Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

1260 оны Айн Жалутын тулаан

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Азийн түүхэнд, үүссэн нөхцөл байдлын улмаас хоорондоо эрс ялгаатай талууд зөрчилдөх, тулалдах явдал гарч байлаа.

Үүний нэг жишээ бол МЭ 751 онд одоогийн Киргизстаны нутагт Хятадын Тан улс болон Аббасидын Арабуудын хооронд болсон Талас голын тулаан. Өөр нэг жишээ бол 1260 онд ялагдашгүй Монголын дайчид, Египетын боолууд болох Мамлюкуудтай хийсэн Айн Жалутын тулаан юм.


Нэг талд: Монголын Эзэнт гүрэн

1206 онд Монголын залуу удирдагч Тэмүүжин бүх Монгол аймгуудыг нэгтгэн Чингис хаанд өргөмжлөгдөв. 1227 онд түүнийг тэнгэрт халихад газар нутаг нь зүүн талд Номхон далайн эрэг, баруун талдаа Каспийн тэнгис хүрч байв. Чингис хааныг нас барсны дараа түүний залгамжлагчид Эзэнт гүрнийг дөрвөн хэсэгт хуваажээ: Тулуй хааны захирсан Монголын эх нутаг, Өгөдэй хааны захирсан Их Хааны эзэнт гүрэн (сүүлд Юань гүрэн болсон), Цагадайн захирсан Төв Ази, Персийг багтаасан Ил Хааны улс, Орос, сүүлд Унгар, Польшыг багтаасан Алтан Ордны улс.

Хаан бүр өөрийн газар нутгийг цааш өргөжүүлэх бодлого барьж байлаа.

Эцэстээ Чингис хааны зөгнөж байсанчлан түүний үр сад “бүх эсгий туургатныг” захирч чадсан. Мэдээж энэ нь заримдаа хэтэрч байсны жишээ нь ямар ч нүүдэлчин амьдралгүй Унгар, Польшыг байлдан дагуулсан явдал.

Ямар ч байсан бүх хаад Их Хааны захиасыг биелүүлсэн гэж үзэж болно.

1251 онд Өгөдэй хаан нас барж түүнийг Чингис хааны ач хүү Мөнх залгамжлав. Мөнх хаан өөрийн дүү Хүлэгийг Баруун өмнөд нутаг болох Ил Хаант улсыг захируулахаар илгээжээ. Тэр Хүлэгт Ойрхи Дорнод, Хойд Африк дахь үлдсэн бүх Исламын улсуудыг нэгтгэх даалгавар өгсөн байна.


Нөгөө талд: Египетын Мамлюк гүрэн

Монголчуудыг улс гүрнээ тэлэн завгүй байх үед, Исламын ертөнц Европын Загалмайтнуудын эсрэг тулалдаж байв.

1169 онд агуу муслим жанжин Саладин Египетыг эзэлж Аиюбидын Улсыг байгуулжээ. Түүний залгамжлагчид эрх мэдлээ хадгалахын тулд Мамлюк цэргийн тоог их хэмжээгээр нэмэгдүүлж байлаа.

Мамлюкууд бол дайчин боолуудын элит корпус бөгөөд голдуу Төв Азийн Түрэг эсвэл Курдууд, зарим Кавказын Христ шүтлэгтнүүдээс бүрддэг байжээ.

Залуу хөвгүүн байхад нь олзолж эсвэл худалдаж аваад цэргийн хүн болгон хүмүүжүүлдэг байв.

Мамлюк болох нь сүүлдээ нэр төрийн хэрэг болж чөлөөт Египет хүмүүс хүртэл хүүгээ Мамлюк болгохоор зардаг байсан гэдэг.

Загалмайтны Долдугаар аян дайны хүнд үед (энэ дайнаар Египетүүд Францын хаан IX Луйсыг олзолж байсан) Мамлюкууд эзэндээ тууштай үнэнч байж гол тулах хүч нь болж байжээ.

