УИХ 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр Газрын тосны тухай хуулийг шинэчлэн баталсан билээ. Уг хуулийн дагаж мөрдөх журмууд, бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг боловсруулах ажлын хэсэг Уул уурхайн яаман дээр байгуулагдан ажилласан бөгөөд эдүгээ дуусах шатандаа оржээ. Ажлын хэсгийн гишүүн, Уул уурхайн яамны Түлшний бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, доктор А.Пүрэвтэй энэ сэдвээр ярилцлаа.
-Уул уурхайн яамнаас “Эрдэс баялаг 2025” нээлттэй хэлэлцүүлгийг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье.
-Уул уурхайн яам өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 15-нд “Эрдэс баялаг 2025” нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Энэ жил хоёрдугаар сарын 11-нд зохион байгуулахаар манай яаман дээр Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуунаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.
Хэлэлцүүлгийг “Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Орон нутагтай харилцах асуудал”, “Салбарын томоохон төслүүд”, “Салбарын өрсөлдөх чадвар” гэсэн үндсэн сэдвүүдээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-Монгол Улсын уул уурхайн гол бүтээгдэхүүний тоонд зэс, алт ордог байсан бол сүүлийн хэдэн жил нүүрс нэмэгдсэн. Тэгвэл газрын тосны олборлолт сүүлийн хоёр жилд огцом нэмэгдэж, эдийн засагт үзүүлэх нөлөө нь мэдэгдэхүйц болж ирлээ. Манай уншигчдад газрын тосны салбарын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
Улмаар 1998 оноос олборлолтын үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн хугацаанд нийт 3.6 сая тонн газрын тос олборлож, 3.41 сая тонн газрын тос экспортлоод байна.
Газрын тосны нийт орлогоос 805 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. 2012 онд 452.8 мянган тонныг олборлож, улсын төсөвт 103.56 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2014 онд 941 мянган тонн газрын тос олборлож, улсын төсөвт 290 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Улс орны эдийн засагт үзүүлэх нөлөө нь жил ирэх бүр өсөж байгаа гэдгийг энэ үзүүлэлтээс харж болно.
-3.6 сая тонныг олборлож, 3.41 сая тонныг экспортолсон гэхээр 199 мянган тонны зөрүү гарч байна. Энэ тосыг дотооддоо авч үлдсэн гэсэн үг үү?
-Тиймээ. Одоогийн байдлаар олборлосон бүх тосоо 100 хувь экспортолж байгаа. Мэдээж олборлолт, экспорт яг адилхан байна гэж байхгүй шүү дээ. Зарим тос нь экспортлогдоогүй саванд хадгалагдаж байдаг. Өмнө нь харин ачилт, буулгалтаас зөрүү гардаг асуудал байсан.
Олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа гурван талбайн хоёр дээр нь цэвэрлэх байгууламжуудыг байгуулсан. Нэг талбай дээр цэвэрлэх байгууламж барих ажил хийгдэж байна.
Газрын тосны нийт орлогоос 805 тэрбум төгрөг Улсын төсөвт төвлөрүүлжээ.
Олборлосон газрын тосыг цэвэрлэх байгууламжаар оруулж, ус, хий, механик хольцоос нь салгаж, цэвэр таваарын тос бэлтгээд гаргадаг болсон. Мөн ачилт, буулгалтыг хэмжилтийг ижил аргаар хэмждэг болсноос хойш зөрүү гарах асуудал бараг байхгүй болсон гэж ойлгож болно.
-Манай улс газрын тосны хэр их нөөцтэй вэ?
-Монгол Улс 332.6 сая тонн Геологийн баталгаат нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 42.4 сая тонн бөгөөд нэмэгдэх боломжтой нөөц юм. Газрын тосны хэтийн төлөв бүхий 31 талбай ялгаснаас, 21 талбайд, 19 гэрээлэгчтэй бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулан ажиллаж байна. Эдгээр 21 БХГ-ний гурав нь ашиглалтын шатанд шилжсэн байгаа. Тосон-Уул XIX, Тамсаг XXI, БХГ 97 гэрээт талбайн хэмжээнд нөөц тогтоогдсон. Харин бусад талбайн хувьд хайгуулын ажил эрчимтэй явагдаад шинээр нөөц илэрсэн тохиолдолд нөөц нэмэгдэнэ гэсэн үг.
