Б.Даваабаяр: Энэ жил 237 байршилд 47,000 орчим м.кв явган хүний замыг шинэчилсэн
2026 онд нийслэлийн хэмжээнд хийгдсэн тохижилтын ажлын талаар танилцууллаа.
Энэ тухай Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА)Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр "Энэ жил нийслэлийн хэмжээнд 83 байршилд 120 мянган метр квадрат талбайг тохижууллаа.
380 гаруй хүүхдийн тоглоомын талбайд бүрэн засвар шинэчлэлийн ажил хийгдсэн бол 21 байршилд 24 мянган м.кв хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулсан.
33 байршилд 27,000 м.кв талбайд авто зогсоол шинээр байгуулж, 237 байршилд 47,000 орчим м.кв явган хүний замыг шинээр тавьсан байна.
Бичил цэцэрлэгт хүрээлэнг 58 байршилд 81,000 орчим м.кв талбайд байгууллаа.
Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгийн гадна талд тоглоомын хэсэг, явган хүний зам, гүйлтийн зам, авто зогсоолыг шинээр барьж, иж бүрэн тохижуулсан.
Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, "Хавдар судлалын үндэсний төв-2" эмнэлгийн 7 га газрыг тохижуулж дуусаж байна. Тус дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар сургуулийн спорт заалыг шинэчилж, засварласан.
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 1, 2, 12, 13 дугаар байрны дундах хүүхдийн тоглоомын талбайг УБЗАА-наас бүрэн шинэчилж, улсын комисст хүлээлгэж өглөө.
Харин НЗДТГ-аас "Хаан" банктай хамтран хэрэгжүүлж буй Ногооннуур орчмын тохижилтын ажил он дамжин хэрэгжинэ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд хэсгийн орц, гарцыг нээхээр ажиллаж байна.
Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт 4 га орчим газар дээр Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар ажил эхэлсэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
