Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Отгонбаяр: Нам, улс төрийн үзэл баримтлалыг дагаад түүхийг гуйвуулж болохгүй

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 2 сарын 9
iKon.MN
 

Одоогоос долоо хоногийн өмнө юм уу даа. Монголын Үндэсний Түүхийн Музейд УИХ-ын гишүүн, доктор Ё.Отгонбаярын “Ээдрээт цагийн бичээс” номын цахим хувилбарын нээлт болсон юм.

Ярилцлагынхаа дараагийн зочныг хайж байсны хувьд Ё.Отгонбаяр гишүүнтэй уулзах боломж гарсанд баяртай байв.

Тэрбээр Монголын түүхийн хамгийн ээдрээтэй үеийн үйл явдлыг ямар нэгэн өнгө будаггүй тусган үзүүлэхийг зорьсон “Тусгаар тогтнолын товчоон” цувралаа туурвиж байгаа билээ.

Түүний бүтээлүүд олон долоо хоног “Шилдэг борлуулалттай ном” байж, зохиогчийнхоо зорилгыг биелүүлсээр байна.

Ингээд мэдээллээс мэдлэг олж авахыг эрмэлздэг хүн бүхэнд НОМЫН ТУХАЙ цувралынхаа дараагийн ярилцлагыг өргөн барья.


-“Ээдрээт цагийн бичээс” нэрийн тухай яриагаа эхэлье. Номоо яагаад ингэж нэрлэх болов. Мөн аль цаг үеийг хамарсан түүхийг өгүүлэх вэ?

-Би “Монголын тусгаар тогтнолын түүхэн товчоон” гэсэн цуврал ном бичиж байна. Хоёрдугаар дэвтрийг нь “Ээдрээт цагийн бичээс” хэмээн нэрлэж гаргасан юм. Энэ бол 1915-1924 оны хоорондох Монголын түүхийг харуулсан бүтээл.

Яагаад энэ үечлэлийг хийв ээ гэвэл 1915 оны Хиагтийн гэрээний дараа Монгол Улс Хятадын автономит муж болж хувирсан. Энэ үеэс эхлээд 1924 онд Ардын хувьсгал ялж Бүгд Найрамдах улсаа тунхагласан үе хүртэлх түүхэн үйл явдлыг бичье гэж бодсон юм.

Нэрний тухайд гэвэл тэр үед Монгол автономит муж болж, Оросод Октябрийн хувьсгал ялж, Хятадад цэргийн эрхтнүүд хоорондоо тулалдаж байсан. Мөн 1919 онд Монгол автономитаа устгуулсан, 1921 онд Ардын хувьсгал ялсан гээд Монгол орны хувь заяа хаашаа ч эргэж магадгүй ээдрээтэй үе байсан учраас ийнхүү нэрлэсэн учиртай.

-Таны ном С.Данзан гуайн харууслаар эхэлдэг. Бас номны тань нүүрэн дээр энэ хүний зураг байна. Яагаад түүнийг онцлох болов. Энэ хүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг юу вэ?

-Энэ үеийн түүхийг аваад үзвэл голлох үүрэг гүйцэтгэсэн хүн нь яах аргагүй С.Данзан болж таарч байгаа юм л даа. Энэ хүн өөрөө Сангийн яамны Гаалийн Хорооны түшмэл байх үеэсээ эхлээд Хүрээний бүлгэм гэх нууц бүлгэмийг санаачлан зохион байгуулсан.

Бид түүхийн зарим хүмүүсийг мартаад, орхиод явчихдаг үзэгдэл их байна. Жишээ нь Хүрээний бүлгэмийг үүсгэн байгуулагч нь С.Данзан, Богдын шадар цэргийн захирал Л.Дэндэв гэж хоёр хүн байсан. Гэтэл Л.Дэндэв нь мартагдаад алга болчихсон байх жишээтэй.

Мөн тухайн үедээ Хүрээний бүлгэмийг “Түшмэдийн Нам”, Консулын бүлгэмийг “Ардын Нам” гэж хочилдог байсан. Манай түүхэнд бичигдэхгүй үлдсэн нэг нам нь Ноёдын Нам. 1919 оны зун байгуулагдсан болов уу гэж тооцдог. Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар, Хурц мэргэн гүн Гомбожав гээд ноёдууд цугладаг байсан учраас ингэж нэрлэсэн. Энэ мэтчилэн түүхийг гаргаж үзүүлье гэж бодсон юм.

