Н.Журамт: Геологийн төв лабораторийн урд талын 5 метрийн өндөртэй нүхэн гарцын замыг аравдугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөж байна

Д.Янжиндулам, ikon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лабораторийн авто замын урд талд баригдаж буй нүхэн гарцын ажлын явц 61.3 хувьд хүрчээ.

Тус нүхэн гарц нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох 1.48 километр авто зам, бүх төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой таван метр өндөр, 28 метр урт хоёр нүхэн гарцтай, гарцуудыг Улаанбаатар төмөр зам болон ТЭЦ-4-ийн салбар төмөр зам доогуур байгуулахаар төлөвлөн авто зам, замын байгууламжийн ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.

Бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллаж байгаа бөгөөд зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээхээр төлөвлөжээ.

Ажлын явцын тухай “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК-ийн төслийн менежер Н.Журамт "Нүхэн гарц нь 1.4 километр авто замтай. Уг замыг Геологийн төв лабораторийн уулзвар болон ТЭЦ-4-ийн замтай холбож байна.

Хоёр нүхэн байгууламж нь Улаанбаатар төмөр зам болон ТЭЦ-4-ийн салбар төмөр зам доогуур ижил бус түвшинд огтлолцоно.

Нэг нүхэн гарцыг барих ажил дуусаж, авто замын газар шорооны ажлыг эхлүүлээд байна. Энэ долоо хоногт авто замын далангийн дээд хэсэг болон хучилт, хөлдөлтөөс хамгаалах үе зэрэг ажлыг гүйцэтгэнэ. ТЭЦ-4 хүртэлх авто замын ажлыг аравдугаар сарын 30-н гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна" хэмээн ярилаа.

Гүйцэтгэл удааширсан талаар Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Нүхэн гарц төслийн захирал М.Золбоо “Тус ажлыг гүйцэтгэхэд ААН-үүдийн газар чөлөөлөлт, түүнтэй холбоотой шүүхийн маргаантай асуудлаас үүдэн гүйцэтгэл удааширсан ч өдгөө газар чөлөөлөлт бүрэн дууссан” гэв.

Нүхэн гарцын бүтээн байгуулалтад авто замаас гадна явган зорчигч, дугуйтай иргэдэд зориулсан зам, гүүр, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламж зэрэг дэд бүтцийг хамтад нь төлөвлөж, төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг хоёр түвшинд явуулах аж.

Тус замаар өдөрт 31,000 орчим машин нэвтэрч, Сонсголон, Гурвалжингийн гүүрний замын ачааллыг хуваалцана гэж тооцоолсон байна.

БНХАУ-ын "ЭКСИМ" банкны нэн хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос нийслэл хотын дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг эхлүүлээд буй.

Харин нийслэлийн 2026 оны төсвөөс "Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих” төслийн нэмэлт ажилд 2024-2026 онд ₮9.1 тэрбум, төслийн техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээнд ₮3 тэрбум нийт ₮12.1 тэрбумыг зарцуулахаар баталжээ.