Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын тосны МЯТАРШГҮЙ МАГНАТ

FORBES MONGOLIA сэтгүүл
2015 оны 3 сарын 6
Forbes Mongolia
Зураг зураг

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан Forbes Mongolia сэтгүүлийн хүчирхэг эмэгтэйчүүд дугаарын онцлох нийтлэлийг танд хүргэж байна.

1990 оны ардчилсан хувьсгал дөнгөж өрнөөд байсан тогтворгүй үед Д.Бямбасүрэнгийн Засгийн газар НИК хэмээх улсын үйлдвэрийн газрыг удирдах захирлыг томилох хэрэгтэй болов. Энэ үед дөнгөж 35 настай байсан шавилхан бүсгүйг НИК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон нь тэр үедээ шуугиан тарьжээ...

“Петровис” компанийн хаалгаар ороход хананд өлгөөтэй уран зургууд, том дэлбээт ургамал цэцгүүд нүдэнд тусна. Угтлагын өрөөнд хүлээж суутал цаанаасаа эрч хүчтэй инээд цацруулсан, жижгэвтэр  эмэгтэй ороод ирлээ. Энэ хүн бол миний өнөөдөр уулзах хатагтай Ж. Оюунгэрэл ажээ.

Бидний яриа “Петровис” гэдэг нэрийн утга угшлаас эхэллээ. Төсөөлж байснаас маш энгийн, өөрийнхөөрөө гэмээр энэ эрхэм аль 1997 онд компаниа олон улсын компани болно хэмээн томоор сэтгэж нэрийг нь өгч байжээ. Үүнийгээ petro- газрын тос, vision-алсын хараа гэж  логондоо ч тусгаж өгч байж. Хоосноор мөрөөдсөнгүй.

Түүний байгуулсан Петровис компани өдгөө Монголын зах зээлийн 40 хувийг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж байна. Тэр компаниа босоо интеграцтай олон улсын компани болгох мөрөөдөлтэй, тиймдээ ч түүний байгуулсан “Петро Матад” компани 2005 оноос хойш Лондонгийн Хөрөнгийн биржийн Alternative Investmenst Market (AIM) буюу жижиг төслийн хөрөнгийн танхим дээр гарсан Монголын хамгийн анхны компани болсон юм.

Петровис компани өдгөө Монголын зах зээлийн 40 хувийг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж байна. 

Тус компани 50 гаруй сая долларыг зөвхөн хайгуулд зориулаад байгаа аж. Дотооддоо газрын тос олборлох, эсвэл ойрхон Сибирийн нефть боловсруулах үйлдвэртэй хамтрах, нүүрснээс хий гаргаад хийгээ шингэрүүлж газрын тос гаргах зэргээр улс орноо эрчим хүчний хамааралгүй болгох арга замуудыг байнга судалж, ийм төрлийн төслүүдэд бизнесийн ашгаа зориулж байна.

Тэрбээр “Петровис групп” компанийн ирээдүйд гүнээ итгэдэг. Манай хөрөнгө оруулалтын орчин, хууль хоёр салхи шиг тогтворгүй байдгаас өнөөг хүртэл дорвитой үр дүн гарахгүй байгааг нуусангүй.

Ж.Оюунгэрэл захирлын аав нь цэргийн, ээж нь урлагийн хүн байж. Түүнийг найман настай байхад аав нь хоёр бяцхан дүү, цаг наргүй ажилладаг урлагийн ажилтай ээжтэй нь хамт орхиод өвчний улмаас хорвоог орхин оджээ. Тиймээс ч  аавыгаа ямар хүн байсныг бараг мэддэггүй. Хожим сураглахад, өвөө Балбар нь Баатар вангийн хошууны тайж, харин аав нь Ленинградын цэргийн академийг төгссөн цөөхөн хүний нэг байсан юмсанж.

