XVII-XVIII зууны үед нүүдэлчин Монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн Азид оршин тогтнож байв. Энэ бол Зүүнгарын хаант улс. Зүүнгар гэдэг нь Монгол хэлээр “зүүн гар” гэсэн утгатай бөгөөд тэд Дөрвөн Ойрадын холбооны нэг аймаг байжээ. Ойрадын холбоон дотроо тэдний газар зүйн байрлал нь зүүн талдаа байсан учир ингэж нэрлэж байсан гэдэг.
Зүүнгарын нутаг одоогийн Шинжаанд төвлөрч, зүүн талдаа Хятадын баруун хэсгээс баруун талдаа Казахстан, хойд талдаа Сибирээс өмнө зүгт Киргизстан хүрсэн уудам орон зайг эзэгнэж байв.
Тэдний улс бүрдэх явц 1620-оод онд залуу удирдагч Хар Хулын удирдлаган дор эхэлж Зүүнгар хэмээн нэрлэгдэх болжээ.
Зүүнгарын нэр хүнд Хар Хулын хүү Баатар хунтайжийн үед өсөн нэмэгдэж Төвдийг (1636-1642) эзэлж байв. Баатар Төвдөөс асар их баялагтай, Далай Ламаас хайрласан Эрдэнэ хэмээх цолтой эргэж иржээ.
Олсон эд баялгаараа Баатар хунтайж Казахуудыг эзлэх гурван ч удаагийн аян дайн зохион байгуулж байв. Гэвч Зүүнгарын дээдсийн дунд хаан ширээг залгамжлах нэгдсэн дүрэм байгаагүйгээс дотоод тэмцэл зөрчил 1671 он хүртэл үргэлжилж эцэст нь Галдан бүх өрсөлдөгч нараа даран товойжээ.
Төвдөд лам байсан Галдан, тавдугаар Далай ламаар ном заалгаж байж. Тэр 1671 онд Далай ламаас Бошигт хаан цол хүртэн Зүүнгарын хаан болов.
1677 онд Галдан бүх өрсөлдөгч нараа дарж Ойрад Монголыг нэгтгэжээ.
Сүүлд 1677 онд Цагаан Уулын Хожа нар гэгддэг Суфи урсгалынхан Тарим Басинаас хөөгдөхдөө Далай ламаас цэргийн тусламж хүссэн байна.
Далай лам Галданд хандсанаар тэд даруй цэргээ оруулжээ. Галдан Тарим Басиныг эзлэн Хожа нарын тэргүүнийг захируулахаар томилж өөртөө засах эрх олгов. Түүний зарлигаар Түрэг угсаат Хожа нар Зүүнгарын хууль дор оршин суухаар тогтжээ.
1680 онд Галдан Хар Киргизүүдэд эзлэгдсэн Яркендын иргэдээс мөн туслах хүсэлт хүлээн авав. Зүүнгарчууд Яркендыг Киргизүүдээс чөлөөлөөд цаашлан Кашгар, Турфан, Хамиг эзлэжээ.
1683 онд Зүүнгарын арми одоогийн Узбекистан хүрч Ташкентыг Казахуудаас булаав.
Галдан эх нутаг руугаа хөлгийн жолоо залан буцах замдаа Хар Киргизүүдийг бүр мөсөн цохиж Сыр Даря мөрний сав, баян тансаг Ферганы хөндийг тонон дээрэмдэв.
Ихэнх Төв Азийг мэдэлдээ оруулсны дараа Галдан зүүн зүгийг зорилоо. Тэр 1688 онд Халх Монголыг бут цохин газар нутгийг нь эзлэн авчээ. Энэ алхам нь Хятадыг эзлээд удаагүй байсан Манж угсааны Чин гүрнийхний санааг зовоож эхлэв. Учир нь тэд хил хязгаарт нь нүүдэлчид довтлохоос болгоомжилж байсан юм.
Эзэн хаан Канси Ойрад-Манжийн дайныг эхлүүлж ялснаар Галдан амиа алдаж Зүүнгарын шинэ тэргүүн тодорчээ.
Зүүнгарын шинэ, сул дорой удирдагчид Төвд, Чин гүрний хооронд тоглолт хийх гэж оролдож байлаа. Энэ нь тэднийг хэсэг хугацаанд оршин тогтнуулж байсан ч 1749 онд ээлжит хаан ширээний төлөө тэмцлийн улмаас Зүүнгар нуран унав. 1755 онд Чин улс Өвөр Монгол, Манж цэргээс бүрдсэн арми илгээн тарж бутарсан Зүүнгарыг довтолжээ. Тэр жилдээ Чианлонг хаан бүх Зүүнгарын эрчүүдийг цаазлах тушаал өгөв. Харин эхнэр, хүүхдүүдийг нь цэргүүддээ хуваарилан тараажээ. Энэ геноцидээр Зүүнгарын хүн амын 70-80 хувь үрэгдсэн нь XVIII зууны түүхэн дэхь хамгийн том эмгэнэлт явдал болсон юм.
Геноцидээс өмнө хүн ам 600,000 байсан гэвэл Чианлонг хааны зарлигаар 480,000 орчим хүнийг хүйс тэмтэрчээ.
Геноцидын үр дүнд Шинжаанд асар том хоосон нутаг үлдсэн тул Манж нар тэнд өөрийн цэргүүд, олон тооны Хятад иргэд, Түрэг хэлтэй Уйгаруудыг суулгажээ. Зүүнгарын геноцид нь энэ бүс нутгийн хүн амын бүтцийг үүрд өөрчилсөн түүхтэй.
Эх сурвалж: asianhistory.about.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!