Боломжийг төв рүү биш, иргэдэд ойртуулсан “Өсөлт хөгжлийн төв” Баянхошууд нээлтээ хийлээ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын хамгийн том дүүргүүдийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсэд 60 мянга гаруй иргэн амьдардгийн 31,865 нь хөдөлмөрийн насныхан байна. Эдгээр хүмүүст ажлын байрны боломжоо нэмэгдүүлэх, шинэ мэдлэг мэдээллээр хангагдах хэрэгцээ их байдаг бол тус бүс нутгийн хүүхэд багачуудад хамгийн их тулгамддаг асуудал нь сургалт, хөгжлийн асуудал ажээ. 

Иймд Нийслэлийн Бизнес, Инновацын Газар болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран хүүхэд, залуучууд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Өсөлт хөгжлийн төв”-ийг Баянхошуу дэд төвд нээсэн ба туршилтын хоёр сарын хугацаанд 60 гаруй бичил бизнес эрхлэгчид, 420 гаруй хүүхэд багачууд, 150 гаруй залуучуудад хүрч ажиллаж чадсан байна.

Цаашдаа уг төв нь Баянхошуу орчмын хотын төвөөс 1км-ийн радиусад амьдарч буй 16 гаруй мянган иргэнд хүрч ажиллах боломжтой аж. Тэд энэхүү бодит үр дүнгээ өнөөдөр хуваалцаж албан ёсоор нээлтээ хийлээ. 

Төслийг хэрэгжүүлэхээс өмнө хийсэн орон нутгийн хэрэгцээний судалгаагаар иргэдийн:  

53 хувь нь ажлын байрны боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 71.6 хувь нь хүүхэд, залуучуудад зориулсан хөгжлийн орон зай бий болгох шаардлагатай гэж үзсэн байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянхошуу орчмын хүүхэд багачууд хичээлээсээ гадуур сургалт, дугуйланд явах хэрэгцээ байсан ч хотын төвөөс хол байдгаас болж төдийлөн хамрагдаж чаддаггүй байна. Харин тус бүсэд "Өсөлт хөгжлийн төв"-ийн сургалтууд болох англи хэл болон жюү жицүгийн дугуйлан нээгдсэнээр хүүхдүүд гэртэйгээ ойрхон чанартай сургалт авах боломж нь нээгджээ. 

"Өмнө нь охиноо хэрхэн англи хэлэнд хэрхэн дуртай болгох аргаа нэг л олж өгдөггүй байв..."

Jet олон улсын сургалтын төвтэй хамтран явуулж буй англи хэлний түвшнийг ахиулах сургалтад одоогоор 300-аад хүүхэд үнэ төлбөргүй хамрагджээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Англи хэлний сургалтад хамрагдсан 9 настай Э.Ундрал охины ээж М.Отгончимэг "Охин маань уг төвийн англи хэлний хөтөлбөрт яваад хурдтай ахиц гаргасанд маш их баяртай байгаа. Өмнө нь охиноо хэрхэн англи хэлэнд хэрхэн дуртай болгох аргаа нэг л олж өгдөггүй байсан юм. ЕБС-даа англи хэл үзэж байгаа ч гэсэн түүндээ дургүй, суръя гэсэн хүсэл эрмэлзэлгүй байдаг байсан.

Харин уг сургалтад хамрагдсанаар хүүхэд хүссэн хүсээгүй өөрт нь тохирсон арга барилаар, сонирхлыг нь зөв өдөөж зааж байгаа учраас аяндаа дуртай болоод эхэлсэн. Цаашдаа хол ойр гэхгүйгээр боломж нь хаана байна тэнд сургана гэсэн төлөвлөгөөтэй болсон. 

Ийм насан дээрээ хүүхэд маш сониуч байдаг. Ямар ч хичээл сургалтад эхний хэд хоног дээрээ хүүхэд угаасаа залхдаг учраас дуртай болж эхлээгүй байх үед нь тэсгэл алдаж сургалтыг нь таслуулалгүйгээр тууштай явуулаарай. Тодорхой хугацааны дараа өөрөө дуртай болчихдог. Тууштай байдлыг аав ээж л чиглүүлж өгдөг" гэв. 