1250 онд Айюбидын султан ас-Салих Айюбын бэлэвсэн эхнэр Мамлюк Эмир Айбактай сууснаар тэр анхны Мамлюк султан болов.

Энэ бол 1517 оныг хүртэл Египетыг захирсан Бахри Мамлюк улсын эхлэл болжээ.

1260 оны үед Монголчууд Египетэд заналхийлж эхлэв. Энэ үед Бахри улсыг гурав дахь Мамлюк султан Саиф ад-Дин Кутуз захирч байлаа. Хачин тохиолдлоор Кутуз бол Түрэг (Туркмен хүн байх магадлалтай) байсан ба түүнийг Ил Хааны Монголчууд олзолж зарсан боол байжээ.


Тулааны өмнө

Хүлэгийн Исламын ертөнцийг эзлэх ажиллагаа Персийн Ассассинуудыг дарахаас эхлэв. Шиа урсгалын Исмайли бүлгийн Ассассинчууд Аламут буюу “Бүргэдийн үүр” нэртэй уулын хэрэмд төвлөрч байлаа. 1256 оны 12 дугаар сарын 15-нд Монголчууд Аламутыг эзлэн Ассассинчуудыг дарав.

Үүний дараа Хүлэг хаан Исламын зүрх болсон Багдад хотыг нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ны хооронд бүслэн байлджээ. Тэр үед Багдад бол Аббасид Халифат улсын (751 онд Талас гол дээр Тан улсын цэрэгтэй тулгарч байсан улс) нийслэл, Исламын ертөнцийн төв болж байлаа.

Халиф Багдадыг эзлэхээс өмнө бусад Исламын бусад хүчнүүд түүнд туслахаар ирнэ гэж найдаж байж. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй.

Хот эзлэгдсэний дараа Монголчууд хэдэн зуун мянган иргэдийг хороон Багдадын Их номын санг шатаав. Монголчууд Халифыг хивсэнд ороон агтны хөлд гишгүүлж алжээ.

Исламын цэцэг болсон Багдад хот сүйрчээ. Энэ бол Чингис хааны уламжлал ёсоор Монголчуудыг эсэргүүцсэн хот болгоны үздэг хувь тавилан байлаа.

1260 онд Монголчууд анхаарлаа Сирид хандуулав. Долоохон хоногийн бүслэлтийн дараа Алеппо хот эзлэгдэн хүн амын зарим хэсгийг хүйс тэмтэрчээ. Багдад, Алеппогийн уналтыг харсан Дамаск хот Монголчуудад эсэргүүцэлгүй бууж өгөв.

Одоо харин Исламын төв Кайр хот руу шилжлээ.

Сонирхолтой нь тэр үед Загалмайтны дайчид ариун газрын эрэг дагуух хэд хэдэн боомтуудыг мэдэлдээ аваад байсан байна. Монголчууд тэдэнд хандан Муслимуудын эсрэг эвсэх хүсэлт илгээв. Харин Загалмайтнуудын хуучин дайсан Мамлюкууд мөн тэдэнд Монголын эсрэг хамтрах хүсэлт илгээжээ.

Монголчууд илүү ойрын аюул гэдгийг гадарласан Загалмайтнууд төвийг сахихаар шийдсэн ч Мамлюкуудыг өөрсдийн мэдлийн газар нутгаар нэвтрүүлэхээр зөвшөөрчээ.


Хүлэг хааны сүрдүүлэг

1260 онд Хүлэг хаан Кайр хот руу хоёр элч илгээн Мамлюк султанд сүрдүүлсэн утгатай захидал хүргэв.

Уг захидалд: “Бидний илднээс зугтсан Мамлюк Кутузэд. Чи бусад улс оронд юу тохиолдсоныг санаад бидэнд бууж өгсүгэй. Бид хэрхэн асар том улс орнуудыг эзлэн, газар нутгийг нь ёс бус зүйлсээс цэвэрлэснийг чи мэдэж байгаа. Бид олон орныг эзэлж бүх хүн ардыг нь хядсан. Чамд одоо зугтах газар бий гэж үү? Ямар замаар чи биднээс дутаах гэж байна? Манай морьд хурдан, сум хурц, сэлэм аянга мэт, зориг зүрх маань уулс шиг хатуу, цэргүүд маань элсний ширхэг шиг олон билээ” гэжээ.