Харин ээж нь бүх амьдралаа урлагт зориулсан төрөлхийн авьяаслаг хөгжимчин  байж.  Ээж нь есөн настайдаа өөрөө мандолин тоглож сураад хожим нь Бөмбөгөр ногоон театрын хажууд тоглодог болжээ. Тэдний симфони, найрал хөгжмийн баг өглөө болгон радио дээр өөрсдөө очиж төрийн дуулал хөгжимддөг байсан гэдэг. Өнчин дүү нар, гэрийн бараа бараг хардаггүй урлагийн ээжтэй болохоор бүр багаасаа л гэрийнхээ санхүүг барьж, ажил үүргээ хуваарилан дүү нараа зохицуулж удирддаг байж. Хожим ээж нь дахин хүнтэй гэрлэж хоёр хүүхэд гаргаснаар дөрвөн дүүтэй  болжээ.

Тухайн үеийнхээ энгийн гэр бүлээс гаралтай түүний хувьд дарга даамлын хүүхдүүд сурдаг байсан үлгэр жишээ нэгдүгээр сургуульд сурах нь амаргүй байж. Өмссөн зүүснээрээ ялгагдах нь ичгэвтэр санагддаг байв. Магадгүй энэ үеэс л тэрбээр хэзээ ч ийнхүү ялгаварлагдаж болохгүй гэсэн хатуу бодолтой болсон байх.

Түүний туйлын хүслэн бол Москва явах байв. Азаар бүх хичээлдээ жигд сайн байсан учир дотоодын их сургуулийн тооны ангийн хуваарь авч, цаашлаад гадаад явах шалгалтыг амжилттай өгч хүсэж мөрөөдсөн Москва руугаа явахаар болов.

Гайгүй өндөр оноо авсан боловч хамгийн сүүлд үлдсэн хэн ч тоодоггүй нефть олборлолт, эдийн засгийн мэргэжлийг сонгожээ. Юу сурахаа ч шийдээгүй байсан охинд мэргэжил нь чухал биш тэр үеийн бүхний хүслэн болсон алтан Москва явах нь л чухал байв.

Москвагийн Губкиний нэрэмжит нефть, хийн дээд сургуульд сурсан таван жил харвасан сум шиг өнгөрч Москваг гайхан бишрэх нь дундрахгүй байсаар нутагтаа ирсэн гэдэг. Мэргэжлээ өөрийн хүслээр  сонгоогүй учир хичээлдээ тийм ч тасархай  байгаагүй, дундаж л оюутан байсан гэнэ. Гэвч энэ мэргэжил ирээдүйн Монголын нефтийн магнатын амьдралынх нь аз эзийн гишгүүр болжээ.

1990 оны ардчилсан хувьсгал дөнгөж өрнөөд байсан тогтворгүй үед Бямбасүрэнгийн Засгийн газар НИК хэмээх улсын үйлдвэрийн газрыг удирдах хүнийг томилох хэрэгтэй болов. Энэ үед дөнгөж 35 настай байсан шавилхан бүсгүйг НИК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон нь тэр үедээ шуугиан тарьж, хаанаасаа ийм хүн гаргаад ирэв ээ гэлцэж байлаа.

Өөрөө ч төдийлөн дуртай байсангүй. Гэвч тушаал бол тушаал. Түүнийг чадна гэж үнэлсэн хүмүүсийн итгэлийг алдахгүйг хичээн ажиллав. Гэтэл нэг тулхтай хүн тоглоомоор ч биш,  “Энэ засгийн газар юу бодохоороо оросуудтай ганц шил юм ч хувааж ууж чадахгүй турьхан охинд ийм том газрыг хариуцуулдаг байна аа” гэх чихийг нь дэлсэв. Угийн шазруун, өөрийгөө хэтэрхий гэмээр шахаж чаддаг  тэрээр энэ үгийг сонсоод л оросуудтай цагаан архи тулгадаг болсон гэсэн.

