Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батжаргал: Бид хийгээгүй бол Лениний хөшөөний эмгэнэлт хувь тавилан давтагдах байсан

Х.Монголхатан
2015 оны 2 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

Улаанбаатар хотын төв талбайд байрлах жанжин Д. Сүхбаатарын хөшөөг шинэчилж, дахин хийх ажлыг санаачлан гүйцэтгэсэн Т.Батжаргалтай ярилцлаа.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Би хүүхэд байхын уран барималч болох авьяас сонирхолтой байсан. Есдүгээр ангидаа анх удаа дуунаас хурдан онгоцны нислэгийг хараад нисгэгч болохоор шийдсэн. Тэгээд ЗХУ-ын Фрунзе хотын Цэргийн нисэх хүчний дунд сургуульд суралцан 1987 онд дуунаас хурдан онгоцны нисгэгч болсон.

Төгсөөд Налайх дахь Зэвсэгт хүчний 137дугаар ангид МиГ-21 сөнөөгч онгоцны жагсаалын нисгэгч, 1989 оноос МИАТ, “Нисэх ТАС” компаниудад “Царцаа ногоон” хэмээх алдарт АН-2 онгоцны нисгэгчээр ажиллаж байлаа. ОХУ-ын Санкт-Петербург хотын Иргэний нисэхийн академийг 2002 онд төгсөж, Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхий менежер, Захиргаа хүний нөөц, тамгын газрын даргаар ажиллаж байна.

Ажлынхаа хажуугаар 1993 онд “Өдрийн оддын зүгт” уран сайхны кино хийж, 2005 онд “Тэнгэр эзэгнэгч” өгүүллэгийн номоо хэвлүүлсэн. Мөн “Монгол орны байгаль орчинг хамгаалах, нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд Ерөнхий зориулалтын нисэхийн хүч оролцоог нэмэгдүүлэх нь”, “Монгол Улсад цэрэг иргэний нислэгийн хөдөлгөөний бодит ажиглалтын нэгдэн сүлжээг бий болгох нь” гэсэн хоёр сэдвээр судалгааны ажил хийж байна.

-Нисгэгч, нисэхийн менежер хүн яаж яваад баримал руу орчихов?

-Нас ахиад хүүхдүүд том болоод амьдрал ахуй цэгцрээд завтай болоод ирэх үед багын авьяас сонирхол маань сэргэсэн. Анх Буянт-Ухаад Чингис хааны морьт хөшөөг босгох ажлыг удирдсан.

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2010 онд боссон Шадар ван Чингүнжавын морьт хөшөө, Улаанбаатар хотын төв талбайд байрлах Жанжин Д.Сүхбаатарын хөшөө, МУИС-ийн өмнөх Х.Чойбалсангийн хөшөө, Булган аймагт 2012 онд Цогт хунтайжийн хөшөө, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд Монгол Улсын анхны нисгэгч Д.Жамбаа агсны цээж баримлыг 2014 онд босгоход гар бие оролцлоо.

-Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр өчигдөр тохиосон. Та хөшөөг нь шинэчилж хийх ажлыг санаачилж, зохион байгуулсан тухайгаа яриач?

-Би Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг шинэчлэн дахин хийх ажлыг санаачлан зохион байгуулж, төсөв төлөвлөгөө, скиз загварыг нь хийлцэж, улс төрийн шийдвэр гаргуулж чадсаны дүнд МАН-ын 90 жилийн ойгоор хүлээлгэж өгсөндөө баяртай байдаг. Орчин үеийн технологи, материалаар дахин шинэчилж хийсэн нь урлагийн, түүхийн, улс төрийн талаасаа Хөшөөг шинэчлэхийн өмнө асар их ач холбогдолтой хөшөө юм.

Сүүлийн үед хэн дуртай нь амандаа орсноо бурах болсон цагт Д.Сүхбаатар жанжныг муучлах, үгүйсгэх, түүхийг гуйвуулах, хөшөөг нүд үзүүрлэх байдал гаргаж байна. Энэ нь цаанаа эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол Улсыг үгүйсгэх, ямар нэг улсын дагавар болгох гэсэн гаднынхны гар хөл бологчдын уваагүй бодлого цухалзаж байгаагийн илрэл. Бид энэ ажлыг хийгээгүй бол Лениний хөшөөний эмгэнэлт хувь тавилан давтагдах байсан.