Манай түүхэнд бичигдэхгүй үлдсэн нэг нам нь Ноёдын Нам

С.Данзангийн хувьд Монголын хөгжлийн замын маргаанд оролцоод түүнээсээ болж амиа алдсан хүн л дээ. 1921 оны хувьсгалын дараа Д.Сүхбаатар Монгол Улс тэгш журамт, баян, хүчирхэг улс болох ёстой гэсэн бол С.Данзан хөгжлийн үе шатыг алгасаж болохгүй учир хөрөнгөтний замаар явахыг санал болгосон. Харин Д.Бодоо их бага улааны ёс Монголд зохихгүй тул хэмжээт эрхт хаант улс байлгана гэсэн. Энэ маргаанууд явсаар эцэст нь С.Данзан баривчлагдаж, харамсалтайгаар амиа алдсан түүхтэй.

Тийм болохоор энэ хүний үндэслэсэн нам нь тухайн үеийн Монгол орны хөгжлийг тодорхойлсон учраас зургийг нь номныхоо нүүрэнд тавьсан юм.

 

-Тухайн үед С.Данзангийн санал болгож байсан хөрөнгөтний нийгмийн замаар манай улс замнах боломжтой байсан болов уу. Та судлаачийнхаа хувьд ямар дүгнэлт хийдэг вэ?

-Боломжгүй байсан байх аа. Түүхэнд тэгсэнсэн бол, ингэсэнсэн бол гэдэг ойлголт байдаггүй. Үйл явдал болоод л өнгөрчихөж байгаа.

Ер нь 1924 оны үед манай улсын гадаад дотоод байдал нэлээн өөрчлөгдчихсөн байсан. В.И.Ленин нас бараад Зөвлөлт Орос улсын гадаад бодлогод Коминтерний чиг шугам давамгайлахаас илүү Гадаад яамных нь чиг шугам давамгайлж байв.

Тийм ч учраас 1924 оны тавдугаар сарын эцсээр Монгол Улсыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэсэн Зөвлөлт-Хятадын гэрээ байгуулагдаж, Оросууд Хятадтай дипломат харилцаа тогтоож, Монголыг Дорнод-Хятадын төмөр замаар арилжсан шүү дээ.

Тиймээс дотоодод Зөвлөлтийн нөлөө их хүчтэй байсан үед С.Данзангийн чиг шугам дэмжигдэхгүй байсан нь тодорхой юм.

-Энэ үеийн түүх их гуйвсан, дарагдсан байдаг л даа. Та судалгаагаа хэрхэн хийв. Ямар эх сурвалжууд ашигласан бэ?

-Энэ үеийн түүхийг хоёр янзаар гуйвуулаад байна л даа. Ерээд оноос өмнө бол нэг тал руу нь мушгиж гуйвуулж байсан. Тухайн үеийн хүмүүсийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нь хасаад нэрийг нь муулаад явчихсан.

Одоо бол нөгөө тийшээгээ ханарч байгаа үзэгдэл ажиглагдаж байна. 1911 оны хувьсгалыг тэр чигт нь Богд Гэгээн хийчихсэн мэт ярьцгаагаад тэнд байсан олон Монгол ноёдын үүргийг багасгаад эхлэх жишээтэй. Барон Унгерн бол ерөөсөө Монголыг чөлөөлж байсан баатар, мундаг хүн гэж туйлшраад байх жишээтэй.

Бид нэг юмыг хатуу ойлгох ёстой. Тухайн үедээ болсон үйл явдал ямар учир шалтгаанаас болсон бэ гэдгийг ойлгож авч байх хэрэгтэй. Түүнээс биш аливаа нам, улс төрийн үзэл баримтлалыг дагаж түүхэн баримтыг гуйвуулаад байж болохгүй.

Тийм учраас энэ номон дээрээ би болсон үйл явдлын тухай архивын баримт дээр тулгуурлаж бичихийг эрмэлзсэн. Их олон үйл явдлыг гаргаж өгөхийг бодсон.

