Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Путин яагаад үзэгдэхгүй байна вэ?

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Москвад ямар нэгэн зүйл болоод байна гэж Барууныхан үзэж байна.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин олны өмнө ил гаралгүй найм хоноод байгаа юм. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 5-нд Италийн ерөнхий сайдтай уулзалт хийснээс хойш тэр огт үзэгдсэнгүй.

Түүний талаарх цуу яриа Казахстаны Астанад энэ долоо хоногт хийх байсан айлчлал цуцлагдсанаар бүр хүчтэй болжээ. Казахстаны тал Ройтерт мэдээлэхдээ Путины айлчлал эрүүл мэндийн шалтгаанаар цуцлагдсан гэв.

Гэвч Путины төлөөлөгч Дмитрий Песков удаа дараа эрүүл мэндтэй холбоотой асуултад няцаалт өгч байлаа. Тэр хэлэхдээ “байнгын уулзалтууд хийж байгаа. Өнөөдөр ч, маргааш ч тэр уулзалттай. Аль нь олон нийтэд мэдээлэгдэхийг би мэдэхгүй байна” гэжээ.

Гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн баярт оролцож байгаа зураг нийтлэгдсэн ч энэ нь 5-ны зураг болох нь батлагджээ.

Энэ сэжигтэй байдлын улмаас Оросын блог орчинд түүнийг нас барсан гэх цуурхал тарсан байна.

Бүр найз бүсгүй гимнастикч Кабаева нь хүүхэд төрүүлсэн тул эцгийн үүргээ гүйцэтгэн улс төрөөс түр холдсон гэх ч яриа байгаа юм.

Гэхдээ эдгээрт ямар нэг баттай эх сурвалж байхгүй.

Энэ үзэгдлийг өөрөөр таамаглаж байгаа хүмүүс ч байна. Тухайлбал Еврази группын ерөнхийлөгч Ян Бреммер “Путин бол маш сонин ааштай хүн. Тэр хүмүүсийг зориуд хүлээлгэн, янз бүрээр таамаг гаргуулж, өөр рүүгээ чиглэсэн хүчийг сарниах арга хэмжээ авч байж болзошгүй” гэлээ.

“Тэр бас дотоод асуудлуудаа зохицуулахад төвлөрч байж магадгүй. Немцовыг алагдсанаас хойш дотроо зохицуулах асуудал хамгийн чухал болсон нь тодорхой” хэмээн нэмж хэлжээ.

Гэтэл өчигдөр Россия 24 сувгаар түүнийг Киргизстаны ерөнхийлөгч Алмазбек Атамбаевтай Даваа гарагт уулзсан тухай мэдээлэл цацагдсан байна.

Яагаад Даваа гарагийн уулзалтыг Баасан гарагт мэдээлэв гэдэг нь бас нэг оньсого. Үзүүлсэн дүрс бичлэг нь ч хуучны дүрснүүд, гэрэл зургууд ашигласан байв.

Ингэж удаан хугацаагаар олон нийтэд үзэгдэхгүй байх нь Кремлийн хувьд гайхмаар тохиолдол гэж Блумбергийн Леонид Бершидский ярьж байна.

Түүний хэлснээр Путин 15 жил төр барихдаа нэг өдрөөс илүү хугацаагаар олны өмнө ил гарахгүй байж үзээгүй бөгөөд 2000 онд Курск хөлөг живихэд, 2002 онд Москвагийн театрт олон зуун хүн террористуудад барьцаалагдахад л түр олны нүднээс холдож байсан гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider