Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

М.Даваажаргал: Миний амжилтын замд багахан зовлон бэрхшээл байсан. Гэхдээ түүнийг аавынхтай жишихэд ахадна

Л.Ганчимэг
2015 оны 2 сарын 23
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал морин жилийг тун ч аз хийморьтой, амжилт бүтээл дүүрэн үдэж буй. 1000 гаруй жилийн түүхтэй сүмогийн түүхэн дэх дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 33 түрүү аваад буй түүнийг Монголын ард түмэн “Оны тэргүүн алдартан”-аар өргөмжилсөн бол Цагаан сарын Битүүний урд өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол олгосон.

Монголын үндэсний бөхийн дархан аварга, Хөдөлмөрийн баатар Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргал Японы сүмогийн ертөнцөд шинэ түүх бичиж буйг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна. Ирэх гуравдугаар сард дөнгөж 30 хүрэх түүний өмнө дахиад өчнөөн урт амжилтын зам зурайж байгаа биз ээ.

“Сээрний бөхөөс сэтгэлийн бөх” гэдэгчлэн түүнийг бяртай ч, ухаантай ч аварга гэдгийг сүмогийн нөхдөөс нь гадна олон хүн үнэлдэг юм билээ. Хөдөлмөрийн баатарын алтан таван хошуугаа гардан авахаар эхнэр, хүүхдүүдийн хамт эх орондоо ирсэн Хакүхотой ярилцлаа. Тэрбээр хаа ч явсан NHK телевизийнхэн тэргүүтэй Японы сэтгүүлчид хэмээх байнгын “дагуултай” явдаг. Энэ удаад ч биднийг ярилцахад тэд хамт байлцав.

-Хацү башёд нэг ч уналгүй итгэл төгс түрүүлж, түүхэн дээд амжилт тогтоосон танд юуны түрүүнд халуун баяр хүргэе.

-Баярлалаа. Сар шинийн өмнөхөн ийм амжилт гаргаад эх орондоо ирж байгаадаа их баяртай байна. Ээж, аав, элгэн садан, нийт Монголчууд маань намайг хүндэтгэлтэйгээр угтан авсанд талархаж байгаагаа илэрхийлье.

-13 дахь өдрийн барилдаанд озэки Кисэносатог давснаар та 33 дахь түрүүгээ авах нь тодорхой болсон. Тэр болтол өдөр бүр, барилдаан болгон амаргүй байсан уу. Даваа өгсөх тусам сэтгэл зүйн байдал тогтворгүй болох ч юм уу, ямар нэгэн дарамт танд мэдрэгдэж байв уу?

-Энэ башё сэтгэл зүйн хувьд яалт ч үгүй өөр байсан. Өнгөрсөн зуны долдугаар сарын башётой адилхан. Тэр башёд түрүүлбэл 30 дахь түрүүгээ авч, их аварга Тайхо, Чиёнофүжи нарын түүхэн амжилтын араас гуравт бичигдэх хүн болно гээд Японы хэвлэлүүдээр шуугичихсан байлаа.

Санасандаа хүртэл барилдаж чадахгүй, бие болоод сэтгэл зүйн байдал хоорондоо зөрөлдөөд байсан. Гэхдээ ямар ч гэсэн 13 давж, хоёр унаатайгаар тэр башёд түрүүлсэн л дээ.

Арваннэгдүгээр сарын башё бас л хүнд байсан. 32 түрүү гэдэг мундаг тоо сэтгэлээс гарахгүй байсаар эхний өдрүүдэд уначихсан. Тиймээс түрүүлэх тухай бодол үгүй болж, сэтгэл зүйн хувьд чөлөөлөгдсөн гэх үү дээ.

32 түрүү гэдэг мундаг тоо сэтгэлээс гарахгүй байсаар эхний өдрүүдэд уначихсан.

Тэгээд башёгийн сүүлийн өдөр түрүүлчихээд дэвжээнээс буухад Рюүо Санчирболд тэргүүтэй манай хэдэн бөх цэцгэн зам дээр намайг тосоод зогсож байхаар нь өөрийн эрхгүй нулимс унагаж билээ.