"Хотын төв рүү дугуйланд өгье гэхээр хол хүргэж өгөхөөс эхлээд хүндрэлтэй байдаг байв"

Монголын Жюү жицүгийн холбоотой хамтран хичээллүүлж буй уг дугуйланд 120 гаруй хүүхэд хамрагджээ. 

Хотын захуудаар стандартад нийцсэн хүүхдийн клуб, дугуйлангууд ховор байдаг учраас Монголын Жюү жицүгийн холбоо 17 жилийн хугацаанд захын хорооллуудад "Өсөлт хөгжлийн төв" төслөөс гадна өөр олон төсөл дээр хамтран ажилласаар иржээ. Баянхошууд бүртгэл зарласан даруйд долоо хоногийн дотор хүүхэд нь бүрдчихсэн нь уг дутагдлыг тод харуулжээ. 

Хүүхдийн өсөж буй насан дээр спорт, соёлын хэрэгцээ маш чухал байдаг ба спорт бол зөвхөн тэмцээн уралдаан, медалиар хязгаарлагддаг зүйл биш. Хүний төлөвшилд маш их нөлөө үзүүлдэг хүндлэлийн философийг заадаг. Уг төвд жюү жицүгийн сургалт явуулж буй нь нийгмийн хариуцлага, хүүхэд хөгжлийн чиглэлд маш сайн жишиг болж байна гэдгийг Монголын Жюү Жицү холбооны ерөнхийлөгч О.Болд-Эрдэнэ онцолсон юм. 

11 настай О.Түвшинбаярын ээж М.Өлзийжаргал "Манай хүүхэд өмнө нь спортын дугуйланд хамрагддаггүй байсан. Жюү жицүгийн клубтээ явж эхэлснээс хойш өөртөө итгэлтэй, хичээлдээ ч төвлөрөл, төлөвшил сайтай болж өөрчлөгдсөн. Дугуйландаа явах дуртай байгаа. Спортоор хичээллэвэл олон зүйлд нь эерэг нөлөөлөх учраас ийм дугуйлан байгаад маш их талархалтай байгаа. 

Хотын төв рүү дугуйланд өгье гэхээр хол хүргэж өгөхөөс эхлээд хүндрэлтэй байдаг байв. Харин гэртэйгээ ойр төвлөрсөн, үнэ төлбөргүй дугуйлан байгаад маш талархалтай байгаа. Хүүхэд өөрөө ч дуртай байдаг юм байна. Цаашдаа ч хүүхдээ спортоор хичээллүүлэх төлөвлөгөөтэй байна" гэв.  

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Өмнө нь хэрхэн ажилд орох талаар огт төсөөлөл, мэдээлэлгүй байв. Ажил олгогчтойгоо шууд ярилцлагад орохдоо бэлтгэж байна"

Төслийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээн оюутан залуучуудыг ажлын байранд нь бэлтгэх сургалтыг явуулж байгаа ба 150 гаруй залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэж, “Оюу толгой” компанийн ханган нийлүүлэгч байгууллагуудад дадлагажин ажлын туршлага хуримтлуулах боломж бүрджээ. Сургалтаас гадна цаашлаад ганцаарчилсан зөвлөгөө өгч ажил олгогч байгууллагуудтай бэлтгэсэн ажил хайгч залуучуудаа уулзуулах зэрэг шат дараатай явах аж. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Барилгын Политехник коллежийн 2-р дамжааны оюутан Т.Төгөлдөр "Би Барилгын Политехник коллежид агааржуулалт, угсралтын системээр суралцдаг. "Өсөлт хөгжлийн төв"-ийн сургалтад хамрагдсанаар ажилд орохдоо яаж анкетаа өгөх, хүссэн ажлын байрандаа орохын тулд юу хийх ёстой, CV-гээ хэрхэн бүрдүүлэх, ярилцлагаа хэрхэн өгөх, гацахгүйгээр өөртөө итгэлтэй ярих зэрэг ур чадварт суралцаж байна. Өмнө нь хэрхэн ажилд орох талаар огт төсөөлөл, мэдээлэлгүй байсан. Удахгүй ажил олгогчтойгоо шууд ярилцлагад орохдоо бэлтгэж байгаа" гэв. 

