"Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш гурван гомдол ирээд байна"
Улсын Их Хурал(УИХ)-аас 2026 оны долдугаар сарын 3-ны өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар баталсан нь энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж байна.
Тухайн нэмэлт өөрчлөлтөөр Хөрөнгө оруулалт, худалдааны газрын чиг үүрэгт
- хөрөнгө оруулалт татах
- хөрөнгө оруулагчдад үйлчлэх
- хөрөнгө оруулалттай холбоотой статистик мэдээллийг гаргах
- хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргийг нэмжээ.
Энэ талаар Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан "Шинэ хөрөнгө оруулалт татахын тулд одоо байгаа хөрөнгө оруулагчдынхаа сэтгэл ханамжийг өндөр байлгаж, гомдлыг нь яаралтай шийдвэрлэх нь чухал. Гомдол шийдвэрлэгдэхгүй удсанаар хөрөнгө оруулахад эрсдэл өндөртэй улс гэсэн дохио гадаадад түгдэг.
Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ)-наас авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар 50 гаруй гомдол ирсэн байгаа. 2026 онд ЭЗХЯ-нд ирээд байсан есөн гомдлыг манайх хүлээж авсан. Үүн дээр ажиллана. Түүнчлэн есдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлснээр манай байгууллагад гурван гомдол ирлээ. Эдгээр гомдлыг хуулиар 30 хоногт шийдвэрлэх үүрэг хүлээсэн.
Хөрөнгө оруулагчид төрийн байгууллага болон албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа, эс үйлдэхүйн асуудал байвал манайд гомдлоо өгч 30 хоногт шийдүүлэх боломжтой. Бид ирсэн гомдлуудаар тайлан гаргаж, нийтэд мэдээлнэ.
Харин
- хувийн хэвшлийн компани хоорондын асуудал
- үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал
- шүүх, арбитраар шийдвэрлэхээр орсон асуудал
- татварын маргааныг шийдвэрлэхээр зөвлөлд хандсан хэрэг
- Хүний Эрхийн Үндэсний Комисст хандсан хэрэг дээр бид ажиллах боломжгүй юм" гэлээ.
Хөрөнгө оруулалт, худалдааны газарт нэг цэгийн үйлчилгээ бий бөгөөд хэрэгцээт зөвлөгөө өгч үйлчлэхийн зэрэгцээ компанийг нь бүртгэн оршин суух зөвшөөрлийг нь өгдөг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
