Б.Батчимэг: Налайхад 62 ил цооног, цөмрөлт илрүүлж мэдэгдэх хуудас өгсөн
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайргын зориулалттай барилгын чулууг олборлодог байна. Тус ААН-үүдийн үйл ажиллагааг энэ сарын 15-наас шалгаж эхэлжээ. Шалгалт долоодугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Шалгалтын явцад түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлох, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сул мөрдөх зэрэг нийтлэг зөрчил илэрч байгааг албаны хүмүүс хэллээ.
Нийслэлийн Байгаль Орчны Газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Ачмаа “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд, талбай дээр нь хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн хэрэгжилт хангалтгүй, ус ашиглагчийн нийтлэг үүрэг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, хөрс хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, аюултай хог хаягдал хадгалах журмын хэрэгжилт хангалтгүй зэрэг зөрчил, дутагдал илэрч байна.
Өнөөдөр Налайх дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа. Тус талбайд аж ахуйн нэгж шаврын ордын нөөцтэй, тоосго үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй боловч өөр төрлийн ашигт малтмал олборлож, элс хайрга угаах үйл ажиллагаа явуулж байв. Уг зөрчлийг бүртгэж, цааш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилнэ. Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагын зөрчил, дутагдлыг арилгуулж, хуулийн хүрээнд улсын байцаагчийн шаардлага тавьж, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна” гэв.
Экологийн цагдаагийн албаны байцаагч Б.Хосбаяр: Цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг хийж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагад камерын хяналт байгаа эсэхийг шалгаж, зөрчил дутагдлыг илрүүлж, холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна.
Налайх дүүргийн ЗДТГ-ын байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг “Налайх дүүргийн Засаг даргын 2026 оны А172 дугаар захирамжийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах 09 дүгээр ангитай хамтран дүүргийн 3, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүүрсний олборлолтын лицензтэй талбай болон нийтийн эзэмшлийн талбайд ил цооног, нүх сүвийг илрүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.
Үзлэг шалгалтаар нийт 62 ил цооног, цөмрөлт илрүүлж, нүүрсний тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгжид хамаарах талбайгаа аюулгүй болгох хугацаатай мэдэгдэх хуудас өгч ажиллаж байна” хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