Ингээд зургаан жил ажиллаж, 1996 онд ардчилсан нам сонгуульд ялахад хамгийн түрүүнд халагджээ. Улс төрийн энэ хатуу тоглоом тухайн үедээ хүндээр туссан ч хожим бодохнээ амьдралд нь учирсан хамгийн азтай тохиолдол байв. Хэрвээ ажлаасаа халагдаагүй бол угийн нэг юманд үнэнч, тууштай ханддаг тэрээр хэзээ ч хувийн салбар руу орж бизнест амжилт олохгүй байсан биз хэмээн дурслаа. 
Ажлаасаа халагдсан орой бүх юмаа мартаад унтсан тэрбээр маргааш өглөө нь урьдын адил цүнхээ аваад,  хувцсаа өмсөөд гарах гэснээ гэнэт халагдсанаа санаж гайхширчээ.

Яахаа мэдэхгүй байсан тул гурван сар гэртээ суув. Гэтэл нэг өдөр толинд өөрийгөө хараад  танихааргүй болсон байв. Эмэгтэй хүн гэртээ удаан ажилгүй суувал өөрийгөө гундаадаг юм байна гэдгийг чин сэтгэлээсээ ойлгожээ. Тэгээд өөртөө “Оюунгэрэл ээ, чи ийм байж болохгүй ээ, одоо шууд гудамжид гараад ажил хай” гэж хэлсэн байна.

Урьд нь өөрийг нь дэмждэг байсан хүндэлдэг хүмүүс нь алга болсон байв. Харин ерөөсөө анзаардаггүй байсан хүмүүс утасдаж хэрхэн туслах вэ хэмээн асууна. Энэ түүнд хүний мөсийг  таних нэг сургууль болжээ. Гэвч хүн болгон нүүрээ буруулсангүй.

1997 онд “Петровис” нэртэй компаниа байгуулав. 

Тухайн үед Эрдэнэтийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ш. Отгонбилэг нэг өдөр түүнийг дуудаж уулзаад “Оюунгэрэл ээ, чи ингэж явах хүн биш, компани байгуул, би чамд тусална” гэж хэлсэн нь сэтгэлийг нь гэрэлтүүлэх шиг болжээ. Ингээд 1997 онд “Петровис” нэртэй компаниа байгуулав.

Тухайн үед нэлээн “чинээлэг” байсан Ч. Даваанямтай хамтарч анхны бизнесээ эхлүүлэв. Түүнтэй уулзах гэж явахдаа нөхрийнхөө байн байн унтарчхаад, ухуулаад байдаг машинаараа гэлдрүүлсээр очжээ. Харин тэр үед Давааням бизнест аль хэдийн байр сууриа олсон хүн байв. Ингэж тэдний өнө удаан жилийн бат бөх хамтын бизнесийн гараа эхэлжээ.

Ажлаасаа халагдсан гэж өрөвдсөндөө ч тэр үү, хүмүүс түүнтэй бензин нийлүүлэх гэрээ байгуулж байжээ. НИК-д ажиллаж байсан туршлагатай, мэргэжилтэй түүний хувьд нефть бааз байгуулах, ажлаа зөв зүйтэй удирдахад тийм ч хэцүү байсангүй. Хамгийн гол нь түүнд итгэл найдвараа өгсөн дэд захирлууд болох Ч.Давааням, Т.Энхжаргал хоёр ёстой хос багана шиг түшин ажиллаж байв.

Тэд нэг л удирдлагатай байх ёстой гэдгийг бүрэн ухамсарлаж, түүнийг ажиллах бололцоогоор бүрэн  хангадаг байв. Энэ нь ч компанийнх нь амжилтын үндэс болжээ. Тэд хамтарч ажиллах хугацаандаа ашиг орлогоо  яаж хуваах вэ гэх мөнгөний асуудалтай хэзээ ч тулгарч  байсангүй. Азаар ийм л сайн хамтрагчидтай байж.

