-Номын шүүмж-
Өнгөрөгч долоо хоногт үгийн урлаг, номын хорхойтнуудын хувьд нэгэн таатай үйл явдал болсон нь яруу найрагч, орчуулагч Б.Баясгалан “Аварга том далавчтай өвгөн” өгүүллэгийн орчуулгын түүврээ гаргасан явдал байлаа.
Өгүүллэг бол утга зохиолд шимтэгчдийн магад хамгийн их эрхэмлэн уншдаг төрөл байх. Бага өгүүлэмжид их санаа багтаадаг, өгүүлэмжийн цөөн шугам утга агуулгаа тал тал тийш нь сарниалгүй явсаар туйлдаа хүрдэг тул уншигчдад төрүүлэх мэдрэмж хурц, тэр хэрээр сонирхолтой байдаг гэхчлэн дурдах давуу тал арвин. Өгүүллэгийн энэ чанар орчин цагийн завгүй хэмнэлд тун ч нийцтэй байдгаас уншигчид өгүүллэгт улам ихээр шимтэх болжээ.
Өгүүллэг сонголтын ийм баялаг агууламж уншигчдад орчин цагийн үргэлжилсэн үгийн мастеруудтай нэг дор танилцах, зохиолч бүрийн бичлэгийн арга барил, онцлогийг мэдрэх, цаашлаад таалагдсан зохиолчоо дэлгэрүүлэн унших үүд хаалгыг нээж буй хэрэг юм.
Уншигч миний хувьд харин номын эхний хуудсыг нээсэн мөчөөс л “Аварга том далавчтай өвгөн” намайг нуруун дээрээ суулгаж аваад үгийн урлагийн жигтэй, сонин 13 буудлаар өртөөлөн нисэж аялуулсан юм.
Эхний буудал Нацүмэ Соосэкийнх байв
Нацүмэ Соосэки бол орчин цагийн Японы утга зохиолын төлөвшилд онцгой нөлөөтэй уран бүтээлч. Соосэкийн хөргийг 1984-2004 оны хооронд 1,000 иений дэвсгэрт дээр байрлуулсан нь Японы ард түмэн түүнийг Японы утга соёлыг төлөөлөх үндэсний сэхээтэн, уран бүтээлчийн хувьд хэчнээн үнэлж, хүндэтгэдгийн жишээ юм.
Түүний “Зүүдний арван шөнө” зохиолоос авсан “Гурав дахь шөнө” өгүүллэг богино боловч санаанд гүн хоногшин үлддэг зүүд шиг санагдав.
Нуруундаа зургаан настай хүүхэд үүрэн харанхуйд хаашаа ч юм бэдрэх өгүүлэгчийн зүүднээ уншигч үнэхээр өөрөө яваад орчихсон, араас нь чимээгүйхэн дагаж байх шиг хүчтэй ховсдом амьсгалтай өгүүллэг.
Бидний багад “Шидэт хүүрийн үлгэр” хэмээх гайхамшигтай уран сэтгэмжийн цогцыг уншдаг байсан маань эрхгүй санагдсан. Японд энэ маягийн домог байдгийг мэдэхгүй ч, дорнын энэ домог зүйн үр хөврөлийг Соосэки урнаар ашигласан нь илт.
Удаах буудал Гектор Хью Мүнрогийнх байв.
“Саки” хэмээх бичгийн нэрээр олноо алдаршсан хэмээн намтарт нь бичсэн сайхь зохиолчтой харин “Аварга том далавчтай өвгөн” л намайг анх удаа танилцуулав. Түүний богино өгүүллэгийн уран чадварыг О.Хенритэй жишин зүйрлэдэг аж.
Соосэкийн хөргийг 1984-2004 оны хооронд 1,000 иений дэвсгэрт дээр байрлуулсан.
Зохиолчийн “Үлгэрч” өгүүллэгийг уншихад уншигч би бээр зохиолд гарах галт тэргэнд явах замдаа шалсаар байгаад эгчээрээ, цаашлаад нэг бүхээгт сууж явсан танихгүй эрээр үлгэр яриулж дөнгөөд, түүнээ нүд нь гэрэлтэн шимтэн сонсох дэггүй хоёр жаалд хувирчих шиг тун ч зугаатай байв.
Гурав дахь буудал Ясүнари Кавабатагийнх байв.
Утга зохиолын ултай уншигчдын хувьд Ясүнари Кавабата гэх нэр “ШҮТЭЭН” гэх үгсэд хувилан сүсэглэгддэг гэвээс огтхон ч хилс болохгүй ээ.