Болсон үйл явдлын тухай архивын баримт дээр тулгуурлаж бичихийг эрмэлзсэн

Би чамд нэг л жишээ ярья. 1920 оны аравдугаар сард Барон Унгерн Хүрээ рүү дайраад эзэлж чадалгүй ухарч явсан. Яг тэр үед Хүрээнд байсан Хятадууд Баронд туслаад байгаа хүмүүс гэж олон хүнийг барьж хорьсон. Үүнийг бид зөвхөн Хатанбаатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн хоёроор л мэддэг.

Гэтэл Манзушир хутагт, хүрээнд байсан Оросын хувьсгалч нарыг хүртэл барьж хорьж байсан байна. Тэгээд лам, ноёдыг барьсны дараа Ноёдын намын баригдаагүй гишүүд Хөвчийн Жонон Ван Цогбадрахын гэрт цуглаад хойшоо явсан Ардын намын долоогоос өөр найдах юмгүй болов гэлцээд тарсан баримт байна.

Тэгэхээр бид тусгаар тогтнолоо олохын тулд ноёд, түшмэд, ард, харц нь хамаагүй нийлж тэмцэж байсны жишээ энэ.

-Одоогоос яг зуун жилийн өмнө буюу 1915 онд Хиагтын гэрээ байгуулагдсан. Энэ үйл явдлыг зарим хүмүүс тэмдэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байхад зарим нь гуниг, харууслын түүх гэдэг. Та судлаач хүнийхээ хувьд энэ үйл явдлыг ямар өнцгөөс нь дүгнэдэг вэ?

-Зарим нэгэн түүхчид тэгэж байгаа л гэж дуулдаж байна. Би бол зуун жилийг нь тэмдэглээд байхаар гоё үйл явдал болсон гэж боддоггүй. 1915 оны гэрээгээр Монголчууд хоёр том цохилт амссан.

Нэгдүгээрт тусгаар тогтнолоо зарлачихсан байсан улс Хятадын автономит муж болохыг хүлээн зөвшөөрсөн. Тийм болохоор хүний харъяанд орсныхоо ойг тэмдэглэнэ гэдэг бол утгагүй хэрэг байх гэж бодож байна.

Хоёрдугаарт бүх Монгол үндэстнүүдийг нэгтгэх тэмцэл Хиагтын гэрээгээр дууссан. Өөрөөр хэлбэл дотоод Монголын мужууд Барга, Шинжааныг бид өөрсдөө авч чадаагүй. Хойд талдаа Туваг Оросын протекторат болгож Монголыг хуваасан гэрээ гэж хэлж болно л доо.

Яахав эерэг тал нь гэвэл Монголд Хятадын цэрэг орж ирж, Хятад иргэн суурьшихгүй болсон. Үнэн хэрэгтээ бол Монголчууд Оросын нөлөөний бүс болж хагас эрх чөлөөтэй байдалтай үлдсэн ийм гэрээ байгаа юм.

Бүх Монгол үндэстнүүдийг нэгтгэх тэмцэл Хиагтын гэрээгээр дууссан

Харин бид нар үнэхээр юм тэмдэглэх гээд сонирхоод байгаа бол энэ өдрүүдэд 1945 оны Ялтын бага хурлын 70 жилийн ой болж байна. 1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд болсон энэ хурлаар БНМАУ-ын статус квог АНУ, Англи хоёр хүлээн зөвшөөрч, Ф.Рузвельт үүнийг Хятадын талд мэдэгдэх үүрэг хүлээж байлаа.

Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын том үйл явдал юм. Мөн С.Данзангийн мэндэлсний ой энэ жил тохионо гэх мэт түүхэнд ач холбогдолтой жил болж байгаа.

Зүүн гар талаас Черчилль, Рузвельт, Сталин нар. 1945 оны хоёрдугаар сар, Ялта хот

-Та 1924 оноос хойшхи түүхийг өгүүлсэн гурав дахь дэвтрээ бичнэ гэж байсан. Энэ талаараа дэлгэрүүлээч?

-Гурав дахь дэвтэр ерөнхийдөө дуусч байгаа. Одоо хянан тохиолдуулж байгаа хүмүүс нь уншиж байна. Болж өгвөл хоёрдугаар сардаа багтаагаад уншигчдын гар дээр тавих бодолтой. Үүнийгээ “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт” гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл 1924-1933 оны хооронд Монголын хэргийг Коминтерн мэдэж байсан үеийн тухай түүхийг өгүүлнэ. Түүхэн үйл явдлууд нь бас л баларчихсан үе.