Ерөөс эрчүүдийн дэмжлэг маш их байсан гэнэ. Гэртээ нөхрөөрөө хоёр хүүхдээ харуулж, дэмжүүлээд, ажил дээрээ хоёр эрэгтэйгээр түшүүлээд их азтай хүн гэж өөрийгөө боддог гэнэ. “Эмэгтэйчүүд маань ерөнхийдөө найз гэж эс тооцвол бие биеэ дэмждэггүй. Сонгогчдын тал нь эмэгтэйчүүд байтал эмэгтэй нэр дэвшигчид ялагдаад байдгийн учир нь магадгүй энэ болов уу.

Байгалиас заяасан атаархуу зандаа ч байдаг байж мэднэ. Нэг ухаалаг эмэгтэй насны хол зөрүүтэй эмэгтэйчүүд бие биедээ атаархдаггүй гэж хэлсэн юм гэнэ лээ. Ийм нөхцөлд ахмад нь залуустаа зааж зөвлөж, нөгөө нь эргээд хүндэлдэг байх. Энэ үг үнэний ортой юм шиг санагддаг” хэмээн тэр ярив.

Тэр эрчүүдийн ертөнцөд өрсөлдөж амьдардаг ч эмэгтэйлэг байхыг юу юунаас эрхэмлэдэг. Хүмүүсийн заримдаа гэнэгүй хэлдэг “Чи ч муухан эр хүнээс дээр шүү” гэж хэлдэг нь бараг доромжлол мэт сонсогддог аж. Нэг удаа талийгаач Отгонбилэг юм ярьж сууж байснаа “Чи битгий хүүхэн шиг юм яриад бай” гээд хэлээд орхиж.

“Би чинь эмэгтэй хүн шүү дээ” гэсэн чинь цаадах нь нээрээ тийм бил үү гэж байсан удаатай. Тэр энэ үгийг маш эмзгээр хүлээж авч, эр хүн шиг бүдүүн баараг харагддаг юм байна гэж өөрийгөө голсон гэдэг. Гэхдээ хүн болгон тэгсэнгүй. Түүнийг оросын том бизнесмен маш сайхнаар хэлж байжээ.

“Манай орос эмэгтэйчүүд дарга болохоороо эр хүн шиг ааш аягтай болчихдог гэтэл та эмэгтэй хүнээрээ үлджээ” гэсэн нь хамгийн гайхалтай магтаал болж, сэтгэлийн угт яруухнаар үлджээ. Түүний ажлын онцлог нь томоор сэтгэж, улс төртэй маш ухаалаг харилцах явдал аж. Бие жижиг ч алсыг харж чаддаг нь түүний амжилтын нууц гэж хэлж болно.

Мөн хэзээ ч бууж өгөхгүй шазруун бөгөөд өөдрөг зан нь бизнесийн амжилтынх нь үндэс ажээ. Тэр цөөнгүй хэдэн алдаа гаргаж, хүнд хууртах, мөнгөө алдах тохиолдол гарч байсан ч хойшоо ухарна гэдгийг мэддэггүй байв. Бүдэрч унаад юу ч болоогүй юм шиг инээмсэглээд урагшаа явах нь түүний мөн чанар аж. Улстөржилтийг давна гэдэг тун бэрх.

Хүмүүс шатахууны бизнес эрхэлдэг хүмүүсийг асар хурдан баяждаг гэж ойлгодог. Гэтэл нэгжээс олдог ашиг нь хоёроос дөрөвхөн  хувь л байдаг. Их хэмжээний борлуулалт хийж байж ашиг олно. Эдийн засагт нөлөөтэй учир хүмүүс их эмзэглэнэ, хэл аманд өртөнө.

Газрын тосны салбар нийгмийн бүх давхаргад, амь амьжиргаанд  хүрч байдаг учир маш хариуцлагатай бөгөөд эмзэг бизнес.