Одоогоор Галба XI талбайд газрын тос илэрсэн, хараахан нөөцөө тогтоогоогүй байна. Мөн Тосон-Уул XIX талбайн 3 блокын нөөцийн зэрэглэл ахиулах, өөрөөр хэлбэл магадтай зэрэглэлийн нөөцийг баталгаат зэрэглэл болгон ахиулахаар тайлангаа ирүүлээд байна. Шинжээчид ажиллаж байгаа. Удахгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулах байх.
-Аливаа хууль цаг үеэ даган байнга шинэчлэгдэж, сайжирч байх ёстой. 1991 оноос хойш хэрэгжсэн Газрын тосны тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт та ажилласан. Энэ талаар яриагаа үргэлжлүүлье?
-Газрын тосны тухай хуулийг шинэчлэх ажил 2009 оноос эхтэй. Тухайн үеийн Эрдэс баялаг эрчим хүчний яам тус хуулийг шинэчлэн боловсруулах анхны ажлын хэсгийг байгуулан ажиллаж байсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа Ажлын хэсэг дахин байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Миний бие эдгээр Ажлын хэсэгт орж, хуулийн төсөл, үзэл баримтлал дээр ажилласан.
Ер нь бол Газрын тосны хуулийн үзэл баримтлал хоёроос гурван ч удаа өөрчлөгдсөн. Нэлээн судалгаа ч хийгдсэн, олон улсын зөвлөхүүдтэй хамтарч ажилласан, олон улсын туршлага судалсан. Мөн сонгууль болж Засгийн газар шинэчлэгдсэн гэх мэт цаг хугацаа нэлээд алдсан байх.
-Шинэ хуулийн гол онцлог нь юу вэ?
-Өмнө нь хэрэгжиж байсан буюу 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хууль гурван бүлэг, 15 зүйлтэй маш ерөнхий хууль. Харин шинэ батлагдсан хуулинд газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмын зарим заалт, бүтээгдэхүүн хуваах гэрээний зарим чухал заалтуудыг багтаан хуульчилж өгсөн.
Монгол Улс 332.6 сая тонн Геологийн баталгаат нөөцтэй.
Тухайлбал, өмнө нь зөвхөн гэрээн дээр байдаг байсан “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах үндсэн нөхцөл”-ийг хуульчилж өгсөн. Мөн Нөөц ашигласны төлбөрийн асуудал 1991 оны Газрын тосны хуульд тусгагдаагүй байсан бол шинэ хуульд оруулж өгсөн. Мөн уламжлалт бус газрын тосны асуудлыг шинээр оруулсан гэх мэтчилэн олон асуудлыг шинэ хуулиар зохицуулахаар тусгасан байгаа.
Хайгуул, ашиглалтын хугацаа, тусгай зөвшөөрлийн асуудал гэх мэтчилэн өмнөх хуулиас өөрчлөгдсөн асуудлууд ч их байгаа. Олон улсын туршлагыг нэлээд судалж, хуулинд олон асуудлыг зохицуулахаар тусгасан. Ингэснээр есөн бүлэг, 45 зүйлтэй болж батлагдсан байгаа.
-Заавал авах ёстой нөөц ашигласны төлбөрийн тухай заалт хуучин хуулинд байдаггүй байсан гэж үү?
-Үүнийг гэрээгээр зохицуулдаг байсан ч зарим гэрээнд нь байгаагүй. Харин Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгад роялтийг 5-15%-д хэлбэлзэж байхаар тусгасан. Уламжлалт бус газрын тосны тухайд нөөц ашигласны төлбөр 5-10%-д хэлбэлзэхээр байна. Гэрээ хийхдээ энэ интервалд хэлэлцээ хийж тохиролцоно гэсэн үг.
Өмнөх хуулиар Монгол Улсад байрладаг компаниуд орлогын албан татвар төлөөд Монгол Улсад байрладаггүй компаниуд орлогын албан татвар төлдөггүй байсан. Шинэчилсэн найруулгад газрын тосны салбарт орлогын албан татварыг байхгүй болгосон.
Өөрөөр хэлбэл, Монголд байрладаг компаниуд ч орлогын албан татвар төлөхөөргүй болгож зохицуулсан. Нэгэнт Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, роялти авахаар болж байгаа болохоор орлогын албан татвар шаардлагагүй юм. Орлогын албан татвар нь бүтээгдэхүүн хуваалтаар Засгийн газарт ногдох хэмжээнд орсон гэж ойлгож болно.
