АНУ дэлхийн эдийн засгийн 20 хувийг дангаараа эзэлдэг бол, тус улсын нийт баялгийн 90 хувийг эх орныхоо нэрийн хуудас болсон компаниуд нь бүтээдэг гэсэн сонирхолтой судалгаа байна. Харин манай орны хувьд ДНБ-ний 77 хувийг МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг шилдэг 150 аж ахуйн нэгж бүрдүүлдэг.
Эдгээрээс MSC, МАК, Ньюком, Бодь, Монполимет зэрэг 10 гаруйхан компанийн сүүлийн таван жилд төлсөн татвар 2.2 их наяд төгрөг буюу 2013 оны нэгдсэн төсвийн 31.4 хувийг бүрдүүлжээ.
Үүнээс үзвэл аливаа улс орны эдийн засаг үндэсний хэдэн компанийнхаа ажилтай орлоготой байх, эсэхтэй шууд хамааралтай болдог зах зээлийн зарчим манайд ч мөн бий болжээ.
Энэ нь төр, хувийн хэвшлийнхнийг хүссэн ч, үл хүссэн ч түншлэхээс аргагүйд хүргэж байна. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед улс орны эдийн засагт чухал оролцоотой том компаниудыг салбар салбараар нь төрөлжүүлэн, нэгдэн нийлж үйл ажиллагаа явуулахыг төрийн бодлогоор дэмжих нь энэ цаг үед хамгийн зөв гарц гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Улсын төсөв нь уул уурхай зэрэг хэдхэн салбараас хараат болсон манай орны хувьд бүх зүйлийг гаднын хөрөнгө оруулагч нарт даатгаж, тэднээс орж ирэх хэд гурван ам.долларт алгаа тосон найр тавих нь улс орны хөгжлийн алсын хараатай бодлого биш гэдгийг өнгөрсөн жилүүдийн сургамж баталсан.
Гэтэл бид өнөөдрийг хүртэл үндэсний компаниудаа дэмжихээсээ илүүтэй гаднынхнаас бэлэн валют орж ирэхийг хүлээдэг бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салах дургүй хэвээр л байна. Гаднын гэсэн бүхэнд Монгол хүмүүс дуртай, үндэсний компаниудаа үл ойшоосоор ирсэн. Харин өөр бусад улс орнууд үндэсний компаниудаа гаднынхнаас дорд үзвэл эх орноосоо урвасантай адилтгах хэмжээнд ойлгодог.
Ялангуяа Азийн бар гэгддэг улс орнуудын хөгжлийн түүхээс үзвэл тэд өнөөдрийн биднийхээс ч илүү хүнд хэцүү, хоолтой хоолгүй цаг үеийг туулан өнгөрүүлсэн.
Ийм үедээ зөвхөн өөрсдөдөө итгэж, өөрсдөө бүтээн байгуулж, өөрсдийнхнийгөө л дэмжиж чадсанаар өнөөдөр эх орныг нь хөгжилд хүргэсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний компаниудыг төрүүлж чаджээ.
Үндэстнийхээ дэмжлэгийг хүлээж, нэгдэн нийлж хүчээ нийлүүлж дэлхийн брэнд болсон олон компаниар улс орнууд нь нэрийн хуудсаа хийдэг.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр улс орнууд биш акул, гигант хэмээн нэрлэгдсэн ийм компаниуд улс орноо төлөөлөн өрсөлддөг. Акулын тулаанд жараахай оролцдоггүй.
Харамсалтай нь өнөөдөр дэлхийн зах зээлд өөрийн гэсэн акулгүй Монгол Улс жараахай шиг л жижигдэж байна. Дэлхийд өрсөлдөгч болохын тулд бид “акул”-тай байх ёстой. Ийм “акул”- ыг төрүүлж, өсгөж бий болгосон цагт л Монгол дэлхийн зах зээлд өрсөлдөж чадна.
Монголд том жижиг 70 орчим мянган аж ахуйн нэгж бий. Тэдний 150 нь өнөөдөр ТОП хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Монголын зах зээлийн түүх хоёрхон аравнаар хэмжигддэг. Гэхдээ энэ бол бизнесийн түүхээ бий болгосон компаниудын хувьд туршлага хуримтлуулсан урт хугацаа.
Үндэсний хэд хэдэн компани олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийн эхнээсээ амжилттай хөл тавьж байна. Энэ бол олон улсын стандарт, шаардлага, шалгуурыг Монголын компани дааж, давж чадаж байгаагийн баталгаа.
Монголд том жижиг 70 орчим мянган аж ахуйн нэгж бий.
Цаашлаад дэлхийн хэмжээнд өрсөлдөх нэг даваагаа давлаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголд бяцхан “акул”-ууд мэндэлчихээд байгаа. Харин одоо тэднийг өсгөж өндийлгөж аварга болгоход төр бодлогоор дэмжиж, нэгдэж нийл үүлэх шаардлагатай болов.
Өнөөдөр Монголд “монополь” компанийг жинхэнэ утгаар нь бий болгох хэрэгтэй байна. Ялангуяа эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хувийн хэвшлийнхэн бүгд том, жижиг гэлтгүй бүсээ чангалсан.
Ийм үед “акул”-ыг төрүүлэх тухай асуудал хөндөх нь цаг үеэ олоогүй байж болох ч одоо л үндэсний том компаниуд нь хүчээ нэгтгэн томорч чадвал зах зээлээ гаднынхнаас хамгаалаад зогсохгүй хамтын хүчээр хүндрэлийг даван туулах боломж бийг гаднын улс орнуудын туршлага харуулж буй юм.
Өнөөдөр үндэсний компаниуд хоршиж нийлэх нь байтугай аль улсын харьяалалтайгаасаа үл хамааран өөр хоорондоо хувь эзэмшлээрээ нэгдэн нийлэх замаар үйл ажиллагаа, цар хүрээгээ томруулах болсон. “Рио Тинто”-гоос эхлээд дэлхийн гигант компаниуд үйл ажиллагааныхаа салбар, чиглэлээр даяаршлагдаж буй.
Ялангуяа уул уурхай, дэд бүтэц зэрэг их хэмжээний хөрөнгө оруулалт, том тоглолт шаарддаг салбарт манай компаниуд нэгдэж нийлж чадвал дэлхийн хэмжээнд ч томрох боломж бий.
Ганцхан зөв бодлого, зах зээлийн оновчтой зохицуулалтыг л хүсдэг.
Хувийн хэвшлийнхэн тэр дундаа үндэсний том компаниуд төр засгаас мөнгө гуйдаггүй.
Ганцхан зөв бодлого, зах зээлийн оновчтой зохицуулалтыг л хүсдэг. Том компаниуд нэгдсэнээр монополь болно гэсэн айдас байдаг. Гэтэл өнөөдөр монополь гэдгийг зөвхөн Монголдоо төсөөлдөг, Монгол дахь өрсөлдөөнөөр ойлгодог цаг өнгөрөөд байна.
Дэлхийн зах зээл даяаршлагдаж, дэлхийн өрсөлдөөн улс орны хэмжээнд биш, үндэсний том “акул” компаниудын хооронд өрнөж буй энэ үед Монголчууд биш, жижиг зах зээлийнхээ хэмжээнд сэтгэж, компаниудаа нэгдэн нийлж томрохоос айсаар суух нь зах зээлийн өрсөлдөөнөөс хол хаягдахад хүргээд байна. Одоо бид монополийг Монголоороо биш, харин дэлхийн хэмжээнд хүлээн авах цаг болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|