Үүний хариуд Кутуз хоёр элчийн биеийг нь таллан хувааж, толгойг нь Кайр хотын хаалган дээр өлгөн бүгдэд харуулав.

Кутуз дипломат харилцааг мэддэг хүн байсныхаа хувьд ингэх нь Монголчуудыг доромжлох хамгийн сайн арга гэдгийг мэдэж байсан бололтой.


Хувь заяаны эргүүлэг

Хүлэгийн элч нар Кутузд захидал хүргэж байх тэр үед Хүлэг хаанд Их хаан Мөнх таалал төгссөн мэдээ иржээ. Энэ цаг бусын үхэл Монголын язгууртнуудын дунд залгамжлах эрхийн төлөө дайн дэгдээв. Хүлэг хаан өөрөө Их хааны суудлыг сонирхохгүй байсан ч өөрийн дүү Хубилайг хаан ширээнд суулгахыг хүсч байлаа. Гэвч Монголчуудын эх нутгийг захирч байсан Тулуйн хүү Ариг Бөх их хурилдайг зарлан хуралдуулж өөрийгөө Их хаанд өргөмжлөв. Нэгэнт байдал ийнхүү ноцтой болсон тул Хүлэг хаан армийнхаа томоохон хэсгийг Азербайжаны хойд бүсэд шилжүүлж хэрвээ залгамжлагчдын хооронд дайн болвол оролцохоор бэлджээ.

Монголчуудын удирдагч дөнгөж 20,000 цэргийг өөрийн нэг жанжин Хэтбугад хариуцуулан Сири, Палестины хил дээр үлдээв.

Энэ боломжийг мэдэрсэн Кутуз ойролцоо тооны цэрэг цуглуулан Палестиныг чиглэн хөдлөв.


Айн Жалутын тулаан

1260 оны есдүгээр сарын гурванд хоёр арми Палестины Жезрилийн хөндий, Айн Жалутын баянбүрдэд тулав.

Монголчуудын давуу тал гэвэл өөртөө итгэх итгэл, мөн тэвчээртэй хүлэг морьд байв. Харин Мамлюкууд газар нутгийг илүү сайн мэддэг, мөн биерхүү том агт морьдтой байлаа.

Мөн тэдэнд гар дээрээс бууддаг галт зэвсэг байсан нь Монголчуудын морьдыг айлгаж цочоох зүйл байв. Гэхдээ энэ нь Хятадуудтай олон зуун жил дайтаж ирсэн Монголчуудын хувьд төдийлөн шинэ содон зүйл байгаагүй гэдэг.

Кутуз Хэтбугын эсрэг сонгодог Монгол тактик хэрэглэв. Мамлюкууд багахан хүчээр довтлон эргэж зугтан Монголчуудыг отоонд оруулжээ. Монголчуудын гурван талаас Мамлюк дайчид довтлон оров. Өглөөний турш Монголчууд хүчтэй эсэргүүцэн тулалдсан ч сүүлдээ ухарч эхлэжээ. Хэтбуга жанжин өөрөө зугтаж нэр төрөө унагахгүй хэмээн эцсээ хүртэл тулалдаад Мамлюкуудад олзлогджээ.

Хэтбуга жанжин тэдэнд хандан “нэг удаагийн ялалтанд бүү баяс, харин миний үхлийг сонссон Хүлэг хааны уур хилэн бадарч Азербайжанаас Египетын хил хүртэл газар Монгол морьдын туурайн төвөргөөнд чичрэх болно” гэж анхааруулсан гэдэг.

Үүнийг сонссон Кутуз Хэтбугын толгойг авчээ.

Султан Кутуз ялалтын баяраа тэмдэглэж чадсангүй, Кайр буцах замдаа өөрийн жанжин Байбарсын бүлгийнхэнд хорлогдов.