Хүмүүс шатахууны бизнес эрхэлдэг хүмүүсийг асар хурдан баяждаг гэж ойлгодог. 

Түүний амьдралд тохиолдсон хамгийн том үйл явдал бол НИК ХК-ийг худалдаж авсан явдал юм. Халагдаад гарч байсан компаниа өөрийн болгож авна гэдэг үнэхээр гайхалтай.

НИК-ийг авах саналыг анх Х.Баттулга тавьж, тэднийхийг санхүүжүүлж, менежментийг нь Оюунгэрэл захирлаар хийлгэхээр болжээ. Гэтэл тухайн үеийн улс төрийн байдлаас шалтгаалан Х.Баттулга шийдвэрээ өөрчилсөн ч түүнд мөнгө зээлүүлэхээр болсон байна. Хангалттай мөнгөн хөрөнгө байхгүй учир хүмүүстэй хамтрахаар ярьсан боловч хамтрагч нь тендер болохоос  өмнөхөн хамт орохоос татгалзжээ.

Ийм урвалтыг тэвчиж чаддаггүй түүний жинхэнэ шар нь хөдөлж тендерийн үнээ хоёр сая доллараар нэмж бичээд материал авах хугацаа дуусахаас 20 минутын өмнөхөн материалаа өгчээ. Тийнхүү үнэхээр аз таарч НИК-ийг авч чаджээ. Тухайн үед сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Найман жилийн өмнө хөөгдөөд Төрийн өмчийн хорооны шатаар уруудаж явсан бол өнөөдөр өгсөж гараад компаниа авлаа” гэж хэлэн зарим нэг хүмүүсийн эгдүүг  хүргэсэн гэдэг. Гэвч тэрээр шантарсангүй. Тэдний хамт олон НИК-т бүтцийн өөрчлөлт хийж дахин хөл дээр нь босгожээ.

Амжилтад хүрсэн эмэгтэй хүнийг дотоодод ч,  гадаадад ч тэр өөрийн хүчээр биш, баян эцэг эхээс хөрөнгө өвлөсөн, эсвэл баян нөхөртэй гэж хардах нь элбэг. Аав нь аль бага балчирт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, нөхөр нь барилгын компаниа тусдаа авч явдаг байтал хүмүүс өөр хүнээс амжилтыг нь хайж, сэжиглэнгүй ханддаг гэнэ.

Хамгийн бахархаж явдаг ажлуудаасаа нэрлээч гэхэд тэрбээр доорх дөрвийг дурдав:

Нэгт. Газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтын үндэсний хэмжээний сүлжээ компанийг босгосон, 400 ШТС, 20-иод баазтай. Бусад компаниас ялгаатай нь зөвхөн ашгийн төлөө биш, хүмүүст хүрч ажиллахыг хичээдэг, НИК анх ямар байсан тэр зарчмыг л хадгалах гэж.

Сардаа нэг л машин бензин зардаг газар ч гэсэн тэнд амьдрал өрнөж байна гэдэг утгаар ШТС-аа байрлуулна. Ашгийн төлөө ашиггүй газруудыг хааж болно. Гэвч энэ нийгмийн өмнө маш том хариуцлага хүлээж байгаа бизнес учир ашиггүй байсан ч хийх хэрэгтэй болдог. Өвөл цас шуураад зам хаагддаг. Гэтэл бензин байхгүй бол хүн осгож үхнэ. Энэ бол маш хариуцлагатай бизнес.

Хоёрт. “Энержи Ресурс” хэмээх коксжсон нүүрсийг олборлож  баяжуулах компанид хувь нийлүүлж, ТУЗ-ийн гишүүн болсондоо баярладаг. Гадаадын (Хонг Конг) хөрөнгийн зах зээлд гарсан Монголын анхны компани.  

Гуравт. “Петро Матад”-д хөрөнгө оруулж, хөгжүүлж, 10 гаруй жил болж байна.

