Нийслэлийн Боловсролын Газраас Ерөнхий Боловсролын Сургуулийн бага ангийн сурагчдын дунд зан суртахууны төлөвшил,уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилготой “Би Монгол хүүхэд” ёс заншлын наадмын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль дээр болж байна.
Нийслэлийн Боловсролын Газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан “Зөв Монгол Хүүхэд хөтөлбөрийн хүрээнд “Би Монгол хүүхэд” ёс заншлын наадмыг зохион байгуулж байгаа.
Энэ удаагийн наадам нийслэлийн хэмжээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өмнө нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль болон тус дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байсан.
Нийслэлийн хэмжээнд хоёр дахь удаагаа л зохион байгуулагдаж байгаа хэдий ч бага ангийн багш, хүүхэд, эцэг эхчүүдийн хүсэн хүлээдэг наадам болоод байна.Тиймээс БСШУЯ-нд улсын хэмжээнд зохион байгуулах саналыг тавиад байгаа” гэлээ.
Наадмыг санаачлагч Монгол Улсын Гавьяат Багш П.Даваахүү “Би БЗД-ийн 14 дүгээр сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарахдаа багш нартайгаа ярилцаад энэ наадмыг зохион байгуулж эхэлсэн юм.
Эхлээд 14 дүгээр сургууль дээрээ зохион байгуулж байгаад дүүргийн, нийслэлийн хэмжээнд зохион байгуулаад явж байна. Цаашид улсын хэмжээнд зохион байгуулахаар яригдаж байгаад ахмад багш миний хувьд үнэхээр сайхан байна” хэмээн ярилаа.
Бага наснаас нь хүүхдийг монгол ахуйд суралцуулах, танилцуулах, бага боловсролын системд шинээр орсон иргэний боловсролын хичээлтэй уялдуулж иргэн төлөвшүүлэхэд уг наадмын ач холбогдол оршиж байгаа ажээ.
Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн бага ангийн багш Ш.Отгонбилэг “Манай сургууль өнгөрсөн жил дүүрэгтээ тусгай байранд орж байсан. Энэ жил амжилтаа ахиулж дүүрэгтээ тэргүүн байранд ороод нийслэлийн тэмцээнд оролцохоор ирээд байна.
Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд ёс заншлын талаар мэдлэгтэй болж, үндэсний тоглоом наадгайгаар тоглож сурч байгаа.
Цаашид уламжлал болон зохион байгуулаасай гэж хүсч байна. Ер нь “Би Монгол хүүхэд” дөхөөд ирэхээр багш нар маань догдлоод эхэлдэг” гэлээ.
Эцэг, эхчүүд ч гэсэн хүүхдээ тэмцээнд оруулж байгаадаа баяртай байдаг. Хүүхдүүд их идэвхтэй оролцож, дуртай байдаг талаар хэлж байсан юм.
Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн 2в ангийн сураг Э.Уяхан “Манайх дүүрэг дээрээ нэгдүгээр байранд орсон. Тэгээд хотын тэмцээнд орж байгаа.
Тэмцээнд ороод бүжиг бас олон тоглоом сурсан. Бас олон оньсого сурсан. Оньсогын тэмцээнд орно. Түрүүлэх байх.
Тэмцээнд нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 18 баг оролцож байна. Нэг багт нэгээс тавдугаар ангийн таван сурагч багтдаг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!