1991 онд Ардчилсан хувьсгалын үеэр Д.Сүхбаатарын хөшөөг Эрдэнэт үйлдвэрээс хүрэл аваад дахин хийх тухай яригдсан ч ажил болоогүй.

Харин 2008 оноос шинэчлэх тухай яригдаж, Хойд солонгост нэг юань 140 төгрөгтэй харьцаж байхад 2,5 тэрбум төгрөгөөр хийх төсөл гарч ирсэн ч Засгийн газар хэтэрхий өндөр өртөгтэй байна гээд саналыг нь буцаасан юм билээ.

-Та харин гурав дахин бага зардлаар бүтээсэн биз дээ?

-Би 2011 онд нэг юань 250 төгрөгтэй тэнцэж байхад 800 сая төгрөгт багтаан хүрэл, байгалийн боржин чулуун хийцээр хийх төсөв гаргаж танилцуулсан.

Монголын нэг номерын уран барималч А.Очирболдтой хамтран Жанжны хөшөөг шинэчлэн хийх төсөв гаргаж, төлөвлөгөөгөө боловсруулаад Нийслэлийн зүүний хүчний холбооны дарга Д.Гантөмөрт санал тавьсан.

Бид хоёр санал нэгдээд тухайн үеийн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан У.Хүрэлсүх дээр орсон юм. Эхний удаад У.Хүрэлсүх дарга жаахан эргэлзэж байсан ч дараагийн удаад бидний ажилд итгэсэн. Тийм ч болоод нийтлэлч Баабар “Хүрэл Сүхбаатар” гэж нэрлэсэн нь үнэхээр оносон гэж боддог.

-Төслийг чинь дэмжихдээ ямар нэг амлалт авсан уу?

-“Та муу хоёр яг хийж чадна биз?” л гэж асуусан. Тэгээд нэг сарын хугацаанд скиз загвараа боловсронгуй болж, төсөв төлөвлөгөө, ажлын графикаа гаргаж ирэхийг үүрэгдсэн. Дараа нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг оролцуулсан хурал болж Ардын хувьсгалын 90 жилийн ойг угтан Төр нийгмийн нэрт зүтгэлтэн жанжин Д.Сүхбаатарын хөшөөг дахин шинэчлэхдээ анхны зохион бүтээгч С.Чоймбол агсны загварыг огт өөрчлөхгүй хийх даалгавар өгсөн.

Нийслэлээс тендер зарлаж, хэд хэдэн уран барималч өрсөлдсөн ч манай төсөл ур хийц, үнийн санал, цаг хугацаагаараа хамгийн сайн байсан учраас ялсан. Мөн Маршал Х.Чойбалсангийн хөшөөг хамтад нь шинэчилж хүрэлдэх ажлыг хийхийг үүрэгдсэн. Биднийг зохион байгуулж, ажлыг гардан удирдуулахаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Гантөмөрийг сонгосон.

-Тэгээд та бүхний ажил хаанаас эхэлж байв?

-А.Очирболдын ахласан уран бүтээлчид хөшөөнөөс нэг мм алдаагүй маш сайн хэв авч анхны гипсэн загварыг нь гаргасан. Морьтой хөшөө болон тойрон байрладаг 14 шавар арсланг чулуугаар зорж хийх ажлын эх загварыг манай уран бүтээлчид хийгээд авч явсан. Бээжингийн хүрэл цутгуурын үйлдвэрт хийлгэсэн.

Манайд тухайн үед хүрлийн үйлдвэр нээгдсэн байсан. Гэхдээ үйлдвэрлэлийн үйл явц нь жигдрээгүй байсан учраас арай үнэтэй хийгдэх юм билээ. Хөвсгөлийн Алаг-Эрдэнээс улаан боржин чулуу, Төв аймгийн Эрдэнээс цагаан саарал боржин чулуу авах төлөвлөгөөтэй байсан боловч тендер явагдаж, шийдэх гэсээр байтал өвлийн улиралтай золгож карьерууд хаагдаж, чулууны олдоцгүй болсон. Шат гишгүүр их бага суурийн чулуун хавтангуудыг бүгдийг нь урдаас авчирсан.