Дөрөвт. “УБ Бритиш” сургуулийг хувийнхаа хөрөнгөөр байгуулсан, 51 хувийг эзэмшдэг. Монголын хөгжлийн үндэс бол боловсрол. Мөд хөрөнгө оруулалтаа нөхөхгүй хэцүү бизнес ч гэлээ түүний хамгийн дуртай бизнес нь. Ач охин нь тус сургуульд явдаг. Хүүхдүүд, багш нар сургуульдаа маш дуртай. Бритиш сургууль 164 оронд байдаг. Англи дунд сургууль ямар хөтөлбөрөөр явдаг, яг л түүнийг заадаг. 97 хувь нь англи багш нар.

Саяхан ОУ-ын сертификат авсан 34 дэх орон болсон. 2 жилийн дотор стандартыг хангасан, хөрөнгө хайрлаагүй.  Сургуулийн бүх тоног төхөөрөмж олон улсын стандарт хангасан, маш сайн чанартай.

Багш нар нь “ Бид Англид ч ийм сургуульд ажиллаж байгаагүй” гэдэг. Улаанбаатарт хаа ч байхгүй хөлбөмбөгийн талбайтай, спортын иж бүрэн хэрэгслүүдтэй гэнэ.

Ард түмэн минь гэж хоосон ярьсан цагаан гартнууд зөндөө байна.

Олон жил бизнес хийхэд алдаа оноотой шийдвэр бишгүй гаргаж байсан тэрбээр зөвхөн урагшаа явахыг л мэддэг.

Харин хамгийн эмзэглэж явдаг зүйл нь улс орны өнөөгийн тодорхойгүй, олон тийшээ савчсан тогтворгүй бодлого аж. “Хамгийн гол нь улс орны хөгжлийн бодлого ойлгомжгүй, тогтвортой бус, бизнес эрхлэгчдэд бодлогоо дагаж хөгжих, холын зорилготой ажиллах боломж муу байна. Тэр л хамгийн хэцүү байна. Ард түмэн минь гэж хоосон ярьсан цагаан гартнууд зөндөө байна.

Ард түмнээ бодож байгаа бол чи ажил хийдэг байх ёстой. Ажил хийж татвар төлж байж тэр чинь улсын боловсрол, эрүүл мэндийг тэтгэнэ. Хамгийн их улс орноо боддог хүмүүс бол бизнесийнхэн. Гэрээ ч засаж чадаагүй байж төрд орчихсон залуус байх юм. Бизнест хэрэгтэй байгаа юм гэвэл юуг нь яг яаж хөгжүүлэх гээд байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Зүгээр л жижиг дунд бизнес гэж яриад л байх бол биш юм. Төр нь тодорхой, тогтвортой бодлогогүй учраас хүмүүс төрөө хүндэтгэхээ больж байна. Энэ бол хамгийн аюултай.” хэмээн тэрбээр ярив.

Төр олон тийш цалгардалгүй, цөөхөн зорилго дээр төвлөрөөд, түүн лүүгээ бүх бизнесээ чиглүүлж ажилладаг байх хэрэгтэй гэж тэр үздэг. Түүний гол найддаг хүмүүс нь гадаад, дотоодод сайн боловсрол эзэмшсэн, зөв бодолтой залуус. “Сингапурын Ерөнхий сайд асан Ли Кваны хамгийн эхэнд хийсэн ажил нь ерөөсөө л залуучуудаа онгоц онгоцоор нь дэлхийн  хамгийн сайн сургуулиуд руу явуулах явдал байсан. Одоо бид тэгж явуулах ёстой.

Дэлхийн шилдэг 100 сургуульд  төрийн дэмжлэгтэйгээр явуулж байгаа нь зөв эхлэл. Бидний үед вагон вагоноор нь Орос болон Социалист орнууд уруу явуулдаг байсан. Тэр хүмүүс одоогийн зах зээлийн шилжилтийг хийсэн. Тэгэхээр ерөөсөө л боловсрол. Өөр юу ч биш. 1000 шилдэг залууг шигшиж байгаад явуулах хэрэгтэй.

