Умард Солонгосын анхны алтан медалийг дэлхийн гурван дээд амжилтыг зэрэг эвдсэн хүндийн өргөлтийн тамирчин авчирлаа
Лхагва гарагт Азийн Наадмын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн төрөлд Умард Солонгосын тамирчин дэлхийн гурван дээд амжилтыг зэрэг эвдсэн үзүүлэлтээр улсдаа анхны алтан медаль авчирчээ.
49 кг-ын жинд өрсөлдсөн Ри Сон Гүм бас Азийн Наадамд гурван удаа аваргалсан хүндийн өргөлтийн шилдэг цөөхөн тамирчдын нэг болсон байна.
28 настай, 140 см өндөр биетэй тэрбээр огцом өргөлтийн шатанд 94 кг өргөсөн нь өмнөх дэлхийн дээд амжилтаас нэг килограммаар давсан үзүүлэлт юм.
Үүний дараа Ри түлхэлттэй өргөлтийн шатанд дэлхийн дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоохдоо 116 кг болон 121 кг-ыг дараалан өргөжээ.
Ригийн хоёр өргөлтийн нийлбэр дүн 215 кг хүрсэн нь дэлхийн өмнөх дээд амжилтыг 7 кг-аар ахиулсан үзүүлэлт болсон юм.
Тэрбээр Азийн Наадамд хүндийг өргөлтийн төрлөөр гурван алтан медаль хүртсэн дөрөв дэх тамирчин, мөн анхны эмэгтэй тамирчин болж байна.
Түүнээс өмнө Ираны Мохаммад Нассири 1966-1974 онуудад, Өмнөд Солонгосын Ким Тэ Хён 1990-1998 онуудад, Ираны Бехдад Салими 2010-2018 онуудад Азийн Наадмаас гурван алтан медаль зүүж байжээ.
Одоогоор хүндийн өргөлтийн төрөлд дөрвөн алтан медаль зүүсэн тамирчин гараагүй байгаа.
Азийн Наадмын анхны алтан медалиа Ри 2018 онд Жакартад, хоёр дахь алтан медалиа 2023 онд Ханжоуд зүүж байв.
Ри Сон Гүмийн дараа нийлбэр дүнгээр 198 кг-ын амжилт үзүүлсэн Энэтхэгийн Мирабай Чану мөнгө, 191 кг-ын амжилт үзүүлсэн Индонезын Диана Три Вижаяна хүрэл медаль зүүжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