Бага наснаас өнчрөл ганцаардал, үхэл хагацал амсаж, зовлон зүдгүүрийг ханатал амссан энэлэнт амьдралын эзэн гэвч түүний зохиол бүтээлүүд гайхам цэвэр тунгалаг, эгэл нандин, гоо сайхан чанартай байдаг. Амьд ахуйдаа алдар нэр нь түгэн мандсан их зохиолч тэрбээр 73 насандаа амиа тэвчин энэ хорвоогоос явжээ.
Амьдралыг хэдийн таньсан дөлгөөн харцаар өмнөөс нэвт шувт ширтэх шонтгор өвөөгийн дүрээр үргэлж сэтгэлд буух “Ясүнари Кавабата” хэмээх эрхэм хорвоогийн хуран үймээн дундах хүний оршихуйн адармаатай хийгээд нандин чанарыг уран атлаа энгийнээр хүмүүний сэтгэлийн толинд буулган үлдээсэн мэт санагддаг. Түүний бүтээлүүд яг л толинд тусаад эргэн ойж буй дүрс мэт уншигчийн сэтгэлээс хальж, утга түгээх чадвартай билээ.
Зохиолчийн яруу найрагч сэтгэлгээ хамгийн тод илэрсэн, гоо зүйн хувьд Японы хайку шүлгийн уртай жишин үнэлэгддэг түүний “Алгын чинээ өгүүллэг”-үүдээс зургааг “Аварга том далавчтай өвгөн” номноос унших боломжтой юм.
Дөрөв дэх буудал Исаак Башевич Зингерийнх байв.
Ай даа, хүмүүний оюун, сэтгэлийн ертөнц хэчнээн ч баялаг юм бэ дээ. Энэхүү баялаг ертөнцийн гарцаагүй нэгэн сонирхолтой бүтээгч бол Польш-Еврей зохиолч Исаак Башевич Зингер юм.
1978 онд Зингерт “Польш-Еврейн соёлын уламжлалыг хүн төрөлхтөнд таниулж, хүмүүний амьдралын нийтлэг төлөв байдлыг уран сайхны хэлээр амилуулсаны учир” Нобелийн утга зохиолын шагнал хүртээжээ.
Зохиолчийн зураг надад үгийн урлагийн гарамгай төлөөлөгч, Нобельтон бус, цог буурсан нүдний харцтай, амьдралд үл ялиг түүртэж ядарсан дорой нэгэн өвгөнийг санагдуулдаг. “Хар захын гудамжны Спиноза” өгүүллэгийг анх уншаад миний энэхүү мэдрэмж ч ортой болохыг ухаарсан. Тийм эгэл борог ч тийм уртай, тийм гунихруу дүнсгэр ч тийм хоржоон егөөтэй, тийм сул дорой ч тийм хүчирхэг. Магад Зингер өөрөө үгийн урлаг дахь “Хар захын гудамжны Спиноза” байж дээ.
Тав дахь буудал Дазай Осамүгийнх байв.
Өмнө огт сонсоогүй нэр. Зохиолчийн туулсан амьдралын адал жигтэй түүхийг анх мэдээд ам ангайн гайхахад хүрсэн билээ. Тавь гаруй жилийн өмнө өөд болсон түүнийг Барууны утга зохиолын ертөнц одоо л сонирхон судалж, зохиол бүтээлийг нь ид орчуулан мандуулж буй аж. Амьд ахуй цагт нь зохиолчийн бүтээл англи хэлээр орчуулагдан өрнөдөд түгсэн бол өдгөө магад Юкио Мишиматай нэр зэрэгцэн шагшигдах зохиолч байж мэдэх юм.
Түүний “Зул сар” өгүүллэгийг уншихад ахиад л өнөөх мэдрэмж. Ер яагаад ч юм япон зохиолчдын бичлэгийн хэв маяг, ур, уур амьсгал яагаад ийм дотно таатайгаар сэтгэлд гүн нэвчдэгийг л ахин дахин гайхаж суув.
Зургаа дахь буудал Нагиб Махфузийнх байв.
Арабын ертөнцөөс төрөн гарсан цорын ганц утга зохиолын Нобельтон гэх тодотгол л зохиолчийг сонирхох хангалттай шалтаг болдог. Харьцангуй сүүлд буюу 1988 онд утга зохиолын Нобель хүртсэн тэрбээр есөн жилийн өмнө мөнх бусыг үзүүлсэн билээ.