Бид залуу үеэ бэлдэж, залуу үедээ байр сууриа тавьж өгөх хэрэгтэй. Нэг албан тушаалд 10-аас дээш жил ажиллаад хэрэггүй. Чамаас илүүд нь зайгаа тавьж өгч л байх хэрэгтэй” гэж ярилаа. 

Хууль батлахын тулд эхлээд зорилгоо тодорхойлох. Тэгэхээр тогтвортой сайн хөгжихийн тулд сайн хуулийг олон талаас нь маш сайн хэлэлцүүлээд өөрчлөгдөхгүй тогтвортой байлгах нь маш чухал. Тэрнээс хувийн хэвшлийг дэмжинэ гэсэн хоосон лоозон хэрэггүй.

Хамгийн гол нь залуус ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийж, өөрийнхөөрөө байгаасай.

Хувийн хэвшилд тогтвортой байдал, дэд бүтцийн хөгжил л хэрэгтэй. Жишээлбэл сая газрын тосны хуулийг парламентаар гурван жил хэлэлцсэний  эцэст баталлаа. Энэ хуулийг хэлэлцэхдээ газрын тос, хий олоход чиглүүлэх ёстой байсан.

Гэтэл замаасаа хазайсаар байгаад ийм удав. Том тоглогч нарыг оруулж ирэх нь чухал байна. 60,000 га газарт газрын тосны хайгуул хийнэ гэдэг Монголын компанийн хувьд их эрсдэлтэй асуудал. Гурван  жил хууль хэлэлцэж байгаа учраас гаднын хөрөнгө орж ирэхгүй байна.

 Хууль хэлэлцэж байх үед Петрочайна-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх тухай ярьж их цаг алдсан. Хуулийн дагуу л ажиллаж чадвал Хятад, Монгол, гадаадын хөрөнгө оруулалтын аль ч бизнес ижил тэгш байх ёстой. Бизнест төр оролцох хамгийн буруу. Төр нь улс төрийн зөв бодлогоор бизнесээ дэмжвэл олон улсын том компани болох боломжтой гэлээ.

Ярианыхаа төгсгөлд тэрбээр “Монгол Улс хуучин социалист байсан улсуудаас ардчиллыг хөгжүүлснээрээ хамгийн их амжилт олсон улс гэдэгт бүрэн итгэлтэй байдгаа илэрхийлсэн юм. Тэр дундаа эмэгтэй хүнд олдож байгаа боломжоороо Азидаа, тэр тусмаа хуучин социалист улс орнуудад байхгүй хамгийн үлгэр жишээ нь гэж хэлж болно. Тиймээс би Монголд  эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг. Бидэнд боломж байна. Монгол бол эрх чөлөөтэй орон.

Монгол эмэгтэй хүнд Ази эмэгтэйчүүдээс илүү эрх чөлөө, илүү амбицтай амьдрах боломж байна. Хамгийн гол нь залуус ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийж, өөрийнхөөрөө байгаасай” гэж хүсдэгээ хэллээ. Тэр аль хэдийн ач, зээ охидтой  эмээ болсон ч эрч хүчээр дүүрэн, оюун санаа нь улам цэгцэрч хөгжсөн, өөрийн гэсэн итгэл, байр суурьтай, хүч бололцоондоо бүрэн итгэсэн хүчирхэг эмэгтэй юм гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байв.

“Өөрөөсөө л эхэл. Өөрийгөө хайрлахгүй бол бусад хүн чамайг хайрлахгүй” гэж цаанаа нэг үнэмшилтэй,  сэргэлэнгээр инээвхийлэн хэллээ.

ЦЭНДЖАВЫН ЭНХЖАРГАЛ

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.