Үүсэл хөгжил
Мартын 8-ны өдөр эмэгтэйчүүдэд голдуу цэцэг бэлэглэх заншил тогтжээ. Эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх уламжлал Эртний Ромоос эхтэй.
Тэр үед эрчүүд нь гэргий нартаа бэлэг өгч, анхаарал халамж тавьдаг байжээ. Боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан гэдэг. Мөн тэд энэ өдөр ажиллахгүй байх боломжтой байжээ.
Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ.
Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсжээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихийг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ.
Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Афганистан, Ангола, Армени, Азербайжан, Беларус, Буркина Фасо, Камбодиа, Хятад /зөвхөн эмэгтэйчүүд/, Куба, Гүрж, Гвиней-Бисау, Эквадор, Казахстан, Киргизстан, Лаос, Македон /зөвхөн эмэгтэйчүүд/, Мадагаскар /зөвхөн эмэгтэйчүүд/, Молдав, Монгол, Непал /Зөвхөн эмэгтэйчүүд/, Орос, Тажикистан, Туркменстан, Уганда, Украин, Узбекстан, Вьетнам, Замби зэрэг улсуудад энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг аж.
Харин Болгар, Румын зэрэг улсад энэ өдрийг зөвхөн “Ээжүүдийн баярын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд хүүхдүүдэд нь ээж, эмээ нартаа бэлэг өгч баярлуулдаг аж. Ингээд зарим орнууд Мартын 8-ны баярыг хэрхэн тэмдэглэдгийг сонирхуулж байна.
Хятад
Жил бүрийн энэ өдрийг манай урд хөршийн ард түмэн эмэгтэйчүүдийн амралтын өдөр болгон өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Хятадын зарим хот бүр хоёр өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.
Эрчүүд энэ өдрөөр хайртай бүсгүй болон ээждээ ямар их хайртайгаа илэрхийлэн бэлэг өгч баярлуулдаг аж. Дашрамд дурдахад, бүх л эрчүүд ямар нэгэн бэлэг авахаар дэлгүүр зорьдог тул энэ өдөр бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн их ашиг орлоготой байдаг гэнэ.
Орос
Манай хойд хөрш мөн л адил тус өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Урин хаврын эхэн үед болдог тул ихэнх хүмүүс гэр бүлээрээ оройн зоог барьж, оргилуун дарс буудуулан тэмдэглэдэг байна.
Харин зарим орос эрчүүд бүхэл өдрийн турш аяга, таваг угаан, хоол хийж, хүүхдээ асарсаар өнгөрүүлдэг бол эхнэрүүд нь найзуудтайгаа наргиж цэнгэж тэмдэглэдэг аж.
Герман
Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэхүү өдрийг тэмдэглэдэг байжээ. Харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байсан гэнэ.
Хоёр Герман нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ болсон бөгөөд албан ёсоор жил бүрийн тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг аж. Энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг юм байна.
Итали
Итали улсын хувьд Мартын 8-ны баяр албан ёсны баяр биш ч гэлээ охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Яагаад охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэж тодотгож байна вэ гэхээр хамгийн сонирхолтой нь Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй.
Тус улсад 1946 оноос хойш мимоза цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болжээ. Тиймээс энэ өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг байна.
Болгар
Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай.
Энэхүү өдөр охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг. Эрэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд нэг нэгэндээ баяр хүргэж, баяраа хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!