"Бизнест хэрэгтэй бүх сургалтуудыг авч байна"

"Төгс уураг" компанийн Гүйцэтгэх захирал Г.Энхмаа "Манай брэнд хөлдөөж хатаах дэвшилтэд технологиор сарлагийн таргийг хатааж бүтээгдэхүүн гаргадаг. Хатаасан таргийн онцлог нь ямар ч хугацаа уртасгагч бодис байхгүй, инновац шингэсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог.

Анх бизнесээ эхлүүлэхэд мэдэхгүй, чадахгүй зүйл маш их байсан. Хөтөлбөрт хамрагдсанаас хойш компанийн онцлог шалгуур ямар байдаг, засаглал нь ямар байх ёстой зэрэг бүх хэрэгтэй сургалтуудаа аваад боловсрогдоод гарч ирж байна гэж хэлж болно. Энэ удаагийн сургалтаар AI болон маркетингийн талаар мэдлэгтэй болох хүлээлттэй байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Баянхошуу бүсийн өрхийн болон дунд, бичил бизнес эрхлэгчдийг сонгож хөрөнгө оруулалт татах зэрэгт бэлтгэж байна"

Нийслэлийн бизнес инновацын газрын Эдийн засаг, хөгжлийн хэлтсийн дарга Г.Дамдинсүрэн "Нийслэлийн бизнес инновацын газар болон "Рио Тинто Монгол" ХХК хамтран манай газрын харьяа Баянхошуу сургалт үйлдвэрлэлийн төв дээр туршилтын хоёр сарын хугацаанд уг төслийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрүүдээс онцолбол Баянхошуу бүсийн өрхийн болон дунд бичил бизнес эрхлэгчдийг сонгож ТОП 100 аж ахуйн нэгж болон компаниудаас хөрөнгө оруулалт татах, гаднын зах зээлд гарах зэрэгт сургалт орж, хятад, солонгос, японы олон улсын форумуудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 120 компани дөрвөн төрлийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан байна" гэв. 

"Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Баянхошуу бүсэд амьдарч байгаа айл өрх, бизнес эрхлэгч болон залуучууд, хүүхэд багачууддаа зориулсан төслөө хэрэгжүүлээд байна"

"Өсөлт хөгжлийн төв" төслийг хариуцсан ерөнхий зөвлөх С.Энхнаран "Рио тинто Монгол ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг. Энэ удаад бид Нийслэлийн бизнес инновацын газартай хамтран төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулсан. Уг түншлэлийн гэрээний хүрээнд Баянхошуу бүсэд амьдарч байгаа айл өрх, бизнес эрхлэгч болон залуучууд, хүүхэд багачууддаа зориулан тэдний өсөлт хөгжлийг дэмжих, эерэг нөлөөллийг авчрах зорилгоор "Өсөлт хөгжлийн төв" төслөө Баянхошуу инновац төв дээр нээгээд байна. 

  • Төслийн гол зорилго нь хүүхэд багачуудын боловсролыг дэмжих, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ хүрээнд бид Монголын Жюү жицүгийн холбоотой хамтран ажиллаж тэдний албан ёсны 41 дэх төвийг Баянхошууд байгуулж хоёр сарын хугацаанд ажиллуулан 125 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулсан байна. 
  • Цаашлаад залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс Зориг сантай хамтран залууст хэрэгтэй зөвлөгөө болсон контентуудыг түгээж бэлтгэх, залуучуудыг ажлын байран дээр гарахад зайлшгүй шаардлагатай ур чадваруудыг системтэйгээр хөгжүүлэн эзэмшүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж 150 гаруй хүүхдийг хамруулаад байна. 
  • Мөн өрхийн болон бичил бизнесүүдийг дэмжин хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба бүтээгдэхүүнийх нь хөгжүүлэлтийг хийх, бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нэвтрүүлэх, AI-д суурилсан борлуулалт хийх, борлуулалтын сувгуудаа нэмэх, тэлэх, хөнгөлөлттэй зээлүүдэд хамрагдах зэрэг цогц системээр бизнес эрхлэгч нараа дэмжиж байгаа одоогоор 60 бизнес эрхлэгч хамрагдаад байна" гэв.