1928 он хүртэл Баруунтны жилүүд гэж нэрлэдэг. Баруунтан гээд байсан хүмүүс нь ямар хүмүүс байсан, юу хийцгээж байсан, юу хүсэцгээж байсан гэдгийг өгүүлсэн. 1928-1932 он бол Зүүнтний жилүүд. Монголд Социализм яаравчлан байгуулах гэж хийрхэж байсан үе. Энэ нь 1932 оны зэвсэгт бослогоор дууссан шүү дээ. 1933 оноос ЗХУ, БНМАУ хоорондоо шууд харилцахаар болж Коминтерний оролцоог хассан үйл явдал болж байсан. Тийм болохоор эдгээр түүхийг нэг үе болгож авч үзэж байгаа.

Сүүлийн дөрөвдүгээр дэвтрийг “Тусгаар тогтнол” гэж нэрлэе гэж бодсон. Энэ номонд 1934-1946 оны хооронд болж байгаа үйл явдлуудыг өгүүлнэ. Мэдээж 1934-1937 он бол их хэлмэгдүүлэлтийн жилүүд. Мөн 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн гээд 1946 онд Хятад улс манайхыг хүлээн зөвшөөрснөөр дуусгая гэж төлөвлөсөн.

-Таны номонд бусад түүхийн номноос ялгарах ямар онцлог байгаа вэ?

-Судлаачийнхаа хувьд тусгахыг чармайсан хоёр онцлог бий. Нэгдүгээрт манай түүхийг ерөнхийд нь БНМАУ-ын хилээр хаачихдаг байсан. Энэ мэдээж хөрш их гүрний сонирхол байсан байх. Энэ он жилүүдэд Буриад, Тува, Барга, Өвөр Монголд юу болж байсан бэ гэдгийг зориуд өгүүлсэн. Өөр улсын харъяанд байгаа ч гэсэн энэ бол адилхан Монголчуудын түүх.

Энэ он жилүүдэд Буриад, Тува, Барга, Өвөр Монголд юу болж байсан бэ гэдгийг зориуд өгүүлсэн

Хоёр дахь онцлог нь гэвэл миний үндсэн мэргэжил дипломатч. Тэгэхээр энэ үед Монголд болж байсан үйл явдлуудад олон улсын харилцаанд болж байсан үйл явдлууд яаж нөлөөлж байсан бэ гэдгийг тусгахыг чармайсан.

-Уншигчийн зүгээс дүгнэхэд таны ном энгийн ойлгомжтой, эссе, нийтлэл хэлбэрээр бичигдсэн байсан. Түүхч Д.Өлзийбаатар манайд түүхийн судалгааны ном их байна, сурталчилгааны ном дутмаг байгаа гэж хэлснийг санаж байна. Таны номыг олон нийтэд түүхийг таниулах зорилготой сурталчилгааны ном гэж хэлж болох уу?

-1990 оноос хойш архивууд нээлттэй болсноос хойш энэ үеийн тухай судалгааны бүтээлүүд нэлээн хийгдсэн. Тийм болохоор энэ номыг бичихэд надад их амар байсан л даа. Би олон нийтэд зориулсан буюу ямар ч мэргэжлийн хүн аваад уншихад хялбархан байхаар номоо бичье гэсэн зорилго тавьсан.

Өнөөдрийн манай залуучууд сүүлийн үеийн түүх, судалгааны материалуудыг мэдэхгүй шүү дээ. Сургуульд нь яаж зааж байсан түүгээрээ ойлгоод явчихдаг. Тийм болохоор янз бүрийн мушгилт, төөрөгдөл гарахаар түүнийг дагаж яваад байх хандлага ажиглагдаад байна. Тиймээс би өнөөдрийг хүртэл болсон үйл явдлуудыг ямар нэгэн улс төрийн нөлөөгүйгээр гаргачихъя л гэж бодсон юм.