Толгойноос гарахгүй, үргэлж бодогдоод байсан тоогоо “ялж”, 32 түрүүлсэндээ их л баярласан хэрэг. Шинэ рекорд гэдэг утгаараа энэ удаагийн башё ч амаргүй байсан. Та бүхэн хэрэв анзаарсан бол эхний долоон өдрийн барилдаанд ер нь л сунаж уначих гээд байсан шүү дээ.

Найм дахь өдөр Японы уран барилдаантай бөх Аминишикитэй таарч, нэлээд ширүүн барилдсаны дараагаар бүх зүйл хэвийн болсон. 13 дахь өдрийн барилдааныг үзэж сонирхохоор маш олон Монгол хүн очсон байсан. Бас бага охины маань төрсөн өдөр таарсан. Тиймээс тэр өдөр түрүүлэх болзлоо хангаж, олон хүнд бэлэг барьж чадсандаа их баяртай байгаа.

-“Өнөөдөр” сонин тухайн жилд хийсэн бүтээснээрээ монгол түмнээ манлайлсан алдарт суутнуудыг олны санал асуулгаар “Оны алдартан”-аар өргөмжилдөг уламжлалтай. Морин жилийн “Оны тэргүүн алдартан”-аар монголчууд таныг дуу нэгтэйгээр нэрлэсэн. Энэ баярт мэдээг Элчин сайдаас сонссон гэсэн. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?

-Маш их баярласан. Ард түмэн маань намайг, миний хөдөлмөр зүтгэлийг ойлгож, дэмждэгийн илрэл энэ юм даа. Сүмогийн тэр дэвжээ ямар хатууг та нар мэдэх байх. Өдийг хүртэл урсгасан хөлс, нулимс, цус багагүй. Арван таван настай, аав, ээжийн өврөөс гардаггүй эрх хүү сүмогоор хичээллэхээр Японд очоод эхэн үедээ үнэхээр хэцүү байсан.

Үүрийн гурав, дөрвөн цагт босоод, хүнд мавашитай удаан гүйхээр хоёр цавь холгоод, цус гарна. Цемент шиг хатуу, ширүүн дэвжээн дээр хөл нүцгэн барилдахаар эхэндээ холгоод, энд тэнд шалбарч цус шүүрэх бол энүүхэнд. Дээрээс нь гэмтэл, бэртэл авахаас эхлээд өдөр болгон шахуу уйлдаг хүүхэд байлаа.

Жиндээ хүрэхгүй туранхай, дээрээс нь үеийн сүмочдоосоо намхан намайг бусдын дайд хүргэх гэж дэвжээний багш нар маань их хичээсэн дээ.

Сүүлдээ арга барилаа ч өөрчилсөн. Хурд, хүчний бэлтгэлээс гадна идэх, унтах дасгал сургуулилалт их хийлгэдэг байсан. Хоногт хамгийн дээд тал нь 18 цаг унтдаг байсан шүү (инээв).

-Тэгээд анхны түрүүгээ авч байснаас хойших энэ хугацаанд та хувь хүнийхээ үүднээс хэр өөрчлөгдөв?

-Энд нэг бяцхан нууц дэлгэхэд 2006 онд анхны түрүүгээ авахад би озэки Миябияматай нэмэлт барилдаан хийсэн шүү дээ. Тэгсэн өмнөх шөнө нь миний нойр хүрдэггүй ээ. Аав Монголоос ирчихсэн, бид буудалд байсан юм. Хэсэг хөрвөөж байгаад, бүр болохгүй байхаар нь босоод хөргөгчнөөс хоёр шар айраг аваад уучихлаа.

Нүүр улайгаад, толгой манараад сайхан ч болчих шиг (инээв). Тэгээд нам унтаад өгсөн. Маргааш нь бие сайхан амарчихсан сэрсэн тул нэмэлт барилдаанд түвэггүй ялсан даа. Тэгж анх удаа Японы Эзэн хааны цомыг авахдаа хоёр гараараа лавхан сайн тэврээд, биендээ нааж байсан нь “Эзэн хааны энэ цом надад дахиад олон удаа ирэх болтугай” гэсэн далдын ерөөл бэлгэ оршсон юм болов уу гэж боддог. Одоо ингээд бодож байхад би сүмогийн гурван үед барилдаж байгаа юм байна.