Ер нь БНХАУ-д хүрэл цутгуурын маш олон үйлдвэр байдаг, хямд чанартай учраас дэлхийн олон орны шилдэг уран барималчид тэнд уран бүтээлээ хийдэг юм билээ.

-Хөшөөг шинэчлэх ажил 2010 оны аравдугаар сараас 2011 оны хоёрдугаар сарыг дуустал өвлийн улиралд хийгдэж байсныг санаж байна. Хэцүү зүйл олон байсан уу?

-Манай хүмүүс таван сарын хугацаанд маш их хичээж ажилласан. Чулуун суурийн ажлыг хийхдээ том эсгий туурга дээврээр хэсэгчилсэн асар барьж, онгоцны халаагч авчирч халаах гэх мэтээр хэвийн ажиллах боломжийг бүрдүүлсэн Босоо суурийн ёроолд Монголын бүх аймаг сум хороо дүүргээс газар нутгийн шорооны дээр авчирч шүншиглэж хийсэн.

Монголчууд, биднийг дэмжиж хүн бүр идэвх зүтгэл гаргасны дүнд чадварлаг уран барималчид, чулуучид чулууны сийлбэрчид нэгдэн энэ том ажлын ард гарсан. Барилгын ажил зогссон идэр есийн хүйтэн тачигнасан үед бид ажлаа хийсээр 2011 он хоёрдугаар сарын 28-нд бэлэн болгосон.

-Хөшөөгөө босгочихоод хүлээлгэж өгөөд зогсож байхад танд бахархалтай санагдсан биз?

-Энэ бол үнэхээр том бүтээн байгуулалт юм. Өнөөгийн Монгол Улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс болсон түүхэн үйл явцыг дархлаажуулсан баяртай байдаг.

2012 оны наадмаар төр засгаас үнэлж намайг  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, уран барималч А.Очирболдыг алтан гадас одонгоор шагнасан.

-Та хамгийн сүүлд Монгол Улсын анхны нисгэгч Д.Жамбаа агсны хөшөөг өөрийнхөө хөрөнгөөр босгосон гэсэн үү? 

-Би 2013 оны нэгдүгээр сард намын харьяаллаар хэлмэгдэж ажилгүй болсон хүн. Ажилгүй болгоод зогсохгүй намайг шоронд хийх гэж өчнөөн гүтгэсэн. Би нэг жилийн хугацаанд зөрчигдсөн эрх ашиг, гутаагдсан нэр төрөө хамгаалж 15 удаа шүүхдсэнээс нэг ялагдаж, 14 ялан ажилдаа эргэн орсон. Энэ  бол Монголын шүүхийн практикт байхгүй явдал болсон.

Энэ үед би 1937 онд хэлмэгдсэн Монгол Улсын анхны нисгэгч Д.Жамбаа агсны хөшөөг өөрийн хөрөнгөөр босгосон. Энэ хүн 1936 онд зүүн хязгаараар цөмөрч ирсэн Япон, Манжийн эсрэг баатарлаг тэмцэж байсан ч хувьсгалын эсэргүү, Японы тагнуул гэсэн хилс хэргээр 1937 оны аравдугаар сарын 25-нд буудуулсан.

Гэтэл түүнд үр хүүхэд удам угсаа байхгүй учир мартагдан үлдэх нь эмгэнэлтэй байв. Тиймээс энэ хүний алдар гавьяаг мөнхжүүлэх гэж хөшөөг нь босгосон. Цаашид Монгол Улсын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө гавьяа байгуулсан ч алдар нь мөнхжилгүй мартагдах гээд байгаа хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх ажил хийнэ.

Ирэх жил Лувсанжамбаа партизаны баримлыг хийнэ. Энэ хүн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд оролцож, Хатанбаатарын цэрэгт мордож, баруун хязгаар Ховдыг чөлөөлж явсан. Бас 1921 оны ардын хувьсгалд оролцсон алдартай хүн юм.

Зураг
Зураг
13 | 18 | 18 цаг