Жишээ нь хоёрдугаар дэвтэрт МАН-ын түүх бичигдсэн байгаа. МАН-ын түүх гэдэг бол өнгөрсөн хорьдугаар зууны Монгол улсын түүх. Тэнд алдаа ч бий, оноо ч бий. Оноо нь их байсан тулдаа өнөөдөр бид тусгаар улс гээд явж байна. Алдаа байсан бол алдаануудаа хэлээд сурчихъя. Тэндээс зугтаагаад, манайд хамаагүй шүү гээд байхгүй. Оноогоо ч гэсэн хэлээд, гаргаад сурчихъя гэж бодсон. Үйл явдал зүгээр өөрөө болчихдоггүй. Хэн нэгэн асар өндөр юм уу асар муухай зорилготойгоор улсын хувь заяаг эргүүлчихдэггүй.

-МАН-ын түүхийн тухай нэг кино байдгийг бид мэднэ. “Долоон бурхан од харвадаггүй” кинонд Элбэгдорж Ренчино гэдэг хүнийг маш сөрөг байр сууринаас харуулсан. Энэ хүн чухам хэн байсан юм бэ?

-Элбэгдорж Ренчино тухайн үеийн Монголын түүхэнд нэлээн их үүрэг гүйцэтгэсэн. Сөрөг тал нь арай илүү болов уу. Тэрээр Панмонголизм үзэлтэй. Хоёр Монголыг нэгтгэхийн төлөө явдаг хүн байсан.

Ер нь Монгол Улсын түүхийг судлаад байхад ганцхан Ренчино тийм үүрэг гүйцэтгээгүй л дээ. Ялангуяа гуравдугаар дэвтэр дээр маш тодорхой гарна.

Тэр үеийн түүхийг ойлгохын тулд тэр үеийн уур амьсгалыг мэдрэх хэрэгтэй. Жишээ нь Ренчино болон тэр үед ирж байсан Коминтерний төлөөлөгчдөөс гадна ЗХУ-д зүүний хийрхэл явж байсан. Бухарины үзэл ялагдаад Сталины дангаар ноёрхох дэглэм тогтож эхэлсэн. Яг тэр үед Зөвлөлтөд болж байсан хамтралжуулах, хөрөнгө хураах хөдөлгөөн зэрэг үйл явдлууд бүгд Монголд орж ирж байсан. Энэ үеийг одоогийн бидний амьдралаас харахад ойлгоход төвөгтэй.

Тэр үеийн түүхийг ойлгохын тулд тэр үеийн уур амьсгалыг мэдрэх хэрэгтэй

Би тэр уур амьсгалыг ойлгуулахын тулд жишээ татаж байгаа юм. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн VIII их хурал дээр гарч байсан санал шүүмжлэлүүдийг уншихад л яг харагддаг. Жишээ нь “Элдэв-Очир гэж нөхөр феодалын охинтой суусан. Эхнэрийг нь эвлэлээс хөөж, өөрийг нь салахыг шаард” ч гэж байх шиг. Аль эсвэл “Цагаан сар гэж феодалын баярыг тэмдэглэхээ больвол таарна” гэх мэт. Тийм сонин нийтээрээ хийрхэлд орсон үе байсан гэдгийг ойлгож авах хэрэгтэй юм шиг байгаа юм.

-Тухайн үед Монголын эрх баригчдын дунд тэмцэл, бутрал их байснаас эрсдэлтэй нөхцөл байдлууд бий болж байжээ. Улс төрч хүнийхээ хувьд өнөөгийн Монголын эрх баригчид хэр эв найрамдалтай байгаа гэж бодож байна?

-Номондоо гаргаж хэлэх гээд байгаа санаа нь тэр л байгаа юм. Одоо бид намаараа талцаж байна. Нутаг нугаараа талцаж байна. Бүлэг фракцаараа талцаж байна.

Гэтэл түүхээ аваад үзвэл хамтраад асуудлаа шийдэж байсан үед бид онож байсан юм байна шүү. Харин ингээд хоорондоо талцаад, үзэлцээд байх юм бол гадныхны золиосонд орж байсан түүх олон юм.

Бид хоорондоо хагаралдахаараа амжилтгүй бол дуусдаг, эвлэж нэгдэхээрээ дандаа амжилтанд хүрдэг байжээ.

-Ярилцсанд баярлалаа.

Зураг
13 | 12 | 11 цаг