Тэгэхээр Нагиб Махфуз бол бидэнтэй зэрэгцэн бүтээн туурвиж байсан орчин цагийн зохиолч юм. Түүний Нобелийн шагнал гардан авахдаа хэлсэн үг уншигч намайг хэд хэд нулимсаа арчихад хүргэсэн бөгөөд магад Арабын ертөнцийн хувь заяа, ард иргэдийнх нь сэтгэлийн шарх, уй гунигийг зохиогчийн үгнээс эмзэглэн мэдэрснээс тэр биз. Энэ л сэтгэлээр Нагиб Махфузийн бүтээлийг цаашид сонирхон унших байх аа.
Харин түүний бүтээл “Аварга том далавчтай өвөө”-д багтсан нь түүний зохиол бүтээлтэй танилцах анхны үүдийг нээлээ.
Долоо дахь буудал Жон Чиверийнх байв.
“Олон жилийн дараах уулзалт” хэмээх өгүүллэгийг нь уншаад чухам яагаад дээрх маягаар цоллуулах болсныг ойлгосон. Зугаатай өгүүлэмжийнхээ цаана гашуун, гунигтай егөө нуусан өгүүллэг гээч л энэ байв.
Найм дахь буудал Курт Вонненгутийнх байв.
Шинжлэх ухааны уран зөгнөл хэмээх төрөл зүйлийг сонгодог түвшинд хүргэхэд Курт Вонненгутийн гавьяа үлэмж их. Түүний уран төсөөлөл, зохиолуудынх нь ярвигтай бүтэц, далдуур егөөдөх чадвар зэрэг нь түүнд орчин цагийн хамгийн нөлөө бүхий зохиолч гэсэн алдрыг өгдөг.
Монгол уншигчдын хувьд төдийлэн танил бус Курт Вонненгут хэмээх тун ч сонирхолтой, ярвигтай орон зай үгийн урлагт буйг “Харрисон Бергерон” хэмээх өгүүллэг сануулах шиг болов.
Ес дэх буудал Габриэл Гарсиа Маркесийнх байв.
Утга зохиол дахь шидэт реализмын хамгийн нэр бүхий төлөөлөгч Габриэл Гарсиа Маркес миний хувьд ямагт “Шидэт үлгэрч өвөө” байлаа. “Зуун жилийн ганцаардал” романыг нь Г.Аким гуайн сайхан хөрвүүлгээр уншсаны дараа төрсөн мэдрэмжийг үгээр зураглахад бэрх.
Түүний зохиол бүтээлд гүн шигдсэн шидэт чанар, амттай өгүүлэмжийг уншихад ямагт сайхан байдгийн жишгээр “Аварга том далавчтай өвөө” өгүүллэг ч тийм л байв. Түрүү онд шидэт өвөө маань тэнгэрт мянга мянган шар эрвээхий нисгэсээр хүний ертөнцөөс дөрөө мултлан одсон боловч уншигчдынхаа зүрх сэтгэлд “Аварга том далавчтай өвөө” маань үүрд үүрлэн үлдэж дээ.
Арав дахь буудал Элис Мүнрогийнх байв.
Орчин цагийн өгүүллэгийн их мастер цолыг эзэмшигч нууцлаг хатагтай 2013 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн нь Канадын зохиолч Элис Мүнро байв. Өдгөө ч амьд сэрүүнээр зохиол бүтээлээ туурвин буй тэрбээр 84 насыг зооглож буй билээ. Утга зохиолд “хүйс” гэж үгүй ч уншигч миний хувьд эмэгтэй хүүрнэл зохиолч гэдэг хэзээнээс л ихээхэн сонирхолтой судлагдахуун байлаа.
Утга зохиолын их далайд Виржини Вульфийн босгосон “Гэрэлт цамхаг”-аар зүг хийн, өөр өөрийн давтагдашгүй орон зайг эзэгнэн шинэ зам нээгчдийн цувааг үргэлжлүүлэгч хэмээн Элис Мүнрог тооцдог. Түүний зохиолоос монгол хэлнээ орчуулагдсан анхны тохиолдол “Эрвээхийн өдөр” өгүүллэг нь юм. Энэ ч утгаар уншигчдад ихээхэн сонирхолтой байх болов уу.
Арваннэг дэх буудал Харүки Мүракамийнх байв.
