Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Байгал нуурын усны түвшин буурчээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Байгал нуурын усны түвшин буурсан нь ОХУ-д түгшүүрийн дохио болоод байна. Дэлхийн хамгийн том цэвэр усны нөөц (20%) гэгддэг Байгал нуурын усны түвшинг доод тал нь далайн түвшнээс дээш 456 метр байлгах стандартыг Оросын засгийн газар тогтоосон байдаг гэнэ.

Гэтэл одоо энэ түвшнээс дөнгөж 8 см-ын дээр байгаа нь сүүлийн 60 жилийн хугацаан дахь хамгийн багад тооцогдож байгаа үзүүлэлт юм.

Буриадын эрх баригчид одоогоор нуурын эрэг хавийн тосгон суурингуудад цэвэр усны хомсдлын онцгой байдал зарлаад байгаа гэнэ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үүнд Ангар мөрөн дээр баригдсан усан цахилгаан станцууд гол нөлөө үзүүлж байгаа юм байна. Ангар мөрөн бол Байгал нуураас эх авдаг.

Харин Ангар мөрөн дээр хэд хэдэн усан цахилгаан станц ажиллаж байдаг аж.

“Байгал нуурын усны түвшин багасах тусам станцуудад илүү их эрчим хүч үйлдвэрлэх нөхцөл үүсдэг. Харин энэ сонирхол нь экосистемд хохирол учруулж байна” гэж “Хил Хязгааргүй гол мөрнүүд” байгууллагын зохицуулагч Александр Колотов ярьжээ. Энэ байгууллагад Орос, Хятад, Монгол, АНУ-ын байгаль орчны төлөө тэмцэгчид нэгддэг юм байна.

Ирэх долоо хоногт ОХУ-ын засгийн газрын онцгой хуралдаан болж цаашдаа усан цахилгаан станцуудын ажиллагааг хэрхэн зохицуулах асуудлыг хэлэлцэнэ гэж тэр ярилаа.

Усан цахилгаан станцуудаас гадна цаг уурын хуурайшилт бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж Гринпис байгууллагынхан дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: Rappler.com