Айн Жалутын тулааны үр дагавар

Хэдийгээр Мамлюкууд Айн Жалутад хүнд хохирол амссан ч Монголын талын хохирол бүр их байлаа. Энэ ялагдлын дараа Монголчуудын нэр хүнд, өөртөө итгэх итгэл унаж эхлэв. Одоо тэд ялагдашгүй мэт харагдахаа нэгэнт больжээ.

Гэхдээ энэ ялагдлын дараа Монголчууд гэрээ хураагаад төрөлх нутаг руугаа нүүчихсэнгүй. 1262 онд Хүлэг хаан Хэтбугын өшөөг авахаар Сирид ирэв. Гэвч энэ үед Алтан Ордны хаан Бэрх Исламын шашинд орж Хүлэгийн эсрэг эвсэл байгуулжээ. Тэр Багдадыг сүйтгэсний өшөөг авахаар Хүлэгийн улс руу довтлов.

Энэ дайн Хүлэг хааны хүчийг нэлээд сулруулсан ч тэр болон түүний залгамжлагч нар Мамлюкууд руу довтолсоор байлаа.

Ил Хааны Монголчууд Кайр руу 1281, 1299, 1300, 1303, 1312 онуудад довтолсон гэдэг. Ганцхан 1300 онд тэд ялалт байгуулсан ч энэ нь богинохон настай байлаа.

Сүүлд Монголын эзэнт гүрэн задарч эхэлсэн тул 1323 онд Ил Хааны улс Мамлюкуудтай энхийн гэрээ байгуулжээ.


Түүхийн эргэлт

Яагаад дэлхийн ихэнхийг эзэлсэн Монголчууд Мамлюкуудыг огт ялж чадаагүй вэ? Түүхчид энэ оньсогыг тайлах гэж олон янзаар тайлбарладаг.

Магадгүй хамгийн энгийн тайлбар нь Монголын эзэнт гүрний дотоод зөрчил тэмцэл Монголчуудад Египет рүү хангалттай хүчтэй довтолгоон хийх боломж олгоогүй байх.

Магадгүй өндөр бэлтгэлтэй, хүчирхэг зэвсэгтэй Мамлюкууд тэдэнд боломж олгоогүй байх. Гэхдээ Монголчууд өөр нэг маш сайн бэлтгэгдсэн дайсан болох Хятадын Сүн улсын армийг бут цохиж байсныг санах хэрэгтэй.

Хамгийн өндөр магадлалтай тайлбар бол Ойрхи Дорнодын байгаль, цаг уурын нөлөө байж мэдэх юм.

Өдрийн турш зогсолтгүй байлдахад, мөн адууны сүү, мах, цусыг нь хүнсэндээ хэрэглэхийн тулд Монгол дайчин бүр 6-8 агттай байдаг байжээ. Хүлэг хааны Айн Жалутад орхисон 20,000 Монгол цэрэг гэхэд доод тал нь 100,000 агт морьдтой байсан байж таарна.

Харин Сири, Палестин бол маш их хуурай ангамал газар. Ийм тооны адууг ус, өвсөөр хангахын тулд Монголчууд зөвхөн хавар, намрын хур бороотой цагаар довтлох боломжтой. Хэчнээн хавар, намар ч гэсэн тэдэнд ус, өвс олохын тулд ихээхэн хүч гаргах хэрэгтэй болно.

Харин эсрэгээрээ Мамлюкууд Нил мөрний хөвөөнөөс Ариун газар руу өвс тэжээл богино хугацаанд тээвэрлэх боломжтой байлаа.

Эцэст нь дүгнэхэд байгаль цаг уурын хүнд нөхцөл, дээр нь Монголчуудын дотоодын зөрчил тэмцэл нь хавсарснаар Исламын үлдсэн газар нутаг Монголчуудын эрхшээлд орохоос аврагдсан билээ.

 

Эх сурвалж: asianhistory.about.com

 

Зураг
13 | 18 | 18 цаг