Үүнээс гадна бас нэг чухал заалт орсон нь гэрээ байгуулах үеийн татварын орчинг гэрээ үргэлжлэх хугацаанд өөрчлөхгүй байхаар татварын хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр гэрээ нь тогтвортой байдлын гэрээний шинжтэй болж, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх хөшүүрэг болж өгсөн гэж хэлж болно.
-Ашиглалтын хугацаа өөрчлөгдсөн үү?
-Газрын тосны ашиглалтын үндсэн хугацааг өмнө нь 20 жил, үүнийг тав таван жилээр хоёр удаа сунгаад /20+5+5/ нийтдээ 30 жилийн хугацаа олгодог байсан бол шинэ хуулинд уг хугацааг 25 жил, үүнийг таван жилээр 2 удаа сунгаад /25+5+5/ нийт 35 жил болгосон байгаа. Харин уламжлалт бус газрын тосны тухайд ашиглалтын хугацаа 30 жил дээр, таван жилээр нэг удаа сунгаад /30+5/ нийт 35 жил болсон.
“Петрочайна” компани арван хэдэн жил туршилтаар олборлолт явууллаа гэж баахан яригдсан. Тиймээс шинэчилсэн найруулгад цооногийн олборлолтын туршилтын хугацааг 180 хоногоос хэтрэхгүй байхаар заасан.
Тэгэхээр туршилтаар олборлож байна гээд олон жил олборлолт явуулахгүй гэсэн үг. 180 буюу хагас жилийн хугацаанд туршилтын олборлолтоо явуулаад, энэ хугацаанд хэр өгөөжтэй ажиллав, олборлолтын хэмжээ ямар байв, геофизикийн судалгаа бүрэн хийгдсэн үү гэхчилэнгээр цооногийн потенциалыг тогтооно. Үүнийг хугацаандаа багтааж хийгээд, туршилтын олборлолтоо зогсоох ёстой.
-Хуульд маш олон шинэ зохицуулалтууд оржээ. Агуулга нь үлэмж томорч, хамрах хүрээ нь ч өргөжиж?
-Тийм ээ. Хэд хэдэн том зохицуулалтууд орсон. Тухайлбал, Уламжлалт бус газрын тосны асуудал, гэрээлэгчийг сонгон шалгаруулах 12 үндсэн нөхцөлийг хуульчилсан. Хууль хэрэгжээд эхэлсэн учраас одоо хөрөнгө оруулагчид дээр дурдсан 12 үндсэн нөхцөл дээр тулгуурлан, сонгон шалгаруулалтад оролцоно гэсэн үг юм. Түүнээс гадна хөрөнгө оруулагчдад хууль эрхзүйн илүү ойлгомжтой, ил тод нөхцөл бүрдүүлэх талаар анхаарсан хэд, хэдэн заалт орсон.
Хуучин хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад хөрөнгө оруулагч компани гэрээ байгуулах гэж Засгийн газрын хуралдаанаар гурван удаа хэлэлцүүлдэг, олон шат дамжлага дамжиж, хэдэн жилээр саатах явдал гардаг байсан. Шинэ хуулиар Засгийн газраар нэг л удаа хэлэлцүүлдэг болгож, шат дамжлагад тодорхой хугацаа тавьж өгсөн нь аль аль талдаа тодорхой болж, төрийн байгууллагуудын чиг үүрэг ч ойлгомжтой болсон.
-Хуучин буюу 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуульд “Гэрээлэгч компани нь баталгаат нөөцийн 20-иос доошгүй хувийг олборлох техникийн бололцоотой байна” гэсэн заалт байсныг шинэ хуулинд оруулаагүйн учир юу вэ?
-Хуулийг боловсруулж байх явцад бусад олон улсын ижил төстэй хуулиудыг судалсан. Олон улсын зөвлөхүүдийн санал зөвлөгөөг авсан. Ингээд үзэхэд “Нөөцийн тэдэн хувийг заавал олборло” гэж хатуу тоо тавьж хуулиндаа тусгадаг практик олон улсад байдаггүй юм билээ. Өөрөөр хэлбэл, гэрээлэгч компаниудад шууд “Геологийн баталгаат нөөцийн 20-оос доошгүй хувийг ашигла” гэж тулгах нь маш бүдүүлэг хэрэг гэдгийг олон улсын зөвлөхүүд хэлж байсан.
Газрын тосны салбарт олборлолтын хувь хэмжээ нь тухайн ордынхоо нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг. Геологийн тогтцын хувьд “сложный” тектоник шилжилт хөдөлгөөнд их орсон, олборлоход төвөгтэй манай улсын хувьд хатуу тоо тавьж өгөх нь буруу юм. Тухайн ордынхоо онцлогоос хамаарч янз бүр байна.
Гэхдээ хуулинд зааж өгөөгүй ч гэсэн олборлолтын хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бид “баталгаат нөөцийнхөө тэдэн хувийг ашигла”, “техник технологио сайжруул” гэх зэргээр өөрсдийн шаардлагаа тавих нь мэдээж, шаардлагаа тавьж ч байгаа. Орд ашиглах төлөвлөгөө буюу ТЭЗҮ-дээ ямар техник технологи ашиглах, баталгаат нөөцийн хэдэн хувийг ашиглах гэх мэтчилэн тодорхой тусгах юм.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар нь өдөр тутмын хяналт, шаардлагаа тавьж ажиллаж байгаа.
-Шинэ хууль уламжлалт газрын тосны салбарын эрхзүйн орчныг шинэчилж сайжруулаад зогсохгүй уламжлалт бус газрын тосны салбарын өрсөлдөх чадварыг сайжруулснаараа маш дэвшилттэй болсон гэж үнэлэгдэж байгаа?
-Уламжлалт газрын тосны салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь шинэ хуулийн гол зорилго байсан.
Уламжлалт бус газрын тос гэдэгт байгалийн битум, шатдаг занар, тослог элс, нүүрсний давхаргын метан хий ордог. Өмнө нь огт хууль эрх зүйн зохицуулалтгүй байсан уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалт шинэ хууль батлагдсанаар зохицуулалттай болсон.
-Шинэ хуульд байгаль орчныг хамгаалах чиглэлээр ямар, ямар зүйл заалтууд орсон бэ?
-Газрын тосны салбар уул уурхайн бусад эрдэс баялгийг бодвол байгаль орчинд учруулах хор нөлөө нь харьцангуй бага. Гэхдээ шинэ хуульд гэрээлэгч компани хайгуулын үед тухайн жилийн хайгуулын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед бол борлуулалтын нийт орлогынхоо нэг хувийг эскроу дансанд байршуулж байх заалтыг оруулж өгсөн.
Гэрээлэгч компани нөхөн сэргээлт хийсэн тохиолдолд дансанд байршуулсан мөнгөө авч болно, харин үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд байршуулсан мөнгөөр нь нөхөн сэргээлт хийнэ гэсэн үг.
-Хоёр улсын хил дамнасан орд илэрсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг хуульд тусгаж өгсөн үү?
-Шинэ хуульд, улсын хил дамнасан газрын тосны хуримтлал бүхий хураагуур, орд тогтоогдсон тохиолдолд Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулах заалт орсон байгаа. Улсын хил, блок дамнасан газрын тосны хуримтлалууд илрэх магадлал Монголд маш өндөр.
Хайгуулын хоёр талбай дамнасан байдаг ч юм уу, эсвэл Хятад, Монголын хил дамнасан байдаг ч юм уу. Ийм тохиолдолд хоёр улсын Засгийн газар хоорондын “unitization agreement” буюу “хамтарсан гэрээ” байгуулдаг. Тиймээс олон улсын энэ жишгийн дагуу хил дамнасан газрын тосны хуримтлал бүхий хураагуурт маш нухацтай хандах ёстой болж байгаа.
-Улсын хилийн зурваст газрын тосны нөөц илэрвэл яах вэ?
-Улсын хилийн зурваст газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэж байхаар тусгасан. Энэ бол чухал заалт. Хилээс дотогш хоёр километрт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахыг Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрдөггүй.
Гэхдээ БНХАУ хилдээ тулгаад ашиглалтын маш олон цооногууд өрөмдөн, олборлолт хийж байна. Тиймээс бид хил орчимдоо юу байгааг, ямар бүтэцтэй, ямар хураагуур, хуримтлал байгааг мэдэх нь маш чухал.
Өнөө үед технологи өндөр хөгжиж байна. Манайх газрын тосоо доод, дээд Зүүнбаян, Цагаан цав формацуудаас ойролцоогоор 900-2600 метрээс олборлож байна.
