Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар болж буй АНХНЫ ТОХИОЛДОЛ

Ч.Болортуяа
2015 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Гэрэл зургийг MPA.mn

Морин жилийн отгон ХӨДӨЛМӨРИЙН БААТАР "төрлөө"

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Монгол Улсын Дархан аварга Ж.Мөнхбатын М.Даваажаргал Морин жилийн отгон ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо. 

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард 33 дахь түрүүгээ авч сумо бөхийн ноён оргилд гарсан билээ. 

Хакухо М.Даваажаргал нь:

  • Хамгийн олон түрүүлсэн
  • Хамгийн олон удаа дараалан түрүүлсэн
  • Хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн
  • Нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн 
  • Жилийн 90 барилдаанаас хамгийн олон давсан зэрэг амжилтуудын эзэн болоод байгаа юм.

М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөдөлмөрийн баатар цол, тэмдэг болон Сүхбаатарын одонгоор давхар шагнав.

Мөн энэ өдөр сумогийн 71 дэх аварга Мангалжалавын Ананд Монгол Улсын гавьяат тамирчин болов.

 

М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар болсноор Монгол Улсад аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар болж буй анхны тохиолдол боллоо. 

 

Мөн энэ үеэр Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, барилга, аж үйлдвэр, мал аж ахуй болон байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль хүртээв. 

Монгол Улсын гавьяат малчин цолоор 

  • Төв аймгийн Бүрэн сумын малчин Балжингийн Батпүрэв, 
  • Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин Доржийн Дашзэвэг нарыг,

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор 

  • Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн дулааны инженер Нямын Лувсангомбо, 
  • Баян-Өлгий аймгийн “Аватекс Хайнар” ХХК-ийн ноос угаах үйлдвэрийн зөвлөх инженер Таукейн Халифа нарыг,

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор 

  • БОНХЯ-ны ахмад ажилтан Жанчивын Баатарсүрэнг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор 

  • “Алтан дуулга” ХХК-ийн зөвлөх архитектор Ганжууржавын Лувсандорж, 
  • СХД-ийн 32-р хорооны иргэн, ахмад хилчин Самбуугийн Самдандовжид, 
  • Дархан-Уул аймгийн “Дархан орд харш” ХХК-ийн ерөнхий инженер, ахмад барилгачин Чүлтэмсүрэнгийн Баатаржав нарыг,

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор 

  • Япон улсын Мэргэжлийн Сумогийн их аварга Мангалжавын Ананд, 
  • Нийслэлийн 18 дугаар сургуулийн зөвлөх багш, Уулын спортын ахмад тамирчин Санжаагийн Заяа нарыг,  

Монгол Улсын гавьяат багш цолоор 

  • “Монголын Ахмад багш нарын холбоо” ТББ-ын тэргүүн Доржийн Амар, 
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын ахмад багш Санжгончигийн Батсуурь, 
  • Орхон аймгийн Эрдэм ахлах сургуулийн “Уран өд” дугуйлангийн монгол хэл уран зохиолын багш Дамдинсүрэнгийн Мандахсан, 
  • Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн согог зүйч багш Жамбалын Оюунчимэг,
  • Нийслэлийн 2 дугаар сургуулийн бага ангийн ахмад багш Зандангийн Хишигжаргал нарыг,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор 

  • Эрүүл мэндийн яамны Спорт бэлтгэлийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Лувсанзундуйн Ням, 
  • Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дасгалжуулагч Чүлтэмсүрэнгийн Раднаабазар нарыг,

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор 

  • Дундговь аймгийн Алтат цагаан толгой ХХК-ийн дархан Жаалын Пүрэвийг,

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор 

  • Баянмонгол чуулгын удирдаач Бадамхандын Нямдоржийг,

Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор 

  • Архангай аймгийн Өгийнуур  сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Дашбалжирын Галбадрахыг,

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор 

  • ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Дамбын Базаргүрийг,

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор 

  • Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын ахмад ажилтан Дүгэрийн Гомбосүрэнг,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 

  • Япон улсын Мэргэжлийн сумогийн “Такасаго” дэвжээний бөх Бадарчийн Дашням, 
  • ХУД-ийн 15-р хорооны иргэн, чөлөөт уран бүтээлч Цэгмидийн Төмөрхуяг нарыг,

Алтангадас одонгоор 

  • МИАТ ТӨХК-ийн нислэгийн хэлтсийн агаарын хөлгийн дарга Таштуаны Ауезийг,

Цэргийн гавьяаны одонгоор 

  • Зэвсэгт хүчний ахмад ажилтан,  бэлтгэл дэд хурандаа Дэнзэнгийн Чойбаатарыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар 

  • Засгийн газрын Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын үйлчлэгч Цэрэннадмидын Чадраабалыг,

Цэргийн хүндэт медалиар 

  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Жовдын Хүдэрчулууныг тус тус шагналаа.