Утга зохиолын хорхойтнуудын дунд “Мүраками” гэх нэрийг сонсоогүй хүн бараг үгүй биз ээ. Орчин цагийн хамгийн алдартай зохиолч, олон оронд түүний зохиолд шимтэх бус, донтох үзэгдэл газар авсан зэрэг сүр дуулиант тодотголууд “Мүраками” гэх нэрийг сүүл мэт дагадаг. Заримынх нь хувьд “Мүраками” дээд шүтээн, бүтээл бүрийг нь ухаангүй уншваас зохих мундаг зохиолч, заримынх нь хувьд зохиолыг нь уншиж үзэхийн ч хэрэггүйгээр зай барих ёстой адгийн зохиолч. Магад тэрбээр уншигчидтайгаа маш гүн бат холбоо тогтоож чаддаг цөөн зохиолчийн нэг байх. Мэдээж өндөр нэр алдраараа бус, зохиол бүтээлээрээ тогтоодог холбоо шүү дээ.
“Гучин хоёр настай өдрийн аялагч” хэмээх багашаархан өгүүллэгт Мүракамийн гэх онцлог, хүмүүсийг хуйлруулан татаад байдаг “гоё” чанар нь бүрнээ цогцолжээ.
Арванхоёр дахь буудал Цезарь Айрагийнх байв.
Латин Америк гэхээр үгийн урлагт шимтэн дурлагчдын хувьд юуны түрүүнд Борхес санаанд нь буудаг биз ээ. Латин Америкийн утга зохиолыг Борхесоор төлөөлүүлэн бишрэгчид олон. Харин Цезарь Айра хэмээх зохиолчийг дараагийн Борхес нэмээн шүүмж судлаачид өргөмжилдөг аж. Түүний туурвилзүйн хэв маяг ч тун сонирхолтой.
Зохиол бүтээлээ эгээ л уран бичээч үсэг татлах адил тухайн агшинд дотроос нь түрэн гарсан үгийн урсгалыг цааснаа тэр чигээр нь буулгаад, хожим зориуд нягтлан засдаггүй гэнэ. Яруу найраг бус, үргэлжилсэн үгийн зохиолоо туурвидаг арга барил нь энэ шүү дээ. Түүний “Пикассо” өгүүллэг бол сайхь зохиолчийн бүтээл монгол хэлнээ орчуулагдсан анхны тохиолдол юм.
Эцсийн буудал Мо Яаных байв.
2012 онд урд хөршөөс маань Нобелийн утга зохиолын шагналтан төрсөн нь Монгол уншигчдын хувьд зохиогчийн эх орныг сайн мэдэх ч зохиогчийг өөрийг нь төдийлэн мэдэхгүй явдал болсон юм. Нобелийн шагнал гардан авснаас хойш дэлхий дахинаа Мо Яаны зохиолыг олон хэлнээ хөрвүүлэх ажил эрчимтэй өрнөж, манайд хүртэл түүний “Дарсны орон” роман нь орчуулагдан гарчээ. Миний хувьд Мо Яан уугуул эх соёл, үүх түүхээ орчин цагтай хослуулан өрнийн арга барилыг өөриймшүүлэх маягаар тун амжилттай бичиж чадсан зохиогч шиг санагддаг. Энэхүү “ухаалаг” арга барилыг нь түүний бүтээлийг уншиж гэмээнэ анзаарах биз ээ.
Үүгээр “Аварга том далавчтай өвөө”- гийн үгийн урлагийн баялаг ертөнцөөр хөтөлсөн аялал сүүлчийн өртөөндөө хүрлээ. Гэвч уншигч миний хувьд, таны хувьд ч тэр, энэхүү аялал улам баяжин үргэлжлэх нь дамжиггүй билээ.
Өөрийн гэсэн хүчирхэг хэл, давтагдашгүй ертөнцтэй эрс тэс зохиолчдын өгүүллэгийг яг л тухайн зохиолчийн бичсэн өнгө аяс, хэл найруулгаар ялгаж зааглан орчуулж, нэг номд багтаана гэдэг орчуулагчийн чадварыг чинээнд нь тултал шалгах нь мэдээж.
Орчуулагч Б.Баясгалангийн орчуулга, сонгосон бүтээлүүд тийм шалгуурыг хэдийнэ даваад гагцхүү уншигч бидний оюун ертөнц, мэдрэмж, сэтгэлийн ирийг шалгахаар хүлээж байх шиг санагдана.
Ж.Тэгшзаяа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!