Кубын коммунист нам чөлөөт зах зээлийг дэмжсэн ховор шийдвэр гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Куба улсын коммунист нам эдийн засагтаа авах шуурхай арга хэмжээний хүрээнд чөлөөт зах зээлийг дэмжсэн ховор шийдвэрийг багтаажээ.

Энэхүү багц арга хэмжээний төлөвлөгөөг өчигдөр буюу Пүрэв гарагт тус улсын Үндэсний Ассамблейд өргөн барьсан байна.

Төлөвлөгөөнд хувийн хэвшлийн боломжийг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, тэр дундаа гадаадад амьдардаг кубачуудын хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээ багтжээ.

Тухайлбал үл хөдлөх хөрөнгийн салбарт хувийн хэвшлийн үйл ажиллагааг зөвшөөрч, төрийн өмчит компаниудыг хувьчлах замыг нээж магадгүй болсон байна.

Бас төрийн өмч ноёлдог санхүүгийн салбарт анхны хувийн банкуудыг нэвтрүүлэх боломж нээгджээ.

Энэ бол коммунист дэглэмийн дор 70 орчим жил оршин тогтносон Куба улсын хувьд томоохон эргэлт юм.

Пүрэв гарагт намын төв хороонд үг хэлэхдээ Кубын ерөнхийлөгч Мигел Диаз-Канел эдийн засгийн хүндрэлийг дан ганц гадаадын дарамт шахалттай холбож тайлбарлах ёсгүйг мэдэгджээ.

АНУ олон арван жилийн турш Кубын эдийн засгийг боомилох бодлого явуулж байсан юм.

Энэ оны эхнээс Трампын засаг захиргаа үүнийг улам эрчимжүүлж, газрын тос, эрчим хүчний салбарт хориг арга хэмжээ нэвтрүүлсэн.

Канел өчигдөр хэлэхдээ эрх баригчдын “удаан хойрго, хүнд сурталтай байдал хийж бүтээх гэсэн хүмүүст саад учруулж байгааг” шүүмжилжээ.

Тэр бас эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнд нь 1965 оноос хойш албан ёсоор засгийн эрхийг барьж буй Коммунист Намын хатуу чиг шугам баримтлагч хэсэг саад учруулж болзошгүйг анхааруулсан байна.

Канел шинэчлэлийн зарим арга хэмжээ “бүрэн дэмжигдэхгүй байх магадлалтай ч хойшлуулах аргагүй” болсныг онцолжээ.

Канелыг залгамжлагчаараа томилж байсан Кубын экс удирдагч Раул Кастро уг төлөвлөгөөг дэмжиж байгаа юм байна.

АНУ-ын засаг захиргаа тавдугаар сард түүнд 1990-ээд оны үед нисэх онгоц буудаж унагасан хэргээр эчнээ ял оноосон юм.

Трампын засаг захиргааныхан, тэр дундаа төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио эдийн засгийн шинэчлэл Кубын эсрэг АНУ-ын дарамт шахалтыг сулруулах гол хүчин зүйл болохыг удаа дараа анхааруулж байв.

Кубын удирдагчдын сүүлийн алхмын талаар АНУ одоогоор ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Харин дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс өчигдөр хэлэхдээ Трампын засаг захиргаа Ирантай энхийн гэрээ байгуулбал дараагийн ээлжид Куба улсыг анхааралдаа авахыг мэдэгджээ.

Трампын хувьд Кубыг цэрэг зэвсгийн хүчээр өөрчлөх талаар өмнө нь олон удаа анхааруулж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters