ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаар дамжуулан үзүүлж буй үйлчилгээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг. Гэвч үнэт цаасны, цахим мэдээллийн сан ашигласны, интернэтийн түрээсийн, хэвлэгч машины хорны, эд ангийн элэгдлийн зардлуудыг улсын төсөвт суулгаж, үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлага тулгараад байгаа. 

Энэ асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. 

Хуралдаанаар ТҮЦ машинаар хүргэж байгаа үйлчилгээний хөлсийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу тогтоож байхыг холбогдох байгууллагын удирдлагуудад даалгалаа. 

Мөн ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг холбогдох хуулийн дагуу хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлж, гарах зардал болон орлогыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайдад, ТҮЦ машинаар зөвхөн хууль тогтоомжид заасан буюу нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо харилцаа, эрчим хүч болон бусад байгууллагын үйлчилгээг хүргэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдээллийн систем бий болгох,” “Иргэдийн өргөдөл, гомдлын мэдээллийн ухаалаг тайлангийн систем” төслүүдийг хэрэгжүүлж төрийн үйлчилгээг орон даяар жигд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор 2014 оны тавдугаар сард нийт 108 ТҮЦ машин байршуулж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. 

Өнөөдрийн байдлаар ТҮЦ машинаас 21 нэр төрлийн үйлчилгээ авч байгаа бөгөөд 485 мянган иргэн үйлчлүүлээд байна. Сүүлийн нэг жилийн тооцоогоор ТҮЦ машинаар үйлчлүүлсэн иргэд 4.8 тэрбум төгрөг, нэг иргэн 1 цаг 40 минут хэмнэжээ.