Анх намайг дээд зиндаанд барилдаж эхлэхэд Их аварга Асашёорюү Дагвадорж, озэки Кайо, Чиёотайкай, Точиазүма, Котомицүки, Дэжима нар ид байсан. Тэднээс хойш ганцаараа их аварга цолтой хэсэг барилдлаа. Яг тэр үед цүнами болж, Японы ард түмэнд хүнд гарз хохирол учруулсан шүү дээ.

“Энэ ард түмэнд ийм зовлон бэрхшээл нүүрлээд байхад би ер нь барилдахаа болих уу” гэж ч бодсон. Гэхдээ тэр үед сүмог орхиогүйдээ би өөртөө баярладаг. Одоо ингээд залуу үеийнхэнтэйгээ, тэр дундаа Монголын гурван их аварга нэгэн үед барилдаж байгаад бэлгэшээж, өөрийгөө их азтай хүн гэж боддог.

-Хүч хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, Сар шинийн босгон дээр Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цол хүртлээ. Тэр дундаа аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар болсон бахдам сайхан түүхийн эзэд боллоо. Аав тань ер нь юу гэж байх юм?

-Социалист нийгэмд хүмүүсийг хөдөлгөж байсан нэг зүйл нь төрөөс өгдөг одон медаль, шагнал урамшуулал, янз бүрийн тэтгэлэг юм болов уу гэж боддог. Тэр үед хүн бүр ямар ч ажил хөдөлмөрийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг байсан.

Тиймээс Хөдөлмөрийн баатарын алтан таван хошуу ямар үнэ цэнэтэй гэдгийг аав минь надаас илүү сайн мэдэж байгаа.

Аав, хүү аваргууд хоёулаа Хөдөлмөрийн баатар болсон дэлхийд ховор үйл явдал Битүүний урд өдөр тохиолоо. 

Тухайн үеийн хүмүүсийн хувьд төрийн одон медаль гэдэг бол асар өндөр шалгуураар олгодог, ихээхэн нэр хүндтэй зүйл байсан учраас тэр.

Тийм ч учраас намайг Хөдөлмөрийн баатар болох гэж байгааг дуулаад, аавын минь нүдэнд нулимс цийлэгнэсэн болов уу. Аав надад барагтай бол янз бүрийн юм хэлдэггүй л дээ. Хоёр зуун дамжсан аав, хүү аваргууд хоёулаа Хөдөлмөрийн баатар болсон дэлхийд ховор үйл явдал Битүүний урд өдөр тохиолоо.

Би ардчилсан, эрх чөлөөтэй нийгмийн буянаар Японд очиж, мэргэжлийн сүмогоор хичээллээд амжилтад хүрлээ. Аавтайгаа адилхан Хөдөлмөрийн баатар цол авах гэж байгаагаа дуулаад мэдээж баярласан л даа. Гэхдээ миний хөдөлмөр зүтгэл, урсгасан хөлсийг аавынхтай харьцуулах аргагүй юм.

Миний амжилтын замд багахан зовлон бэрхшээл байсан. Гээд түүнийг аавынхтай жишихэд арай л ахадна. Та бүхэн мэдэж байгаа болов уу, хоёр жилийн өмнөөс аавын маань бие тэнхээрхүү байх болсон. Ямартай ч аавыгаа амьд сэрүүнд нь баярлуулсандаа л сэтгэл их хангалуун байгаа.

-Таныг Битүүний орой Япон руу буцна гэж байсан, больчихжээ дээ. Ингэхэд та Монголдоо шинэлээгүй хэр удсан бэ?

-Битүүнд буцах гэж байгаад больсон. Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанаа үзээд, аав, ээжтэйгээ хамтдаа шинэлчихээд буцахаар шийдсэн.

2009 оноос хойш Монголдоо шинэлсэнгүй. Олон жилийн дараа нутагтаа шинэлэх үнэхээр сайхан байна.

-Багадаа Цагаан сарыг хэрхэн тэмдэглэж байснаа санадаг уу?

-Аав хаана явна, би тэнд байдаг байсан. Багадаа аавтай хамт Битүүний барилдаан руу явна. Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан Спортын төв ордонд болдог байсан юм.

Бөхчүүдийн хувцас сольдог өрөөнд үеийнхэнтэйгээ барилдаад, дээл хувцсаа ураад ирдэг байсан тухай ээж хэлдэг. Бөхийн барилдаан дуусахаар аав, бид хоёр орой гэртээ ирж, манайхан эмээтэйгээ битүүлдэг байлаа.