Хилийн цаанаас энэ хэмжээний гүнд хэвтээ цооногоор өрөмдөөд олборлолт хийх бүрэн боломжтой. Бид судлаагүй, юу ч мэдэхгүй байхад нөгөө талаас судлаад, олборлолт хийж байвал яах вэ гэж хардаж болох юм. Ийм явдал гараагүй ч энэ нь онолын хувьд боломжтой гэсэн үг. Тийм болохоор хий дэмий хардахгүйн тулд судалгааг сайн хийх шаардлагатай.
-Хууль батлагдсаны дараа хуулийг дагасан журмууд, мөн бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар боловсруулах ажил эхэлсэн. Энэ ажил ямар шатанд явж байна вэ?
-Хууль батлагдсанаас хойш “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах” журмыг баталлаа. Манай яамны цахим хуудаснаас энэ журамтай танилцаж болно. Бусад журмууд үндсэндээ боловсрогдоод дууссан. Засгийн газраас батлах журмууд байгаа. Засгийн газраас батлах учир яамдаас санал авдаг. Энэ ажиллагаа үргэлжилж байна.
-Ажлын хэсгээс боловсруулж буй Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Энэ ажил ямар шатанд явж байгаа вэ?
-Монголд Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар байсан боловч албан ёсоор баталгаажуулаагүй байсан. Мөн өмнөх 1991 оны хуулинд нийцүүлэн гаргасан байсан тул өнөөдөр шууд мөрдөх боломжгүй, шинэ хуульд нийцүүлэн албан ёсоор баталгаажуулах шаардлагатай болсон.
Шинэ хуулинд Засгийн газрын баталсан загвар гэрээн дээр үндсэн нөхцөлүүдээ тохироод, хэлэлцээр хийж, гэрээ байгуулахаар заасан. Тиймээс өмнө нь байгуулсан 21 гэрээтэйгээ харьцуулж, мөн олон улсын жишгийг судлан Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг шинээр боловсруулсан. Мэдээлэл, санхүү, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, өртөг нөхөгдөх болон нөхөгдөхгүй зардал зэрэг олон асуудлыг тодорхойлж загвартаа тусгаж өгсөн.
-Загварт тодорхой болгож өгсөн гээд байгаа асуудлуудыг жаахан тодруулахгүй юу?
-Жишээлбэл, хөрөнгө оруулагч компани нэг талбай дээр 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж бодьё. Тэд мэдээж, олборлосон газрын тосноосоо энэ бүх зардлаа нөхнө гэж үзнэ.
Харин бид зарим зардлуудыг мэдээж, нөхөхгүй. Тиймээс нөхөгдөх, нөхөгдөхгүй зардлуудыг тодорхой болгож өгсөн. Орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулдаг зарчим олон улсад байдаг. Орон нутагтай харилцан ойлголцоогүй, гэрээ байгуулаагүйгээс иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, ажил явуулахад хүндрэлтэй болох тохиолдол гардаг учраас гэрээ байгуулдаг. Энэ жишгийг дагасан.
Манай улс жилд 1,2 сая тонн орчим нефть бүтээгдэхүүн импортоор авч хэрэглэдэг.
Ер нь бол, Монгол Улс газрын тосны салбарыг хөгжүүлэх гээд байгаа нь шатахууны хараат байдлаасаа гарах туйлын зорилготой. Манай улс жилд 1,2 сая тонн орчим нефть бүтээгдэхүүн импортоор авч хэрэглэдэг. Бид шатахууны хараат байдлаас гарахын тулд эхлээд газрын тостойгоо болж авах хэрэгтэй. 2014 онд 940 мянган тонн газрын тос олборлосон, Монголын талд ногдох ашигт тосоороо дотоодын хэрэгцээгээ хангана гэвэл хаанаа ч хүрэхгүй.
Тиймээс Монголоос олборлосон газрын тосны гэрээлэгчид ногдох хэсгийг Монголын Засгийн газар давуу эрхээр зах зээлийн үнэ нөхцөлөөр худалдаж авахаар заалт оруулж өгсөн. Мэдээж, дэлхийн зах зээлийн үнээр.
Дээрээс нь нэмээд эрэл хайгуул хийж, нөөц, олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч компани, орон нутаг гурав хоорондоо ойлголцож, нягт хамтран ажиллаж байж л бид газрын тосны салбараа хөгжүүлж, хараат байдлаас гарч чадна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!