“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн тамирчнаас допинг илэрчээ
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээн энэ оны тавдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан.
Уг тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос тухайн өдөр авсан допингийн хяналтын сорьцоос хориглосон бодис илэрсэн талаар Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас мэдээллээ.
Серой Андерсон Сайтоти нь гурван удаа "Улаанбаатар марафон"-д түрүүлсэн бөгөөд энэ жил 42 км-т 02:17:38 цаг гүйсэн амжилтаар тэргүүлсэн. Лабораторийн шинжилгээгээр түүнээс Триметазидин гэх бодис илэрсэн байна. Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм.
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж буй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