-Японд танай гэрийнхэн Цагаан сар тэмдэглэдэг үү?

-Хүүхдүүд маань одоо л юм ойлгохтойгоо болж байгаа учраас дараа жилээс Цагаан сараа гэртээ тодорхой хэмжээнд тэмдэглэх байх. Манай сүмогийнхон харин Цагаан сарын баяраар Японд суугаа Монголын Элчин сайдтайгаа очиж золгоод, бууз жигнүүлж иддэг.

Энэ жил ч гэсэн Шинийн хоёронд Элчин сайдтай золгохоор цаг тохирчихсон байгаа. Цэвэгням ах ч тэр үед Хавайн арлаас ирж таарах юм.

-Ахмад настай сүмочидтойгоо золгоно биз?

-Золгоно оо. Бид эхлээд Цэвэгням, Дашням, Энхбат ах нартай золгодог. Тэгээд араас нь эрэмбээрээ би орно шүү дээ (инээв).

-Гар цайлгадаг уу?

-Нэгдүгээр сард Японы Цагаан сараар сүмочид хүүхдүүдийн гарыг цайлгадаг. Дэвжээний залуу бөхчүүд, шүүгч, нэр дуудагч, үсчин, туслахуудын хүүхдүүдийг барилдуулаад, бүгдэд нь ууттай мөнгө тараадаг юм.

-33 дахь түрүүгээ авсны дараа та “Дэвжээний бөхчүүд, багш нартаа баярлалаа. Энэ амжилтын цаана эхнэрийн минь хүч хөдөлмөр, тус дэмжлэг маш их байгаа, түүндээ баярлалаа” гэсэн. Монгол ардын зүйр үгээр бол та эхнэрээ магтсан “муу” эр болсон. Анх удаа гэргийдээ ингэж хэлж байгаа байх аа?

-Тийм ээ (инээв). Зориуд наад зүйр үгийг чинь онцолж байгаад тэгж хэлсэн шүү дээ. Намайг энэ түүхэн амжилтын ард гарахад түүний минь тус, үүрэг оролцоо, сэтгэл, зүтгэл маш их байсан учраас анх удаа талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.

Найман жилийн өмнө намайг анх аварга болоход Сүмогийн холбооны тэргүүн зөвлөхүүд мэдээ хүргэхээр ирэхэд нь миний хэлэх ёстой дөрвөн мөрт ханзыг эхнэр маань олж, өөрийн гараар бичиж өгсөн юм.

Түүнээс хойш би томоохон бэртэл гэмтэл авалгүй, тойргийн барилдаанд ч нэг өдөр өнжилгүй дэвжээн дээр барилдаж байна. Энэ бол манай хүний чин сэтгэлийн илэрхийлэл, хайрын хүч юм даа. Гэхдээ энэ үгийг би ганцхан эхнэртээ бус, олон эмэгтэй хүнд, олон сайхан эхчүүдэд хандаж хэлсэн юм шүү.

Тэр дундаа миний ээж бол аварга хүний гэргий ямар байх ёстойг, хэчнээн хүнд ачаа үүрч явдгийг биеэрээ үлгэрлэсэн хүн. Тиймээс гол нь ээждээ хэлсэн үг л дээ. Шинэ рекорд тогтоогоод, шагналаа гардсаны дараа өнгөрсөн хугацаанд намайг үргэлж дэмжиж ирсэн ханьдаа болон бусад хүнд талархлаа илэрхийлэхэд сүмогийн ордонд цугласан үзэгчид их баярлаж байсан.

-Өмнө нь тантай ярилцаж байхад гэргийнхээ тухай “Хүнд бэртэл аваад, барилдаж чадахгүй хамгийн хэцүү бэрх цаг үед миний дэргэд түшиж байсан учраас “Энэ хүн миний эхнэр болж болох юм байна” гэж бодсон” гэсэн шүү дээ. Хүн хүнээ таньж олно гэдэг хосгүй сайхан, бас аз завшаантай учрал тохиол байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Тэр яриад байсан хүн чинь энэ шүү дээ. Өнгөрсөн арав гаруй жилийн турш миний ар талыг найдвартай, хариуцлагатай авч яваа ханиа тэр бүр баярлуулж чаддаггүй хүн шүү дээ, би. Тиймээс 33 түрүү авсны дараа олны өмнө талархсан сэтгэлээ илэрхийлэхэд манай хүн их баярлаж, уйлсан гэсэн.

