төвлөрсөн удирдлагаар сөргөлдөгч талуудын хүчний харьцааг тэнцүүлэн барьж байв.

Гэвч Путины хүрээллийнхэн Украйны хямрал эхэлснээс хойш хагаралдаж, Борис Немцовыг алагдсаны дараа зөрчил улам бүр нэмэгдсэн гэдэг.

Сэтгүүлч, шинжээч Раф Шакировын хэлж байгаагаар “бүлэглэл хоорондын зөрчил илүү ноцтой, эрчимтэй болсон, өөр өөр бүлэглэлүүд өөр өөр зам сонгохыг тулгаж байгаа нь гарцаагүй” гэнэ.

Гол зөрчил Украйны хямрал, Оросын Барууныхантай үүсгэсэн үл ойлголцолд хүргэсэн гэх эрх баригч “шонхрууд” болон илүү зөөлөн, нөхөрсөг бодлого баримтлахыг эрхэмлэдэг “либерал бүлэглэл”-ийн хооронд болж байгаа гэнэ.

Шакировын үзэж байгаагаар эрх баригчид шилжилтийн явцад эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд ширүүн тэмцэл хийнэ. “Тэд бараг л хязгааргүй байгаа эрх мэдлээ алдах эрсдэл хийхийг хүсэхгүй” гэж Шакиров дүгнэж байна.

Үүнтэй адил, зөрчилдөөн болох магадлал өндөр гэж улс төрийн шинжээч Марат Гюлман үзэж байгаа юм. Тэр Кремлийн хатуу чиг баримтлагчдыг “хууль бус тоглолтонд амташсан, өөрт нь хууль зөрчих, бусдыг алах эрх байгаагаа мэдэрсэн хүмүүс” гэж тодорхойлжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe/Radio Liberty