-Сая сүмогийн түүхэн дээд амжилтыг шинэчилснийхээ дараа таныг үг хэлэхдээ Монгол эх орноо, ядаж аавыгаа дурссангүй гэж манайхан жаахан шүүмжилсэн. Харин арваннэгдүгээр сарын башёд түрүүлээд үг хэлэхдээ монголоор талархлаа илэрхийлсэн нь япончуудын дургүйцлийг хүргэсэн тухай хэсэг шуугисан. Хоёр орны ард түмэнд хоёуланд нь таалагдахын тулд үг хэл, үйлдэл бүхнээ цэнэх танд заримдаа тээртэй санагддаг уу?

-Энэ миний л хувь тавилан. Тээртэй, хэцүү байлаа гээд зугтах аргагүй шүү дээ. Гэхдээ хэцүү бэрхээс нь илүү би сайн сайхныг нь олж харахыг хичээдэг. Хоёр улс дамнан ажиллаж, амьдрах боломж хүн болгонд тэр бүр заяадаггүй биз. Тиймээс энэ хоёр улсын хооронд гүүр болох юмсан гэж хичээдэг.

Арваннэгдүгээр сарын башёгийн тухайд гэвэл би түрүүлэх болгондоо Монголоор үгээ хэлж чаддаггүй шүү дээ. Тиймээс тодорхой хугацааны дараа, ямар нэгэн түүхт амжилтын ард гарсан, тийм нэг бэлгэ дэмбэрэлтэй үед бол өөрийн төрөлх хэлээрээ үгээ хэлэх нь зөв гэж би бодсон.

Тэгээд арваннэгдүгээр сарын башёгийн дараа Монголоор талархсан сэтгэлээ илэрхийлсэн нь манай ард түмэнд их хүрсэн гэж дуулсан. Аав минь ч их баяртай байсан. Хоёр жилийн өмнө бие нь муудахад бид их тэвдсэн. Тэр үед би 25, 26 түрүүтэй байлаа. Нэгэнт зорьсон юм чинь түүхэн амжилтыг нь эвдэж, аавыгаа нэг баярлуулах юмсан гэж бодогдоно. Харин тэгж зорьсон зүйлээ морин жилд гүйцээсэндээ их баяртай байгаа.

-Ирэх башёд та сэтгэл зүйн хувьд арай тайван барилдах болов уу. Эсвэл...

-Түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо гээд миний хүсэл зорилго тэр чигтээ биелсэн гэж ойлгож болохгүй. Давааны цаана даваа байгаа гээд л үзнэ шүү дээ. Хамгийн том даваа урд минь байна.

Түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо гээд миний хүсэл зорилго тэр чигтээ биелсэн гэж ойлгож болохгүй.

Жишээ нь, Фүтабаяма аваргын 69 дараалан ялалт байгуулсан том амжилт намайг хүлээж байна. Би урьд нь 63 дараалан даваад, унасан учраас энэ амжилтыг эвдэж чадаагүй. Одоо зүтгэнэ дээ.

-Та үргэлж завгүй байдаг гэсэн. Өнгөрсөн Валентины баяраар гэр бүлийн хүнтэйгээ хамт байж, тэмдэглэж чадсан уу?

-Чадаагүй ээ. Хоёрдугаар сарын 14-нд А.Сүхбат аваргын дүүгийн зодог тайлах ёслол болсон учраас би тэнд уригдаж очсон юм. Ямар ч байсан манай хүн шоколад авсан байхыг нь би харсан. Гэхдээ идэх зав гаргаагүй (инээв).

Дэмий л “Үүнийг одоо энд яаран сандран идээд яах вэ дээ. Монголд очиж байгаад болъё” гэсэн. (Аварга энэ зуур эхнэртэйгээ японоор хэдэн үг сольсноо “Нөгөө шоколадаа аваад ирсэн гэнэ ээ” хэмээв.)

-Та ер нь хэр романтик хүн бэ?

-Тийм юм байхгүй байх аа. Гэхдээ мэдээж залуу хүн юм чинь хааяа тодорхой хэмжээнд романтик байхыг хичээнэ. Тэглээ гээд юм болгон дээр нял нял гэхгүй л дээ.

2020 оны олимп Токиод болно. 

-Аварга аавын хайр энэрэл, буян хишгийг та багаасаа ханатлаа мэдэрч өссөн байх. Харин одоо сайн хүүгийн ачлал энэрлийг аав, ээждээ хангалттай мэдрүүлж чадаж байгаа гэж боддог уу. Аавындаа тухтай хонож, өнжөөд хуучлах юмсан гэж бодогдох үе байх уу?

-Би багаасаа л аав, ээжтэйгээ хамт унтдаг эрх хүүхэд байсан. Япон руу явахдаа л аав, ээжийнхээ өврөөс гарсан шүү дээ. Эхэндээ ч аав, ээжийгээ их санадаг байсан. Сүүлдээ очсон газартаа дасаад ирэхээр гайгүй болчихдог юм билээ. Аав, ээжийнхээ ачийг бага сага ч гэсэн хариулах юмсан гэж боддог л доо.

Одоо бид Монголдоо байхаар аавынхтайгаа нэг байранд амьдардаг юм. Нэг дээвэр дор амьдардаг юм чинь хэдхэн алхаад л аавынд орчихно гээд алгуурлаад байдаг бололтой. Нээрээ наадах чинь бодууштай үг юм байна шүү. Баярлалаа. Аавындаа тухтай суугаад, ээжийнхээ цайг чануулж уунгаа хэдүүлээ амины хууч хөөрөх ухаан орсонгүй явжээ.

-Таныг Монголдоо ирэхгүй удахаар Мөөеө аварга “Хүү минь ээ, хэзээ ирж духаа үнэрлүүлэх юм бэ” гээд айлгах уу?

-Аав надад олон таван үг хэлдэггүй юм аа. Хааяа нэг гарцаагүй шаардлагатай гэсэн тохиолдолд л жинтэйхэн авна шүү дээ. Бид Монголдоо ойрхон ирээд байж чаддаггүй ч аав, ээжийг жилдээ ядаж 2-3 удаа Японд аваачиж, үр ач нартай нь уулзуулдаг юм.

Хэн хэнийхээ зав чөлөө, боломжийг харж байгаад, ямар нэг аргаар уулзалдаад байдаг учраас аав энэ тал дээр нэг их үг хаядаггүй л дээ.

-Таныг ном хэвлүүлсэн гэсэн. Ямар учиртай ном бэ?

-Японд намайг 10 гаруй жилийн турш дагасан, спортод элэгтэй нэгэн эрхэм миний амжилтын замналын тухай ном бичсэн юм. Монгол хүн ямар онцлогтой юм, бид хичээвэл юу бүтээж чадах вэ, юуны төлөө зорьж, хөдөлмөрлөх ёстой вэ гэсэн утга агуулга бүхий ном байгаа. 2016 оны олимп хаяанд ирлээ.

2020 оны олимп Токиод болно. Түүнээс өмнө амжиж Монголчууддаа ямар нэгэн оюунлаг зүйл хийх юмсан гэж бодож явсан минь биеллээ олсон. Орчуулагч Төмөрбаатар гуай Монгол залуусын мэдлэг, оюуны санд дусал нэмэхээр тэр номыг орчуулсан нь сая хэвлэлтээс гарлаа.

Мэргэжлийн сүмогийн арслан, аварга цолонд хүрснийхээ дараахан Хакүхо залуу насны эр бяр, аагандаа хөтлөгдөж, өөртэйгөө адил болон том цолтой бөхтэй хичээж барилдаад, бусадтай нь хүч үзэхдээ төдийлэн мэрийдэггүй байж. Үүнийг анзаарсан Ж.Мөнхбат аварга хүүдээ “15 хоногийн турш өдөр бүр үзүүр, түрүү булаалдах гэж байгаа юм шиг, тийм сэтгэл зүйгээр барилдаж бай” гэсэн нь түүнд ташуур болсныг өнөө цагийн сүмогийн түүхт их аварга М.Даваажаргал дурслаа. Энгийн даруу хэрнээ бас багагүй наргианч зантай Хакүхо өдийд Япон руу хэдийнэ буцсан ч Монгол түмэн нь түүнд улам их амжилт хүсэн, дээлийнх нь захыг үргэлж мушгин чих тавьж суудгийг уламжлахад таатай байна.

Зураг